С.Ламбаа: Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд товлогдсон гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ч одоогоор ээлжит бус чуулганы тов албан ёсоор зарлагдаагүй байна.
УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын гишүүний нөхөн томилгоог 30 хоногийн дотор хийх хуулийн дагуу энэ сарын 6-ны дотор огцорсон зургаан сайдын оронд нөхөн томилогдох сайдуудын нэрийг өргөн барихыг Ерөнхий сайдаас албан тоотоор хүссэн. (Хэрэв МАН-ын зургаан сайдыг огцруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр томилсон бол 30 хоногийн хугацаа хамаагүй байдаг байна) Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд сайдуудын нэрээ өргөн бариагүй байна. Харин ээлжит бус чуулган сайд нарын нэр өргөн баригдсаны дараа зарлагдах учиртай.
Өнөөдөр УИХ-ын даргын эзгүй байгаа энэ үед сайд нарын нэрийг өргөн барьсан тохиолдолд дэд дарга Р.Гончигдорж төслийг хүлээн авч, ээлжит бус чуулганы товыг зарлаж 7-нд нээнэ.
Есдүгээр сарын 6-нд дээрх асуудлын хугацаа дуусах тул Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс энэ сарын 6-ны дотор өргөн барихаас өөр аргагүй. Ямартай ч тэрээр энэ сарын 4-ний өдөр сайд нарынхаа нэрийг өргөн барина гэсэн чиг яригдсан байна.
Есдүгээр сарын 6-нд сайд нарын нэр өргөн баригдахгүй, 7-нд ээлжит бус чуулган хуралдахгүй бол хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа:
“АН-ын бүлэг хуралдаж нэр дэвшигчдийг өргөн барих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал тул өөрөө сонголтоо хийгээд оруулж ирэх чиглэл өгсөн. УИХ-ын дарга ч Ерөнхий сайдын мэдэх асуудал гэж байсан. Мэдээж сонголтоо хийхэд Ерөнхий сайдад түвэгтэй байгаа юм болов уу даа.
Хэрэв хуулийн хугацаанд нэрсээ өргөн бариагүй бол Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж болно. Тиймээс Ерөнхий сайдыг зургааны дотор өргөн барьчих байх гэж бодож байна. Мэдээж Ерөнхий сайдад хүндрэлтэй асуудлууд байгаа л байх. Бүлгээс гарсан шийдвэр, УИХ-ын даргын байр суурь Ерөнхий сайдыг нэрсээ оруулаад ир гэсэн байгаа. Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ийм мохоо байгааг гайхаж л сууна. Түүний хувьд “Би ийм хүмүүсийг томилно” гээд нэрсээ шууд оруулаад ирвэл маргах юм байхгүй” гэжээ.