"Гацаасандаа баярладаг болж"
Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбаттай уулзаж ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу. Бие чинь гайгүй юу?
-Сайхан намаржиж байна. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй, тэнхэрч л байна.
-Ашгүй дээ, таныг хүнд хагалгаанд орсон гэж сонссон?
-Хагалгаа амжилттай болсон. Одоо гам сайн барих, сайн тэнхэрч авах л чухал байна.
-Японд байх үед чинь Д.Тэрбишдагва гишүүн эргэж очсон байсан?
-Тийм ээ, Д.Тэрбишдавга маань байнгын санаа тавьж, бүх л асуудлыг маань хуваалцаж, өнгөрсөн хугацаанд надтай ойрхон байсан хүний нэг. Тэрбишдагвадаа бас гэр бүлийнхэнд нь миний зүгээс талархаад баршгүй юм.
-Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг?
-Хүнд хэцүү үед гэр бүл, найз нөхөд маань үргэлж дэргэд минь байсан. Улс төрд олон жил нөхөрлөж, найзалж явсан олон хүн сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. МАН-ын бүлгийнхэн хэцүү цагт туслалцаа үзүүлсэн. Тэдэнд танай сайтаар дамжуулан баярлалаа гэж хэлье. Энд улс төр гэхээсээ илүү хүн чанарын асуудал яригдаж байгаа гэдгийг хэлмээр байна.
-Та Монголдоо ирээд Ерөнхий сайдтай уулзсан уу?
-Зуны дэлгэр цагт биеэ жаахан тэнхрүүлээд авъя гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд ажилдаа анхаарал тавих нь бага байсан. Олон жил улс орны эдийн засгийн байдлыг харж ажиглаж байсны хувьд хэлмээр юм зөндөө л байх юм.
-Үнэндээ эдийн засгийн байдал тун хүнд байгаа бололтой. Статистикийн мэдээг харахад энэ оны эхний зургаан сард дөнгөж 44 сая доллар орж ирж. Хувь хүн, айл өрх, албан газар гэлтгүй бүгдээрээ хямралд өртөөд хэцүү байх шиг?
-Эдийн засаг үнэхээр уналтад орсон байна. Гадаадын хөрөнгө оруулалт бараг тэгтэй тэнцсэн. Төгрөгийн ханш 40 гаруй хувиар уначихлаа. Энгийн нэгэн жишээ татаад хэлэхэд, 2012 онд 1.2 сая төгрөгийн орлоготой өрх 903 доллартай тэнцэхүйц худалдан авалт хийх чадвартай байсан. Өнөөдөр 1.2 сая төгрөг 600 орчим доллартай тэнцэж байна. Иргэдийн амьдрал дээшлээгүй байхад ДНБ өсөлттэй гарна гэж байхгүй. Монгол даяараа хавтгай орлогогүй болж байна. Худалдаа үйлчилгээний газрууд энэ хавар, зунжингаа үйлчлүүлэгчгүй, хоосон байсан. Сая есдүгээр сарын 1 болох гээд хүн хөл жаахан нэмэгдсэн байх. 2012 оны дундуур Монголын зах зээл дээр 11.9 их наяд төгрөг байсан. Энэ оны арилжааны банкуудын нэгтгэсэн балансыг харахад долдугаар сарын 1-ний байдлаар 21.4 их наяд төгрөг. Төгрөгөөр харахад өссөн юм шиг байгаа биз. Гэвч, энэ хоёр тоог зэрэгцүүлсэн ханшаар тооцвол 10 тэрбум доллар. Үнэндээ 2012-2015 онд Монгол Улс өрөөр л амьдарч байна гээд хэлж болохоор. Яагаад гэвэл 2012-2015 онд бид гаднаас бараг 3-4 тэрбум доллар зээлж Монголын эдийн засагт орууллаа.
-Тэгээд шалтгаан нь юу байна. Дээр дооргүй эдийн засаг, эдийн засаг гэж яриад, хашгираад байгаа мөртлөө байдал дээшилсэнгүй?
-Гол шалтгааны талаар санал бодлоо хэлье. Монгол Улс 2000-2012 оны эдийн засаг өсөлттэй гарсан шалтгаан нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын таатай орчин, ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт маш ихээр орж ирж байсны үр дүн. Харамсалтай нь, 2007 оноос эхлээд Монгол Улс уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн бүх зохицуулалтаа бүгдийг нь чангалах болсон. Цөмийн энергийн хууль, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, нөгөө алдарт урт нэртэй хууль, бас гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль гээд бүгд хөрөнгө оруулалтыг хөөсөн, гадуурхсан, шахсан бодлого болж хүрсэн. Үүн дээр улстөрчдийнх нь зан, араншин, тогтворгүй харилцаа нөлөөлсөн гэж боддог. Тэр тусмаа дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчид болох “Рио Тинто”, “Чалко”-д гаргасан бидний тэр үеийн араншингийн төлөөсийг өнөөдрийн эдийн засгийн уналтаар төлж байгааг хэлэх хэрэгтэй.
