Р.Бурмаа сайд зөвхөн “Цандэлэгийн синдром” биш, талх иддэг хүн бүрийн синдром боллоо

2015 оны 9 сарын 08

    Р.Бурмааг өмөөрч ханалаа. Одоо үнэхээр “өлсөж” байна. Тээр жил гэхэд дэндүү ойрхон 2009 оны намар Оюутолгойн гэрээ ч зурагдаж, Атрын гуравдугаар аян ч амжилттай өрнөж нэг их халгиж цалгин “үсрэнгүй” хөгжиж билээ. Тухайн үеийн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нь 255.5 мянган га газраас үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ёстой. Урьдчилсан балансаар 355.5 мянган тонныг хураах нь гээд ярьж байсан нь зүүд мэт санагдана.

Тиймээ, атрын III аяны дүнд  буюу 2012 оны эцсээр манай тариаланчид дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Мөн 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг дараагийн  Засгийн газарт хүлээлгэж өгч байв. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцийг дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдааны нэг  тод жишээ болж байгаа юм. Тухайлбал Х.Баттулга сайд, яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан тоо нь зөрүүтэй гардаг байв. Харин энэ тоог  тариаланчид нягталж үзэхэд  яамныхан  олны тархийг угаасан тоо баримт гаргасан болох нь тогтоогдсон байдаг. Тухайн үед салбарын сайд нь  "2014 онд Засгийн газрын тэргүүн экспортоо дэмжиж, импортыг багасгах зорилт дэвшүүлнэ” гэж мэдэгдэж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ одоо хүртэл Засгийн газар импортыг дэмжсэн хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас зөв бодлого явуулбал Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайгаар дараагийн ургац хураалт хүртэл дотоодын гурилын хэрэгцээг хангах боломжтой.

Улаан буудай импортлох гэж байгаа нь нэр бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гурилын үйлдвэрүүдийг дэмжих зорилго агуулсан байдаг. Өнгөрсөн онд эрх баригчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 48 тэрбум төгрөгийн дэмжлэгийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл үүний 31 тэрбум төгрөгийг ганцхан гурилын үйлдвэр авсан байдаг. Тэр ч бүү хэл нэр нь дуулдаж байгаагүй олон гурилын үйлдвэр авсан. Энэ асуудлаар холбогдох байнгын хороонд санал тавьж, ямар компаниудад хэдэн төгрөг хуваарилсан, хэрхэн яаж зарцуулсан талаар хяналт шалгалт явуулахаар болсон.

Өнгөрсөн хавар нийт 390 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүнээс 370 орчим мянган га талбайд улаан буудай тариалсан. Хаврын тариалалтын ажил сайн эхэлсэн боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургацад сөргөөр нөлөөлж, нийт тариан талбайн 50 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болсон байна гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр албан ёсоор мэдээлсэн.

Тэрбээр, “Одоогоор 252 мянган тонн улаанбуудай үтрэм дээр бууна гэсэн тооцоолол байгаа. Үүнээс үрийн нөөцөд 30 мянган тонн, малын тэжээлд 12 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 9 мянган тонныг хэрэглэнэ. Ингэснээр 141 мянган тонн улаанбуудай гурил үйлдвэрлэх хэрэгцээнд үлдэнэ гэсэн үг. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд байгаа 27 мянган тонн улаан буудай нэмэгдэнэ. Монгол Улс жилдээ 240 мянган тонн гурил буюу 320 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг. Тэгэхээр 100 мянга гаруй тонн улаанбуудай дутна гэсэн үг. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар гурил үйлдвэрлэхэд шаардлагатай улаанбуудайг гадаадаас худалдаж авахыг салбарын сайдад үүрэг болгосон.

 Манай улс 1990 он гэхэд улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлох хэмжээнд хүрсэн амжилттай байсан. Социализмын үед буюу 1985-1988 онд дээд тал нь 640 гаруй мянган тонн улаанбуудай хураан авч байжээ.  Энэхүү хүрсэн төвшин нэгэн үе бүрэн унасан ч "Атрын III аян" түүнийг сэргээсэн. Үүний зэрэгцээ уг аяныг санаачлан хэрэгжүүлсэн Ерөнхий сайд асан С.Баяр “төр-тариаланчдын нэгдмэл хүч”-ээр амжилт олсон ч эдүгээ ХХАА-н сайдаар Р.Бурмаа томилогдсоноор “төр-тариаланчид хоорондын дажин”-г жинхэн утгаар нь зарлаж талцуулчихаад байна.

Р.Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдохоор хэлэлцэгдэж байх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гишүүн газар тариаланг дэмжих бодлогыг үргэлжлүүлж, оновчтой болгох хэрэгтэй байгааг онцолсон. Мөн “Монгол мал” хөтөлбөр үндсэндээ хэрэгжихээргүй, мартагдаж байгааг санууллаа. Харин Л.Энх-Амгалан гишүүн “Атрын гуравдугаар аян амжилттай хэрэгжсэн. Аяны хүрээнд олон сайн амжилтууд гарсан. Харамсалтай нь энэ аян цаашдаа үргэлжлэхгүй болох гээд байна. Уг нь цаашдаа үргэлжлэх ёстой. Ингэхдээ жижиг, дунд тариалан эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна” гэсэн юм. Түүнчлэн Ж.Энхбаяр гишүүн “Р.Бурмаа бол Их хуралд байгаа цөөн, сайн хуульчдын нэг. Таны хийх ёстой гол ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг яаралтай оруулж ирж, батлуулах ёстой. Энэ талаар байнгын хорооноос танай яаманд үүрэг өгсөн байгаа. Энэ бодлогыг яаж оруулж ирэх вэ гэдэг дээр таны сайн хуульчийн давуу тал харагдах байх” гэсэн юм.

Харин өнөөдөр тэрбээр тариаланчдын холбооны тэргүүнтэй шүүхдэлцэхээс эхлээд чамлалттай үзүүлэлт олонтой явна. Талх иддэг монгол хүн бүрийн хувьд асуудал “Цандэлэгийн шоу” гэхээсээ илүү “Даанч дээ, Бурмаа” гэхэд хүргэв.

Давхар дээлийг эсэргүүцсэнийхээ төлөө намаасаа хөөгдөх дээрээ тулж байсан Р.Бурмаа хэлсэндээ хүрдэггүй, хийж чаддаггүй нэгэн болохоо хангалттай харууллаа. Үйлдвэрлэлийг дэмжих талаар дорвитой хийсэн ажилгүй, ургацынхаа тал хувийг алдчихаад нэгэн бүлэглэлд үйлчилж импортын буудайнд амь тавин зүтгэж яваа ийм сайдтайгаа хариуцлага тооцож чадахгүй бол энэ Засгийн газар, Их хуралд ямар ч ардчилал, шударга ёс алга гэж үзэх байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24948
0 эможи
keyboard_arrow_up