АТГ-ын хууль бус үйлдлийг илчлэх гол гэрч хаачив?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн анхан шатны шүүх хурал өчигдөр болох байсан ч гэрчүүд ирээгүйн улмаас дахин хойшиллоо.
Өмнө нь хоёр ч удаа хойшлогдсон уг шүүх хурлыг энэ удаад хэрхэх бол, үнэн мөн нь хаанаа байна хэмээн сонирхох, бас Монгол улсын Шүүх засаглал хэр шударга вэ гэдгийг ч харах, "Нүүрс хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн Л.Гансүх үнэхээр албан тушаалаа урвуулан ашигласан уу, аль эсвэл улс төрийн зорилгоор хорьж, шалгагдаж байна уу хэмээн "хэрэгт дурлагсад", шүүх хурлын процессийг нэг нэгэнгүй дамжуулах үүрэг хүлээсэн телевизийнхэн, шуурхай мэдээ дамжуулах гэсэн хэвлэлийнхэн гээд тэрүүхэндээ хөл ихтэй байв.
Хэвлэлийнхэний анхаарлыг татсан үйл явдал бол тус шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн биеэр ирж, гэрчээр суусан нь олон хүний анхаарлыг татаж байсан төдийгүй УИХ-ын гишүүн хүн шүүх хуралд гэрчээр хүрэлцэн ирсэн анхны тохиолдол байлаа. Энэ үйл явдалд цахим ертөнцийнхөн ч өөрийн гэсэн дүнгээ тавиад амжлаа. Тухайлбал, “Норовын Алтанхуяг шиг нэгнийхээ төлөө шүүх танхимд очиж мэдүүлэг өгсөн улс төрч байна уу. Л.Гансүхийг хаялгүйгээр эргэж тойроод, шүүх хуралд нь оролцоод байгаа нь эр хүний жудагтай байгаагийн илрэл. Ийм чанар улс төрчдөд бараг л харагддаггүй дээ” гэх үг сошиал ертөнцийн онцлох жиргээ байв.
Иймэрхүү сонинтойгоор өрнөж буй “Нүүрс хөтөлбөр”-ийнхөний шүүх хурал учир битүүлэг байдлаар өндөрлөж орхисон нь шүүх хуралд очсон хүмүүсийг чухам төөрүүлж орхив. Хохирогчгүй гэх тодотголтой энэ хэрэг хохирогчтой болж таарлаа. Тэр тэр гээд хэдэн хүний нэр дуудлаа. Гэсэн атал нэг нь ч ирээгүй байх юм. Бас хохирогчийн гэрчүүд алга. Ямартай ч н.Жигжид, н.Отгонбаяр, н.Ичинхорлоо гэх нэрс дуулдана билээ.
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж ч дээрх гэрчүүд ирэхгүй байгаа бол албадан ирүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн. Харин Л.Гансүхийн хэлсэн үг олны анхаарлыг ихэд татав.
Тэрбээр “Дүгнэлт гаргасан н.Ичинхорлоог заавал байлгах ёстой. Дүгнэлт нь маш их зөрчилтэй.Хүний үгээр бичсэн гэдэг нь нотлогддог. Товчхондоо дүгнэлтийг хуурамчаар зохиосон учраас түүнийг заавал шүүх хуралд оролцуулах шаардлагатай. Отгонбаярыг удирдаж байцаасан. Ийм учраас энэ 2 хүнийг шүүх хуралд заавал ирүүлэх ёстой” гэсэн юм. Шүүх байгууллагыг үл хүндэтгэсэн гэрч, шинжээч нараас болоод шүүх хурал гурвантаа хойшилж, шүүгдэгч нар тодорхой шалтгаангүйгээр дахин хоригдох болсон шалтгаан нь энэ.
Тодруулбал, Аудитын дүгнэлтийг зохиомлоор гаргаж, АТГ-ын заавраар хөдөлсөн гэх н.Ичинхорлоо хийгээд “Багануур” ХХК-ийн захирал гэх н.Отгонбаяр нар шүүх хуралд ирээгүйгээс үүдэн шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Ганц худагт хорьсон юм.
Нүүрс хөтөлбөрийн гэх энэ хэргийг дүгнэсэн н.Ичинхорлоо болон бусад гэрчүүд ямар учраас шүүх хуралд ирээгүйг Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхийн алба хаагчдаас тодруулахад "Олдохгүй байна" гэх тайлбарыг тавьжээ.
Үнэхээр хүний үгээр дүгнэлт биччихээд шүүхийн өмнө дуудагдахаас эмээсэндээ ирсэнгүй юу, аль эсвэл хүндэтгэж үзэх шалтгаан байв уу гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.
Үндэсний аудитын байцаагч ажилтай хүн яагаад шүүхэд олдохгүй, шүүхэд хүндэтгэлгүй хандаад байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа юм
Үнэхээр хүний үгээр дүгнэлт биччихээд шүүхийн өмнө дуудагдахаас эмээсэндээ ирсэнгүй юу, аль эсвэл хүндэтгэж үзэх шалтгаан байв уу гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.
Уг нь дүгнэлт үйлдсэн н.Ичинхорлоо энэ хэргийг нэг тийш нь шийдэхэд мэдүүлэг өгөх гол гэрч. Өөрөөр хэлбэл Л.Гансүх албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө мөнгө хувьдаа завшсан, эсвэл АТГ-ын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдүүлэг өгөх ёстой гол гэрч. Цорын ганц гэрч ч гэж болно.
Гэтэл шүүх хуралд гэрч яагаад удаа дараа ирэхгүй байна вэ. Шүүхийг хүндлэхгүй байна уу, аль эсвэл шүүх гэрчийг оролцуулах сонирхолгүй байна уу. Уг нь шүүх гэрчийг авчрах үүрэгтэй. ЭБШХуулийн 45.6-д зааснаар бол шүүх гэрчээр дуудсан бол заавал ирэх ёстой байдаг.
Хэрэв гэрч ирэхгүй бол тус хуулийн 256-д зааснаар хариуцлага тооцох ёстой. Тэгэхээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулахад хүргэсэн н.Ичинхорлоо шүүхийг үл тоомсорлон, хүндэтгэлгүй хандаж ирэхгүй байгаа бол хариуцлага тооцох цаг болсон байлтай.
Гэвч манай шүүх засаглалынхан “Олохгүй байгаа” нь эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Тэр ч бүү хэл “Гэрчүүд Монголд байна уу, аль эсвэл оргон зайлав уу, амь нас нь аюулгүй байдалд байна уу” гэх тэнэмэл бодол төрж байна. Яагаад гэвэл Л.Гансүхийг эмчилгээ хийлгэхээр Солонгос явсны дараахан “Оргон зайллаа” гэсэн мэдээлэл шил шилээ даран гарч байсан юм. Гэтэл түүнийг гэм буруутай гэсэн дүгнэлт үйлдсэн шинжээч 3 удаагийн хуралд ирээгүй, мөн “Олдохгүй байгаа” нь “Оргон зайлсан” гэсэн хариултыг дагуулж мэдэхээр байна.