Н.Алтанхуяг: Миний ойр хавийнхныг шоронд хийж байна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч нэг шинжээч, хоёр гэрч ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 10-ны өдрийг хүртэл хойшиллоо. Тиймээс дараагийн шүүх хурал болтол Л.Гансүхийн нарын 3 хүнийг дахин цагдан хорих шийдвэр гаргасан юм. Харин энэ удаагийн шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өөрийн хүсэлтийн дагуу шүүх хуралд гэрчээр ирж оролцлоо. Энэ үеэр түүнтэй ярилцав.
-Шүүх хуралд та гэрчээр оролцохоор ирлээ. Шүүх хурлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Шүүх хурал хойшиллоо. Хойшилсон шалтгаан нь энэхүү зохиомол хэргийг бий болгосон гол гэрчүүд нь ирсэнгүй. Нэрийг нь н.Ичинхорлоо гэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргаж, хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь юм байна. Гурван удаагийн шүүх хуралд нэгэнд нь ч ирээгүй гэнэ. Багануурын уурхайд хохирол учирсан гэх утгатай юм ярьсан хүн нь ч алга болчихож. Тиймээс эдгээр хүнийг байхгүй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилж байна. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй болохоор шүүгдэж байгаа гурван хүнийг шоронд хорьж байгаа нь монгол улс шоронжсон нийгэм болжээ гэдгийг харуулж байна. Нөгөө талаас улс төрийн зорилготойг мөн харууллаа.
-Улс төрийн зорилгоор гэхээр үүний ард хэн байгаа гэж та хардаж байна вэ?
-Ойлгомжтой ш дээ. Монголын нийгмийг хоёр гуравхан хүн удирдаж байна. Тэр нь нам дамжчихсан байгаа биз дээ. Яагаад МАНАН гэдэг зүйл үүсгээд байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахын тулд юу юу хийв. Н.Алтанхуягийг яагаад огцруулав. МАНАН-гаа байгуулахын тулд. МАНАН байгуулах нь буруу юм гэж би анхнаасаа хэлж байсан. Тэрнийхээ төлөө өчнөөн дарамт шахалтад орсон. Хожим нь МАНАН байгуулах нь буруу байжээ гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх.
-Тодорхой хэлбэл?
-Энэ бол цэвэр улс төрийн зорилготой. Н.Алтанхуягийн нэр төрийг унагах, Шинэчлэлийн Засгийн газрыг унагах зорилгоор хийсэн ажлын нэг. Хоёр жил ажиллах хугацаанд миний чих их ч халууцсан даа. Бид чөмгөө дундартал зүтгэсэн. Өглөөнөөс шөнө хүртэл ажиллаж, хагассайн өдөр ч Засгийн газрын хуралдаан болдог л байлаа. Гол зорилго нь л Шинэчлэлийн Засгийн газрыг унагах. Шинэчлэлийн Засгийн газар яагаад зарим хүмүүст таалагдаагүй вэ гэхээр би ард түмний төлөө ажиллахаар гарч ирсэн болохоос бүлэглэл юм уу нам дамнасан хүмүүст үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа тод томруун хэлсэн. Ингэж хэлснийхээ төлөө том шахалтад орж өчнөөн зүйлд өртсөн. Миний охинд хүртэл хэрэг үүсгэж, миний ойр хавийн бүх хүнийг шоронд хийсэн. Л.Гансүхтэй шүүгдэж байгаа охиныг 6 сар, Л.Гансүхийг 3 сар шоронд хорьсон байна. Нүүрсний хэрэг гэдгээр 6 хүнийг шоронд суулгасан. 21-27 насны 3 залууг 5 6 сарын хугацаанд хорьж байгаад энэ хэрэгт холбогдолгүй юм байна гээд сулласан байна. Тэгчихээд одоо гэнэт та нарт дахин татварын хэрэг үүсгэнэ гээд байж байна. Энэ бол цэвэр улстөрийн зорилготой. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүсийг намнах ажиллагаа. Тиймээс би энэ удаагийн шүүх хуралд өөрөө оролцохоор ирлээ.
