С.Баярцогт мэдээлэл хийв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцож Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөвөөр санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр шийдвэрлэж, хууль хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлахаар заасан юм.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ажлын дэд хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассиоциаци, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо зэрэг байгууллагууд багтжээ.
Ажлын дэд хэсэг нь уг хуулийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийг холбох гүүр болж ажиллах юм байна.
Чөлөөлөгдөх татварын төрлийн тухайд тодруулбал:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
Хувь хүний орлогын албан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Онцгой албан татвар
Гаалийн албан татвар
Энэхүү хуульд хамрагдан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн хувьд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны хариуцлага хүлээхгүй, гүйцэтгэх ажил явуулахгүй байх зэрэг баталгааг олгож буй аж. Мөн мэдээлэл нь нууц байна.
Хувь, хүн хуулийн этгээдийн мэдээллийг цахим бүртгэлээр 2015.12.31-ний 24.00 цаг хүртэл, цаасан бүртгэлийг 2015.12.31-ний 18.00 цаг хүртэл хүлээн авна.
Хэрвээ та татварын асуудлаар мэдээлэл авах бол 18001288
Нийгмийн даатгалын асуудлаар мэдээлэл авах бол 328030-309, 18001289
Улсын бүртгэлийн асуудлаар мэдээлэл авах бол 18001980
Гаалийн асуудлаар мэдээлэл авах бол 18001281
Санхүүгийн тайлангаар мэдээлэл авах бол 263069, 264966 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Дуудлага нь соронзон хальсанд бичигдэж нууцын зэрэглэлд байх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.