-Улстөрчдөөс болж байгаа гэдгийг олон хүн хэлдэг. Улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч, харамсалтай нь тэд өөрсдийгөө “толинд хардаг”-гүй бололтой юм. Бүгдээрээ хөрөнгө оруулагчийн итгэлийг татна гэж ярих мөртлөө яг эсрэгээрээ хийж байна?
-Улстөрч болгон дур дураараа авирлаж, сүүлдээ зарим нь “Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй” гэж ярьдаг болсон байна. Аливаа том төслүүдийг гацаасандаа баярладаг улстөрчид цөөнгүй болж. Ядуу буурай Монгол битгий хэл гадаадын өндөр хөгжилтэй орнууд ч хөрөнгө оруулалтыг өөртөө татахын тулд бүх л аргаа хэрэглэдэг. Гэтэл Монголын төр яаж байна. Залгамж халаагүй, урьдчилан таамаглахын аргагүй, хүн нь найдвар муутай. Тиймээс УИХ дээр яригдаж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх цаг болсон. Үнэндээ бол Монгол Улс хөгжлийг дэмждэггүй, эдийн засгийн шийдвэр гаргах боломжгүй, улс төрийн хувьд хариуцлага тооцох механизмгүй Үндсэн хуультай яваад байгаа.
Төмөр зам, Оюутолгой, уул уурхайн гол гол асуудлууд манай УИХ, Засгийн газар, Аюулгүйн зөвлөл дээр ирээд гацдаг болсон. Үндсэн хууль ийм “цоорхой” байхад хүн, нам гэлтгүй хувийн эрх ашгийнхаа төлөө “ажиллах” гэж зүтгэх нь аргагүй юм даа?
-Уг нь хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ есдүгээр сард ээлжит бус зарлаж хэлэлцэнэ гэж мэдэгдэж байсан. Одоо ч намрын чуулган ойртчихлоо. Үндсэн хуулийн өөрчлөлт намрын чуулганы халуун сэдэв байх бололтой?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй яаралтай хэлэлцэхгүй бол эдийн засаг, улс төр бүр болохоо больчихлоо. Бүх юм гацсан, түгжсэн, унасан, хямарсан, бухимдсан байдалд орсон байна. Үүнээс гарах ганц арга бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш сайн судалгаатай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Хэн хэн юугаа хариуцаж, ямар эрх мэдэлтэй байх юм гэдгийг маш сайн ялгаж зааглаж өгөх ёстой. Хөгжил, эдийн засгийн шийдвэрүүд гацдаггүй хойшлогддоггүй, тийм тогтолцоотой болох хэрэгтэй байна.
-Монгол Улсын өрийн хэмжээ хэтэрхий ихэслээ гэсэн шүүмжлэл байнга гардаг. Зарим нь өр биш зээл гэж “гоё”-оор тайлбарладаг л даа. Өр, зээл нэмэгдэх нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлөх вэ?
-Өр нь байна уу, зээл нь гэнэ үү, юу гэж хэлэх нь гол биш. Монгол Улсын өрийн хэмжээ үнэхээр их нэмэгдэж байгаа. Уул уурхайн салбараа чангалж, үйл ажиллагааг нь боомилоогүй байсан бол энэ өр манай улсад нэг их дарамт болохгүй л дээ. Гол нь уул уурхайн салбар маань гацаад эхлэхээр бид өрийн дарамтад орчихож байгаа юм. Өрийг өрөөр санхүүжүүлээд явдаг арга байдаг. Гэхдээ олон улсын хөрөнгийн зах зээлд манай нэр хүнд сайн, бидэнд итгэх итгэлцэл өндөр байх ёстой. Гэтэл бид зах зээлийнхээ итгэлийг алдчихсан байдаг. Бондын мөнгийг нь уг нь эргэн төлөгдөх чадвартай, экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт зарцуулах ёстой байсан юм. Харамсалтай нь болсон болоогүй замд, борлогддоггүй байшин барилгад шингээгээд дууслаа.
-Зам дагаж хөгжил гэдэг биш үү?
