Орост хэн жаргалтай вэ? Хойд хөршид нийлүүлэх махны квотын онигоо....

2015 оны 9 сарын 15

Хэргийн эзэн, хэнгэргийн дохиуртай зам нийлэн алсын замд аяны жолоо сунгав. Гадаад харилцааны сайд болсноосоо хойш хэл үгэнд орооцолдсоор ирсэн хэдий ч хэн нэгэнд тайлбар тавьж “жижигрээгүй” энэ нөхөр хориод хүн ажлаас нь халсан, хол, ойрдоо мартагдан, тоосонд дарагдаад удсан хилийн чанад дахь харилцаагаа Монголын талаас сэргээх шийдвэртэй алхмуудыг удаа дараа хийж, дэлхийн нүдийг “эрээлжлүүлээд” амжсан этгээд эр. Түүний Москвад хийж буй албан ёсны айлчлал есөн жилийн өмнө тасарсан гэж хэлж болох амьд харилцааг сэргээх зорилготой. Тодруулбал, Монголын талаас салбарын сайд нь Орост айлчлалгүй есөн оныг үдэж, Оросын гадаад харилцааны сайд манайд айлчлалгүй 10 жилийг алгассан аж.

 

Дипломат нүүдэл

 

Өнгөрсөн 20-иод оны турш Москваг алгасан нисч, гуравдагч хөрш хэмээх гоёмсог амбицдаа хөтлөгдөн чамирхсан монголчууд хаяа нийлсэн нөлөө бүхий хоёр том гүрнээ өөр нүдээр харан өөриймсөх болсон нь үнэн юм. Гэвч хийн хоолой зэргээс эхлээд бараг л оройтож ирсэн эл ухаарлаа ажил хэрэг болгоход багагүй хүчин чармайлт хэрэгтэй нь мэдээж. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн энэ удаа мөн л хөтөлбөрт байхгүй гэнэтийн үйлдэл хийж, Москвад хөл тавьмагц цэрэг цагдаагийнхныг нь сандчуулан В.Ягодагийн цэцэрлэг байсан, эдүгээ тусгай хамгаалалттай газар орших монголчуудад зориулан босгосон хэлмэгдэгсдийн хөшөөг зорилоо.

 

Тэртээ долоон аравны өмнө, Орос, Монгол гэж ялгалгүй хэлмэгдүүлэн хороож байсан гашуун түүхийг сануулан, хүний нутагт халуун амь, бүлээн цусаа урсгасан монгол залуусынхаа өлмийд мэхийхээр шуударсан түүний энэ алхам Кремлийн зүрхэнд хүрч, зорьсон зорилгоо атгах гэсэн дипломат нүүдэл гэж би хувьдаа олзуурхав.

 

Хэдийгээр сүүлийн үед монголчууд орос анд нарыгаа оргүй мартсан нь үнэн боловч бидэнд зовлон жаргал, алдаа оноогоо хуваалцаж явсан он жилүүд байдаг гэдгийг хэн хэний маань сэтгэл сэрж санах учиртайг Л.Пүрэвсүрэн ийнхүү онцолсон хэрэг.

 

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар хийж буй түүний энэ айлчлал соёл урлаг, бизнес эдийн засаг гэхчлэн бүх талын харилцаагаа шинэ нөхцөл байдалд бодит утгаар нь эргүүлэн олж авах гэсэн алсын санаатай, холын хожоотой. Эл зорилгын хүрээнд В.Путин, Ц.Элбэгдорж нарын Москвад хийсэн уулзалтын үеэр хөндөж ярилцсан асуудлуудыг ажил хэрэг болгох боломж бас энэ юм.

 

Талын зам, таанын үнэртэй монгол мах....

 

ОХУ-ын төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон С.Лавров, Л.Пүрэвсүрэн нарын уулзалт халуун дотно, харилцан санагалзсан байдалд өрнөсөн гэдгийг онцлох нь зөв болов уу. Уулзалтыг сурвалжлахаар Оросын “Итар-Тасс” зэрэг томоохон хэвлэл мэдээллийнхэн, Хятадын хэвлэлийн төлөөлөгчид ирсэн нь хоёр орны харилцаа хаашаа хэрхэн эргэхийг анхааран ширтэж буйн илрэл гэж хэлж болно.


