Засаг бүрдлээ
Сар орчим сунжирсан зургаан сайдын томилгоог УИХ эцэслэснээр яамд удирдлагатай болж, Засаг бүрдлээ.
Шинээр томилогдсон сайдуудаас хамгийн их завгүй ажиллах хүн Сангийн сайд Б.Болор болж байна. Улсын төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 580 тэрбум төгрөгөөр тасарсан, оны эцэст 1 их наяд төгрөгт хүрнэ гэх тооцоолол бий. Хүндрэлээс гарах арга замыг шинэ сайд бүсээ чангалж, зардлаа танахаас эхлүүлнэ гэж тайлбарлаж байна. Тиймээс 2015 оны төсвийн тодотголыг боловсруулах хүрээнд төрийн албаны хэмжээнд зардлыг бууруулах, царцаах ажиллагаа хийгдэх нь зайлшгүй боллоо.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы нэн тэргүүнд хийх ажлыг сөрөг хүчнийхэн нь сайд С.Эрдэнийн хууль бус томилгоог залруулахаар эхлүүлэхийг заасан бол Шадар сайд Ц.Оюунбаатар зудад бэлтгэнэ. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ салбарын бодлогыг чамбайруулах амлалт өгсөн бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг сайд асан Д.Оюунхоролын сайн ажлуудыг үргэлжлүүлнэ, мөн Ногоон хөгжлийг дэмжих чиглэлд тодорхой бодлого боловсруулахаа мэдэгдсэн юм.
Зам тээврийн сайд М.Зоригтод УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд экспортын төмөр замтай болоход анхаарахыг хүссэн. Ээлжит бус чуулганаас хийсэн сайдын томилгоог тоймлоё.
Ц.ОЮУНБААТАР: АЛДААГ ЗАСАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь дэмжин баталсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн бүлгээс сайдад нэр дэвшсэн гишүүдэд хандаж “Шударга ёс эвсэл Таван хувьсгалаа таван сайдын суудлаар сольсны шалтгаан юу байв” гэдгийг тодруулахыг хичээж, хариулт шаардлаа.
Шадар сайд Ц.Оюунбаатар “Сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө байгаа. Тавантолгой, Оюутолгой дээр зөрчил бий, хуулийн ч асуудал бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх замаар биш, алхам алхмаар урагшлуулах ёстой. Хөрөнгө оруулагч болоод Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой. Сайд болоод 180 градус өөрчилчихнө гэж чадахгүй, Тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана” гэх хариулт өгсөн юм.
Ч.САЙХАНБИЛЭГ: БИ ТАНИАС Л ИЛҮҮ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ
Сайд нараа томилуулахаар хуралдаанд оролцож байсан Ерөнхий сайд, мөн сайдад нэр дэвшигчид хандаж Х.Болорчулуун гишүүн “Эсэргүүцэж байсан хүмүүс давхар дээл өмсөж сайд болж байна. Эдийн засгийн хямралтай үед аж ахуйн чадвар муутай, эх орноо гэсэн сэтгэл муутай хүний харьяанд ажиллах болсноо мэдэж байгаа юу, сайдад нэр дэвшигчид ээ. Ерөнхий сайд та Дубайд очоод Оюутолгойн гэрээг улам муутгасан. Энэ том ордоос монголчууд 5 хан хувийн ашиг хүртэж байна. Далд уурхайн зардлыг 3-4 дахин нэмсэн. 2016 оноос Монгол Улс 3 их наяд төгрөгийн өр төлнө, 2017 оноос 6 их наядын өр төлнө. Улсын төсвийн 100 хувьтай тэнцэх өр төлнө. Эх орноо хайрла л даа”.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Х.Болорчулуун гишүүн ээ, Оюутолгойн гүний уурхайн асуудал зургаан сайдтай холбоогүй. Бүтээн байгуулалттай холбоотойгоор 1.2 тэрбум ам.долларын хэтрүүлэг гарсан, гэхдээ маш олон давуу талыг бүтээн байгуулалттай холбоотойгоор хийсэн. Оюутолгойн төслийг явуулаагүй учраас 3.2 тэрбум доллар орж ирэх боломжийг хаасан, үүнээс болж долларын ханш 2000 төгрөгт хүрсэн. Таниас илүү би эх орондоо хайртай учраас Оюутолгой дээр шийдвэрээ гарсан. Үүн дээр УИХ-ын, Х.Болорчулуун гишүүний зөвшөөрөл авах шаардлагагүй.
2009 онд гэрээ нь зурагдсан, үр ашгаа олон олон жил өгөх байх. Ард нь алдаж байгаа 3.2 тэрбумын хариуцлагыг хэн үүрэх юм. Миний үгийг дуугай сонсоод суу. Оюутолгойн асуудлыг тусад нь ярина. Та нарын ганцхан сэдэв энэ” гэх хариулт өгсөн юм.
Гэвч “давхар дээл”-ийн асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дахин тавьж, сайдад нэр дэвшигчдийг дэмжихгүйгээ илэрхийлсэн юм. Мөн түүний тодотгосноор УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар л сайд бололгүй үлдсэн байна.