-Тийм ээ, гэхдээ эхлээд эргэн төлөгдөх чадвартай салбаруудаа дэмжээд дараа нь замаа тавьж болох байсан. Гэтэл бондын мөнгийн 500-600 сая долларыг замд, мөн ийм хэмжээний мөнгийг барилгын салбарт оруулаад мөнгийг нь түгжчихлээ. Тэгэхээр Монгол Улс дахиад бонд гаргалаа гэхэд хөрөнгө оруулагчид манай Засгийн газрын бондыг худалдаж авах итгэл нь буурчихсан байгаа. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад эдийн засгийн хөгжлөө дэмжсэн, улс төрийн хувьд хариуцлагатай, тогтвортой Үндсэн хуультай болчихвол гадаадын хөрөнгө оруулагчид, зах зээл рүү өгөх эерэг дохио болох болов уу. Бид ийм дохиог одооноос өгч эхлэхгүй юм бол 2017-2022 онд Монгол Улс дөрвөн тэрбум доллар гадагш нь төлнө. Энэ бол жижиг эдийн засагт маш том ачаа болно.
-Итгэлийг нь сэргээх дохиог яаж өгөх ёстой гэж. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг батлахад гадаадынхан маш сайнаар хүлээж авсан. Гэтэл дараа нь засаг, төрөө солих нь гэсэн мессеж буцаад хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахад хүргэлээ?
-Хөрөнгө оруулагчдын хувьд Монголд итгэх итгэл алга болчихсон байна. Өвдөж, зовлоо гээд зүгээр хэвтээд байсангүй л дээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын хүмүүстэй уулзлаа, саналыг нь сонслоо. Зүгээр л нэг болсон явдлыг яръя л даа. Олон улсын JORC стандартын дагуу геологи, хайгуулын тайлан дүгнэлт хийсэн нэг төсөл байна. Мөн Улаанбаатар хотын төвд 75 хувийн гүйцэтгэлтэй бас нэгэн төсөл байна. Хоёулаа хөрөнгө оруулагч хайгаад, орж ирэх хүн олдохгүй байна. Хөрөнгө оруулагчид биднээс болгоомжлоод байна шүү дээ. Нөг төслийг санхүүжүүлчихдэг. Гэтэл хэн нэгэн эрхтэн, дархтан нэг хууль санаачлаад төслийг нь гацаачихвий эсвэл хэн нэгэн “эх оронч” нь ирээд айлгаж, дарамтлаад байх вий гэж тэд айж, болгоомжлоод байна.Тав, арван жилийн өмнө бол ийм төсөлд санхүүжилт шууд л хийчихдэг байсан. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл хэр болсныг харуулсан жишээ гэж би бодож байгаа. Хоёр хөршийн хүрээнд итгэлээ сайжруулах хэрэгтэй. Хоёр хөршөө оролцуулаад бид хоорондоо хуваагдаж, зөндөө хэрэлдлээ шүү дээ.
-Ардчилсан нам Ардын намтай хамтрахдаа хямралаас гаргана гэдгээ амалсан. Одоо хямрал улам гүнзгийрээд явж байна. Сонгууль болтол хямралаас гаргахгүй гэж хэлэх хүн ч байна?
-Хямралаас хурдан гармаар байгаа бол итгэлийг буцаагаад сэргээх. Итгэл хурдан нурж, удаан бүрэлддэг зүйл л дээ. Монголчууд итгэлийг алдах амархан, олох хэцүү гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр итгэлийг буцааж олохын тулд нэг хүнд асуудлаа яриад болчихдог юм биш. Эхлээд хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох шаардлагатай. Мөн гадаадынханд мессежээ маш зөв, бодлоготойгоор цацах ёстой юм. Миний харж байгаагаар монголчууд алдсан итгэлийг буцааж авах гэж багагүй хугацаа зарцуулах байх. Багаар бодоход 3-5 жил. Итгэлийг буцааж сэргээнэ гэдэг маш уйгагүй зүтгэл, хөдөлмөр шаарддаг. Тийм болохоор ийм хугацааны дараа, хэрэв бид үнэхээр хичээж зүтгэж чадвал гадаадын хөрөнгө оруулалтын урсгал буцаад сэргэх байх. Ядахнаа л эдийн засаг гялайж, гялтайтлаа сэргэдэггүй юмаа гэхэд тогтворжиход 2-4 жил хэрэгтэй байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг улстөрч болгон хэлж байна. Үндсэн хуулийг өөрчиллөө гээд эдийн засаг тэр дороо сэргэчихгүй шүү дээ?