-Дараагийн шүүх хуралд оролцох уу. Шүүх хуралд оролцохдоо танд Л.Гансүхийг буруугүйг нотлох ямар нэг баримт бий юу?
-Би өөрт байгаа нотлох баримтуудаа аваад оролцоно. Надад зузаан хавтас бий. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. “Нүүрс” хөтөлбөр эхлэхэд уурхай дээр хэлж байсан үг, хөтөлбөр үргэлжлээд Толгойтын өртөөнд хэлж байсан үг гээд их юм бий. Улаанбаатар хотод “Нүүрс” хөтөлбөрийн ач тусыг 17000 гаруй мянган айл байдаг. Энэ бүх баримтаа аваад оролцоно.
-Л.Гансүхийг 13 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж АТГ-аас мэдээлсэн байдаг. Ор үндэсгүй мэдээлэл хийхгүй байх?
-АТГ Л.Гансүхийг гэмт хэрэгтэн болгохын тулд анхнаасаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон тэрбумын хэргийг идсэн уусан мэт ярьсан. Тэр байтугай улстөрийн зорилготой гэж хэлэх том шалтгаан нь, манай засгийн газар 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл яг өмнөх өдөр нь АТГ-ынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүх маш их хэмжээний хохирол учруулсан гэдгийг албан ёсоор мэдээлж, иргэдийг тархийг угаасан. Ийм л зүйл болсон. Монголчууд одоо бүгд Л.Гансүх бол хэрэгтэн гээд хүлээгээд авчихсан. Шүүх хурал ч болоогүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад л олон нийтэд гэмт хэрэгтэн гээд цоллогдчихсон. Монголд нэг хачин жишиг тогтчихсон байна. Хүний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр нийтэд зарлаж байна. Хэвлэлийнхэн дамжуулаад зогсохгүй гол нь төрийн байгууллагууд албаны хүмүүс гэмт хэрэгтэн мэтээр мэдээлэл хийдэг нь маш аймшигтай. Төрийн байгууллага нь цөөхөн хүний гарт байна. Том акул, авлига хээл хахуулын хэргээр ярьдаг томчуудтайгаа зууралдахгүй байна. Монголын нийгэм ялзарчээ. Нам дамнасан бүлэглэлд үйлчилдэг болжээ.
-“Нүүрс” хөтөлбөрийн хэргээр Л.Гансүхийг шалгаж байна. Гэтэл Л.Гансүх нь гарын үсэг зурдаг албан тушаалтан биш гэж та хэлээд байгаа?
-Шинэчлэлийн Засгийн газар 2 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа бид 3 том зүйлийг том зорилтоо тавин болгон ажилласан.
Нэгдүгээрт, Ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлнэ. Халаасан дах мөнгийг хэмнэж, ажилтай орлоготой болгоё гэх чухал хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Хоёрдугаарт, Төрийн хүнд сурталыг арилгая. Хээл хахууль авлигалыг зогсооё гэсэн чиглэлээр идэвхтэй ажилласны эцэст үүнийхээ горыг амсч байна.
Гуравдугаарт, Том бүтээн байгуулалтын ажил хийе гэж. Үүнийг маш олон хүний хүчин чадал, дэмжлэгээр хангалттай сайхан хийж чадсан гэж бид үздэг.
