Д.Тэрбишдагва: Ч.Сайханбилэгтэй хамтарвал Монгол улсынхаа эсрэг ажилласан болно
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа
Улс төрийн өнөөгийн байдлыг та юу гэж бодож байна?
Өнөөдрийн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал олон хүнийг бухимдуулж байна. Ерөнхий сайд нь бүрэн эрхийхээ хүрээнд огцруулсан сайд нарынхаа оронд шуурхайхан нэр дэвшүүлчихэж чадалгүй дүлэгнээд, өөрийн намынхаа фракцуудын эрх ашигт хүлэгдчихээд байна шүү дээ. Одоогийн энэ хямралын суурь аль эрт 25 жилийн өмнөөс соёолсон. Манай улс ардчилсан хувьсгал өрнүүлж зах зээлийн нийгэмд шилжихдээ ямар ч бэлтгэлгүй байснаас болоод алдсан зүйл их бий. Өмнөхөө үгүйсгэж, түүх соёл, үнэт зүйлсээ улан дороо гишгэлж, бүтээн босгосноо нураасан нь хамгийн том алдаа. Үүнээс болоод мэргэжилтэй боловсон хүчнүүдийг хэдэн мянгаар нь ажилгүй болгож, гудамжинд гаргаж, хүний нөөцийн бодлого алдагдсан гэж боддог. 1990 оноош хойш ардчилал, хүний эрх гэсэн хоёрхон үгийг тугаа болгож, сахилга, хариуцлага, дэг журам гэдэг ойлголтыг мартжээ. Үнэндээ ардчилалын нэрийг барьж баяжсан, байгалийн баялгийг лиценз нэрээр үнэгүй авч олон зуун сая ам.долларын хөрөнгөтэй болсон, газрын наймаа хийж хөлжсөн нам дамжсан улс төрийн бүлэглэл өнөөдөр улс төрд тэмцэлдэж байна. Мөнгөний асар их сонирхолтой ийм нөхдүүдийг гадаадын эдийн засгийн алуурчид олзолж, гар хөлөө болгодог бололтой юм. Монголын улс төрийн байдлыг ерөнхийд нь харвал иймэрхүү л базаахгүй дүр зураг ажиглагдах юм даа.
Дутуу байгаа сайд нарыг томилж, Засгийн газраа “нөхөж” чадахгүй цаг алдаж байгааг та юу гэж дүгнэж байна вэ?
Үнэхээр хариуцлагагүй байна. АН-ын дотоод зөрчлөөс болоод удаад байх шиг байна. Уг нь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Толгой мэдээд нэрийг нь дэвшүүлээд УИХ-д өргөн барьж чадахгүй болтлоо шахаанд орсон юм болов уу л гэж харж байна. Ч.Сайханбилэгт зоригтой, шийдэмгий, зангарагтай байдал дутагдаж байна. Эрх мэдлийнхээ хүрээнд танхимдаа ажиллах хүмүүсээ өөрөө сонгоод, бусад нам, эвслээс санал болгож байгаа нэр дэвшигчийн хэнтэй ажиллаж боломжтой, хэнтэй нь баг болж ажиллаж чадахгүй гэдгээ шуудхан хэлээд, ээлжит бус чуулган завсарлахаас өмнө танхимаа бүтэн болгочихож болох л байсан.
Намынхан тань танд Шадар сайд болох санал тавьсан юм биш үү?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг сайжруулах талаар ямар нэгэн алхам хийгээгүй цагт Шийдлийн засгийн газарт хамтарч ажиллах, албан тушаал авах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Ер нь шинэчлэлийн засгийн газрыг огцруулахад гадаадын гар хөл оролцсон байхыг үгүйсгэхгүй. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдоход талархан дэмжиж, хамтран ажиллана гэсэн санаагаа хөрөнгө оруулагч талын нөлөө бүхий албаны хүн илэрхийлсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад байсан удаатай. Тэгээд ч Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод гэнэт л Дубайд очиж хөрөнгө оруулагч нартай “Далд уурхайн бүтээн байгуулалтыг шийдвэрлэх хэлэлцээр” хийхдээ тэрхүү санхүүгийн шалгалтаар илрүүлсэн зөрчлийг хэрэгсэхгүй болгосон юм. Ийм ноцтой луйврын гэрээ хийчихээд байхад алга ташаад сууж байх уу. Ч.Сайханбилэгийн Дубайд хийсэн гэрээг байж боломгүй хамгийн муу хувилбар, туйлын хариуцлагагүй алхам хийлээ гэж баахан ярьчихаад одоо албан тушаал гэхээр нь гүйгээд очвол албан тушаалын хэнээтэн, ёс зүйгүй, үнэт зүйл, тэрч байтугай Монгол Улсынхаа эсрэг ажилласан хэрэг болно. Тийм учраас Дубайн гэрээг засаж сайжруулахгүй тохиолдолд энэ засагт орохгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн.
Энэ хямралт байдлаас гарах гарцыг та юу гэж харж байна вэ?
Намаар талцуулж, фракцаар хувааж, хагаралдуулаад байвал Монгол Улс хөгжихгүй. Харин хүчээ нэгтгэх, эвлэлдэн нийлэх, нэг зорилгын төлөө тууштай, хариуцлагатай, шударга үнэнчээр зүтгэвэл бид хүчирхэг болж чадна гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болоод байгаа.