САЙД Н.БАТЦЭРЭГТ ШАХАЛТ ҮЗҮҮЛЭВ
УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилохыг гишүүдийн 88.1 хувь дэмжин батлав. Сайдаар томилогдохынх нь өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Мэргэшсэн албан хаагчдыг тогтвортой ажиллуулаарай. Д.Оюунхорол сайд сайн ажилласан, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг батлуулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, Ойн тухай хуулийг батлуулсан. Зайсангийн газрын асуудлыг шийдсэн гээд яривал олон зүйл бий. Л.Болд гишүүн ч сая энэ тухай ярилаа. Бодлогыг нь цааш нь үргэлжлүүлж ажиллахад анхаараарай” гэсэн юм. Гэвч УИХ-ын гишүүн Д.Арвин “Өнгөрсөн хаврын чуулганаар Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль батлагдсан. Хууль нь бэлээхэн байхад яам нь зөвлөл байгуулаад шалгах гэж явсаар алтны компаниуд шалгалт хүлээгээд ажлаа хийж чадахгүй байна.Төрийн ийм хүнд сурталд Ерөнхий сайд ч анхаарах ёстой. Намын үүрийн даргаар тавьсан томилгоог засаарай. Засахгүй бол шахна, шаардах болно” гэсэн байр суурь илэрхийлж, халаа сэлгээ хийхийг шаардав.
Б.БОЛОР: БҮСЭЭ ЧАНГАЛЖ, ЗАРДЛАА БУУРУУЛНА
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг гишүүдийн 91.7 хувь дэмжин, батлав.
Энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятад улсыг зорих болж байгаагаа хэлсэнд ундууцах гишүүд цөөнгүй байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайд аа, гадаад яваад асуудал шийдсэн нь хаа байгаа юм. Зөндөө л явж байгаа биз дээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан “Сайд нарын нэрийг өргөн мэдүүлэлгүй хоног алдчихаад, одоо болохоор яарах нь зохисгүй байна” гэж байлаа. Гэвч Ерөнхий сайд ажлаа хойшлуулах боломжгүй тул Шадар сайдад сайдын томилгоог шилжүүлэн хуралдааныг орхиж гарсан юм.
Сангийн сайд хийх ажлынхаа эхэнд 2015 оны төсвийн тодотгол байгааг онцлоод хүндрэлээс бүсээ чангалж, зардлаа бууруулж гарахаа мэдэгдсэн юм.
Харин Ч.Улаан гишүүн Сангийн яаманд халаа сэлгээ хийж бужигнуулалгүй мэргэжлийн албыг хэвээр хадгалж үлдэх нь энэ хүнд цаг үед тустай гэдэг зөвлөгөөг өглөө.
САЙД З.БАЯНСЭЛЭНГИЙГ Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН ХАМГААЛАВ
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилохыг гишүүдийн 93.1 хувь нь дэмжсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сайдад нэр дэвшигчийг өмгөөлж, байр сууриа илэрхийлэв. Тэрээр “З.Баянсэлэнгэ гишүүн бол Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн хуульч хүн. Чингэлтэй дүүргийн гэр хороололд амьдарч байгаа нь давуу тал. Зайсанд амьдарч байгаа сайдаас илүү энэ салбарын зовлонг ойлгох хүн. Өөрийн тань өмнө олон эмэгтэй гишүүн сайдаар ажилласан. Барьж авсан ажлаа хийсэн шиг хийдэг юм. Таны очих салбарын дэд сайд нь эмэгтэй, хамтраад олон бүтээн байгуулалтын ажлын үр дүнг үзнэ гэж найдаж байна” гэсэн юм. Бусад гишүүд З.Баянсэлэнгэ гишүүнийг асуултаар ороосонгүй, кнопоо дарав.
Мөн Зам тээврийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн М.Зоригтыг гишүүдийн 87.6 хувь дэмжиж томилсон юм.
ХӨДӨЛМӨРИЙН САЙДАД ХИЙХ АЖЛЫГ НЬ ЗААВ
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3 хувь нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилохыг дэмжив. Тодруулбал, санал хураалтад 58 гишүүн оролцсоноос 57 нь дэмжиж кноп дарснаар хамгийн өндөр дэмжлэгийг хүлээсэн юм.
Гэхдээ сайдаар томилогдохынх нь өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн халаа сэлгээг хуульд нийцүүлж засах ёстой” гэсэн даалгаврыг өгсөн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сайд С.Эрдэнэд хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “С.Эрдэнэ гэх балиар нөхөр асуудлыг хутган үймүүлсэн. Хөдөлмөрийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч болонгуутаа хууль ёсны ажилтай хүмүүсийг бүгдийг ажлаас чөлөөлсөн. Энэ заваан зүйлийг засах ёстой. С.Эрдэнэд үүнийх нь төлөө хариуцлага тооцох ёстой, огцруулах асуудлыг ч ярих ёстой” гэсэн юм.
Сайдад нэр дэвшигч Г.Баярсайхан “Тангараг өргөсөн төрийн албан хаагч тогтвортой ажиллах ёстой. Очоод судална, цаашид ийм үйл ажиллагааг хийхгүй. Хууль зөрчсөн байх юм бол засна” гэх амлалт өгсөн юм.
Ийнхүү Шийдлийн Засгийн газар бүрдэв. Ерөнхий сайдыг оролцуулаад тус Засгийн газар 19 гишүүнтэй, үүнээс Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар “дан дээл”-тэй бусад 16 нь “Давхар дээл”-тэй сайдууд болж байгаа юм. Одоо урагшаа харж ажиллах л үлдлээ.