С.Лавров, Л.Пүрэвсүрэн нар олон улсын байдлыг хөндөн ярилцаж, Сири, Украйны асуудал дээр саналаа нэгтгэсэн агаад, үүний дараа Монголын талынхан асуултын тэмдгээр дүүрэн ганзагалаагаа задлав. Бидний найдан хүсэж буй, Монголын нутгаар дайран өгөөжөө өгөх Талын зам, монгол малын махыг хойд хөршийн зах зээлд нийлүүлэх асуудал, соёл урлагийн харилцаагаа урьдын адил бүх талаар нээлттэй болгож, шинэ монголчуудад шинэ Оросыг таниулах, оюутны сургалтын хөтөлбөрийг эрчимжүүлэх, хоёр орны биз­несийнхэнд хамтран ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг олон талын хэрэгцээг хөндөн, өргөн хүрээнд илэн далангүй ярилцсан бөгөөд уулзалт хоёр цаг гаруй үргэлжлэв. Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн ОХУ-тай хамтран ажиллах хүрээнд санал болгосон бүхнийг С.Лавров найрсаг угтан, зарим чухал санаануудыг тэмдэглэн авахын зэрэгцээ “Төсөл, хөтөлбөрөө Монголын талаас танилцуулбал оросын талаас татгалзах зүйл үгүй, дэмжин ажиллана” гэдгээ тодорхой хэлж байлаа. Монголын талынхны ганзагалаанд ирсэн олон асуулт ч бас эндээс хариултаа олов. Хэрэв бид идэвхтэй санаачилгатай байвал Оросын тал хэн хэндээ өгөөжтэй, нээлттэй харилцааг эрхэмлэх нь тодорхой ажээ. Үнэндээ түүхийн ээдрээт нугачаанд монголчууд бид л ах нарыгаа түлхсэн нь үнэн юм. Хаалга савж, хазахаас наагуур нүүрээ буруулсан нь эргэн санахад элэглэмээр нөхцөл байдлыг үүсгэсэн нь бас үнэн. Гэвч их мөрөн гэдэг энүүхэнд эргээ халин догширдоггүй аж.


Уулзалтын эцэст Талын зам нэртэй төсөл дараагийн хэлэлцээрийг хүлээн нээлттэй үлдэж, монгол малын мах болон бусад манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Оросын тал ямар нэгэн хэмжээ хязгаар тавилгүйгээр зах зээлдээ нэвтрүүлнэ гэдгээ шийдвэртэй мэдэгдсэн.


Нөгөө талаар уулзалтын гол өгөөж нь өнгөрсөн жилүүдэд үүссэн зарим нэг улс төрийн гацааг цэгцлэх талаар амжилттай яриа өрнүүлсэн явдал хэмээн албаныхан үзэж байв.

 

Транзит тээвэр, хамтарсан үйлдвэрүүд, их өр...

 

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн болон ХАА-н сайдтай уулзаж, гүйцэтгэх шатанд барьцаа лавшруулахаар шамдах нь айлчлалын багийнхны дараагийн ажил хэрэгч алхам байв. Тиймээс ч Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн өдөртөө багтан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донскойтой товлосон уулзалтандаа яарлаа.

 

Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын дарга эл эрхэмтэй олон талт яриа өрнүүлсэн. Өнөө жил болох тус комиссын XIX хурал, ирэх жил тохиох хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэх, төмөр зам, тээврийн хамтын ажиллагаанд ахиц гаргаж, транзит тээврийн хэлэлцээр байгуулах, хамтарсан үйлд­вэрүүдийн менежментийг сайжруулах зэрэг хүлээгдээд удсан олон асуудлыг айлч­лалын үеэр шавдуулан хөндөв. Үүнээс гадна их өрийг шийдсэн талаарх хамгийн сүүл­чийн хэлэлцээрийг ОХУ-ын төрийн Дум-ээр соёрхон батлуулах сонирхолтой байгаа­гаа Монголын Гадаад харилцааны сайд илэрхийлсэн. Хоёр орны хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр ч бас айлчлалын гол зорилгуудын нэг байсан бөгөөд энэ тал дээр ахиц гарсан хэмээн С.Лавров, Л.Пүрэвсүрэн нар үзжээ. ОХУ-ын талаас С.Лавров НҮБ-ын хүний эрхийн сонгуульд Монгол Улсыг дэмжихээ илэрхийлснийг энд мөн дурдъя.

 

Квот бас дахин квотын онигоо...

 

Харин Л.Пүрэвсүрэнгийн ОХУ-ын ХАА-н дэд сайд С.Левинтэй хийсэн уулзалт монгол махны экспортыг лавшруулан хөндсөн. Монголын талын бүрэлдэхүүнд багтсан, ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд эл шийдвэрлэх уулзалтын үеэр төрийн хүний амаас гарамгүй, ямар ч судалгаа, баримтгүй, ам дамжсан мэдээлэл ярьж, хоёр талын төлөөлөгчдийн нүүрийг улайлгав. Орост мах экспортлох гэхээр хатуу хяналт тавьдаг, квот тогтоодог, зөвхөн үхрийн мах авна гэж цамаархдаг гэхчлэн монголчууд бидний хувьд ч ойлгомжгүй байсаар ирсэн мэдээллийг албан ёсны айлчлалын үеэр Н.Ариунболд орос хэлний хэлмэрчийн тусламжтайгаар “ээрч мууран” байж өгүүлсэн нь С.Левиний гайхшралыг төрүүлж амжжээ.

