Элчин сайд Н.Батаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда (Andrzej Duda )-д итгэмжлэх жуух бичгээ 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өргөн барив. Ёслолын ажиллагааны дараа Ерөнхийлөгч А.Дуда элчин сайдыг хүлээн авч уулзан баяр хүргэсний хариуд элчин сайд талархал илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав.
Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалтын тэгш зарчим үйлчлэх болсныг Элчин сайд онцлон дурдаад монголын уул уурхайн салбарт төдийгүй мал аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарт хамтарч ажиллахыг Польшийн талд уриалав. Бизнесийн болон иргэдийн хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Польшийн тал ДТГ-аа Улаанбаатарт ойрын ирээдүйд нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа элчин сайд тэмдэглэв. Хоёр орны эдийн засаг, бизнес, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа Ерөнхийлөгч А.Дуда мөн илэрхийлжээ.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанаас гадна олон улсын тавцанд, үүний дотор Энхийг сахиулах ажиллагаа болон НҮБ-ын хүрээнд харилцан дэмжих, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.
Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда нь 2015 оны 8 дугаар сарын 6-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа бөгөөд Монгол Улсын Элчин сайд түүнд Итгэмжлэх жуух бичиг барьсан гадаад орны анхны Элчин сайд нь боллоо.