-Нэгдүгээрт, эдийн засгийн хөгжлийг дэмждэг Үндсэн хуультай болно гэдэг бол эерэг дохио. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад өнөөдрийн эдийн засаг, засаглалын хямралыг үүсгээд байгаа асуудлууд цэгцэрнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд ямар ч байсан Улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хууль шинэчлэгдэх байх. Ер нь засаглалын хямралын үндэс нь Улс төрийн намуудын тухай хууль болсон. Хэн намдаа сонгуулиар их мөнгө өгнө. Тэр дараа нь эрх мэдэл, албан тушаалаар шагнуулдаг ч юм уу. Ерөнхийдөө төрийн алба бэлэгний морь болоод удаж байна л даа. Тийм учраас аль ч намын үед авлига буурахгүй байна. Уг нь улс төрийн намууд шинэ санаа, шинэ бодлого, оновчтой шийдэл, сайн хөтөлбөр боловсруулдаг байгууллага байх ёстой. нэр хүндтэй, сайн боловсролтой, мэдлэг чадвартай сайн түүх намтартай лидерүүдийг тодруулдаг байх ёстой. Манайд байгаа улс төрийн намуудын гол амин зуулга болсон мөнгө, хандив дээр түшиглэсэн хэлбэрийг халах цаг болсон байх.
-Долларын ханш бараг 2000 хүрчихлээ. Цаашдаа яах бол?
-Ханш 2000 төгрөгт хүрнэ гэдэг Монголын зах зээлд, иргэдийн дунд үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл хэр байгааг харуулж байгаа явдал. Зах зээл рүү мөнгө оруулах Монголбанкны санаа зөв. Гэхдээ сайн баталгаажсан арилжааны банкуудын баланс дээр байгаа сайн активуудыг барьцаалаад төгрөгөө гаргуулсан бол доллар 2000 хүрэхгүй байсан ч байж болох. 2012 онд нийт хадгаламж долоо орчим их наяд төгрөг байсан. Одоо 2015 онд яг энэ хэмжээнд байна. Худалдан авах чадвар нь харин хоёр дахин буурчихлаа. Иргэд одоо монгол төгрөгт итгэж мөнгөө хадгалуулах болов уу? Бас л итгэлийн асуудал байгаа биз?
-Төгрөгийн хадгаламж буурч, долларын өссөн байсан шүү?
-Ханш унах их олон муу үр дагавартай. Хэдийгээр экспортод сайнаар нөлөөлдөг гэдэг боловч Монголын хувьд ихэнх экспорт газар доороосоо, эсвэл ямааны арьсан дээрээсээ доллараар үнэлэгдээд, борлогдоод явчихдаг юм. Тийм болохоор сайн нөлөө нь бараг мэдрэгдэхгүй гэсэн үг. Харин муу үр дагавар нь өмчтэй хүн болгоны өмчийн үнэ цэнэ унаж байдаг. Жишээ нь 100 сая төгрөгийн орон сууцтай хүн үнээр нь 30-40 хувиа алдаад худалдан авах чадварыг нь доллартай харьцуулбал тэр хэмжээгээр хохирч байдаг. Төрийн бодлого макро төвшинд ийм гажуудал гаргаж болохгүй.
-Зарим хүмүүс энэ оны сүүлээр эдийн засаг улам хүндэрнэ гэж анхааруулаад байгаа. Энэ үнэн үү?
-Банкуудын сүүлийн балансыг харахад муу зээл бараг 10 хувь болсон. Өнөөдөр Монголын нийт зээлийн хэмжээ 12.0 их наяд төгрөг орчим байгаа гэж бодоход энэ бол том тоо. Засгийн газрын дотоодын бонд гэхэд 2-3 их наяд, энэ хэмжээгээр мөнгө гацаасан гэсэн үг. Тэгэхээр миний харж байгаагаар дотоодын зах зээлд удахгүй төлбөрийн гацаа, хямрал үүсч магадгүй байна.
-Арай ч тиймдээ тулчихгүй байлгүй дээ.
-Аливаа зүйлийн эрсдлийг нь ямагт эхэлж харж ярьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх ёстой шүү дээ. 2-3 жилийн өмнө зарим хүмүүс гадаадын хөрөнгө оруулалт унаж байна, эдийн засаг муудах нь гээд зөндөө л ярьж байсан. Харамсалтай нь арга хэмжээ аваагүйгээс болоод бид өнөөдрийн энэ хүнд байдалд орчихлоо.