Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томиллоо
Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилж гишүүдийн 98.3 хувь саналаа өглөө. Хуралдаанд нийт 58 гишүүн оролцсоноос 57 нь дэмжсэн юм.
Сайдад томилогдохынх нь өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр дэвшигчид хандан “МАН-аас томилогдсон зургаан сайдыг чөлөөлсний дараа С.Эрдэнэ сайд 11 аймгийн Хөдөлмөрийн газрын даргыг чөлөөлсөн. Өмнөх сайд нь хуульд нийцүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлд хандаж, сонгон шалгаруулалт зарлаад томилсон томилгоо байсан. Энэ асуудлаар бид Ерөнхий сайдад хандаж, хууль бус томилгоог хуульд нийцүүлэхийг шаардсан. Энэ асуудал юу болж байгаа бол. Г.Баярсайхан гишүүн ээ, та сайдаар томилогдохоороо ийм хууль бус шийдвэрийг өөрчлөх үү”.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Тангараг өргөсөн төрийн албан хаагч тогтвортой ажиллах ёстой. Очоод судална, цаашид ийм үйл ажиллагааг хийхгүй. Хууль зөрчсөн байх юм бол засна.
УИХ дээрх томилгоог хийснээр бүтэн сарын турш үүрэг гүйцэтгэгчтэй байсан яамд сайдтай боллоо.
УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг өндөрлүүлэх үеэрээ Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцэх болохыг онцоллоо. Тэр өдөр дээрх хуультай холбогдуулан УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан байх юм.