 

“Танай тал мэдээлэлгүй байгаа юм байна. Манай яамны цахим хуудас руу ороод харвал үнэн бодит мэдээллийг авах бүрэн боломжтой” гэж Н.Ариунболдын алдааг С.Левин залруулсан агаад энэ нь уузалтын уур амьсгалыг илэрхий “мэргэжлийн бус” байдалд тэрүүхэн зуур аваачсаныг хэлэх хэрэгтэй. Салбар хариуцсан яамны төрийн нарийн бичгийн дарга нь Ангарагаас ирсэн мэт ийм нэгэн хэл усгүй, хэ­цүүхэн нөхөр байсанд хэвлэлийнхнээс эхлээд ичсэн гэж жигтэй. Гайхсан гэж янзтай. Юутай ч уулзалтын үр дүн энэ мэт бэрхшээлийг эс тооцвол гайхалтай гэж үнэлж болохоор байлаа. Энд зарим мэдээллийг дурдахад 1980 онд монголчууд 22 сая малтай байх үедээ 40 мянган тонн мах, 5,6 сая малыг хөлөөр нь Орост нийлүүлж байжээ. 2013 онд 24 мянган тонн мах экспортолж, 2014 онд эл тоо 10 дахин буурч, 2.4-хэн тонн махыг хойд хөршдөө гаргасан аж.


Эдүгээ оросуудын ямар нэг байдлаар гаднаас нь авч буй мах кг нь 3.0 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд Москвад 10 ам.доллараар хэрэглэгчдэд хүрдэг аж. Монголын талаас уулзалтын үеэр Оросын ХАА-н хяналтын газраас нэг хүн томилон манайхаас нийлүүлэх махны асуудлыг хянуулах хүсэлт тавьсан боловч “Монголоос мах орж ирэхгүй байгаа юм чинь бас нэг хүн цалинжуулж, зардал гаргаж томилох шаардлага одоохондоо алга” хэмээсэн хариулт сонсов.

 

С.Левин уулзалтын төгсгөлд нэг зүйлийг маш тодорхой хэлсэн бөгөөд “ОХУ-ын зүгээс эдийн засгийн харилцаатай орнуудаа квоттой, дунд зэрэглэлийн квоттой, огт квотгүй гэ­сэн гурван ангилалд хуваадаг. Монгол Улс Орос орны хувьд квотгүй буюу чөлөөт харилцааг эрхэмлэдэг орон байсаар байгаа” гэж онцлон дурдсан нь ил далд, ээдрээтэй олон асуултад өгсөн албаны хүний хариулт байлаа. Хэрэв монголчууд хүсвэл, хичээвэл, монгол малын махыг бэлтгэж чадсан хэмжээгээрээ, ямар ч квотгүйгээр ОХУ-ын бүх мужуудад адуу, үхэр, хонь гэж ялгалгүй нийлүүлэх асуудал нээлттэй байсан, одоо ч нээлттэй гэдгийг ОХУ-ын төрийг төлөөлөн С.Левин мэдэгдлээ. Буруу мэдээлэл, ташаа ойлголтоос үүдэлтэй, магадгүй хэл мэдэхгүй зарим төрийнхний эндүүрлээс эхтэй “ОХУ-д мах нийлүүлэх боломжгүй, тодорхой квотод захирагдаж, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай” гэх олон жилийн “дарамттай” мэдээллийн хариу ийнхүү эндээс олдов.

 

Орост хэн жаргалтай вэ?

 

Зориод очиход ганзага хоосон, гар сул буцаадаггүй хөршдөө бид эрхлэлгүй уджээ. Элдвийн асуудлаа хуваалцалгүй хүнийрхэн давхисаар өчнөөн хугацааг өстэй мэт баржээ. Дам мэдээ, даажинтай цаг үе, хөршөө солих гэсэн хөндүүр санаа, дипломат харилцаандаа мэргэжлийн бус хандаж ирсэн хэнэггүй зан, гу­равдагч хөршийн төлөөх уралдаан энэ бүхний цаана бий. Төрийн дампуурал, мэргэжлийн бус байдал ч бас нөлөөтэй. Харин хойд хөршийнхөн маань нөгөө л давс, талхаа бариад угтдаг янзаараа, дассан сурсан зангаараа аж. Арга ч үгүй юм. Бидэнд хамтдаа туулсан, алдсан, оносон, хэлмэгдсэн, төөрсөн олон зууны түүх бий. Москва голын уснаа монгол эрийн цус дусч, Халх голд орос цэргийн цус урссан тэр л гашуун, гайхам түүхийг бид бүтээсэн. Орост хэн жаргалтай вэ? Оросыг зориод очиход хаалга нь нээлттэй, харилцаа, ханилгаа нь ээлтэй гэдгийг ухаарч чадвал энэ асуултын хариулт өөрөө ирэх буй заа. Тэгээд ч хүний хуучин, дээлийн шинэ нь гэж үг бий.

 

Орос будаа, орос элсэн чихэр, орос дугуй булант хэмээн эндүүрч, урд хөршид ууталж, савлан, Оросын нэрийг зээлдсэн бүтээгдэхүүнд хууртаад явдаг “өргөн хэрэглээний” алдаагаа дипломат харилцаандаа давтахгүй юмсан гэх бодолтойгоо хамт албаны сурвалжлагаа дуусгасан маань энэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25142
0 эможи
keyboard_arrow_up