Одоо гурван жил гаруй хугацаа өнгөрсөн учраас хүмүүс бидний хийсэн ажлыг мартсан байж магадгүй. Ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор чадахгүй бол ядаж гарч буй зарлагыг нь багасгах үүднээс олон ажил хийсний нэг нь “Нүүрс” хөтөлбөр. Гэтэл ажил хийсэн нь хэрэгтэн болдог зүйл тогтсон байна. Гэхдээ монголын нийгэм арай ч энэ талруугаа хавтгайраагүй байх гэж итгэж байна. “Нүүрс” хөтөлбөрөөр Л.Гансүхэд хэрэг үүсгэсэн нь захиалгатай, зохиомол хэрэг байсныг хэлмээр байна. “Нүүрс” хөтөлбөр 2012 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Өвлийн хүйтэн эхлэх үед иргэд 11-11 утасруу “Өвөл боллоо. Хүйтэн болж байна. Нүүрсний үнэ дийлдэхээ болилоо. 200 гаруй мянган төгрөг болсон. Үүнд засаг, төрөөс арга хэмжээ аваач ээ” гэх гомдлууд их ирдэг байсан. Үүний дагуу судалгаа явуулж, Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарган өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг ч оролцуулан нүүрсний үнийг буулгах боломжтой юм байна гэх шийдэлд хүрсэн. Улмаар тонн нь 200 мянган төгрөгний үнэтэй нүүрсийг 80 мянга болгох бололцоо байгааг судалж гаргасан. Нүүрсний үнийн зовлонг гал түлдэг айлууд ойлгоно уу гэхээс паартай айлууд ойлгохгүй. 5 тонн нүүрсийг 200 мянган төгрөгөөр худалдан авахад л сая төгрөг болж байна. Сая төгрөгийг 2 дахин багасгахаар 500 мянган төгрөгөөр нэг машин нүүрс авах боломжийг “Нүүрс” хөтөлбөрийнхөн бүрдүүлсэн юм. Шинэчлэл гэдэг бол мөнгө биш сэтгэл гаргаж хийдэг ажил. Бид энэ урианыхаа дагуу сэтгэл гаргаж, их зүтгэж хийсэн дээ. Үүнд нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг иргэд, портерын жолооч, хорооны иргэд гээд олон хүнээс хамаарсан ажил байсан учраас ахлах зөвлөх Л.Гансүхээрээ удирдуулж, сайн зохион байгуулахыг даалгасан. Л.Гансүх бол гар хөлийн үсэг зурдаг, мөнгө төгрөг шийддэг албан тушаалтан биш. Бүх шийдвэр Н.Алтанхуягийн гаргасан, Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан шийдвэр байсан. “Нүүрс” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Гэтэл АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Шүүх хуралд яагаад гэрч нь ирэхгүй зугтааж байна. Хохиролтой гэж хэлчихээд хуралдаа ирэхгүй зугтаад байна.
-Багануурын нүүрсний уурхайн удирдлагууд хуралд ирсэнгүй?
-Үнэндээ Багануурын нүүрсний уурхай ч ашигтай ажиллаж, тус уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш анх удаа 2013 онд ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгсөн. Үүнд Засгийн газрын зүгээс Багануурын уурхайд дэмжлэг үзүүлсэн.
Нэгдүгээрт, Багануурын нүүрсний уурхайд 18 тэрбум төгрөгийн зээл олгож, тэдний үйл ажиллагааг дэмжсэн.
Хоёрдугаарт, Багануурын нүүрсний уурхайг тойруулаад хууль бусаар хувьчилж авсан газруудыг хүчингүй болгосон.
Үүнд Засгийн газар маш сэтгэл хангалуун байсан. Гэтэл одоо шүүхийн танхимд зогсож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Гэхдээ үнэн мөн нь олдох байх. Энэ хэрэг цагаадна гэдэгт би эргэлздэггүй. Хэрэв цагаадахгүй бол ард иргэдийн төлөө ажил хийсэн хүн яллагдана гэдэг байж боломгүй зүйл. Хэдхэн хүний захиалгаар хийгдэж байгаа ажил. Удахгүй захиалагч нар нь ч ил болох байхаа.
-Г.Дэнзэнгийн хэргийн талаар байр сууриа илэрхийлээч?
-Яг л Л.Гансүхийн хэрэгтэй адилхан шүү дээ.