Чадварлаг шоучдыг биш, чадварлаг улс төрчдийг сонгоё

2015 оны 8 сарын 31

Хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг “төрхөмд нь буцаасан”.

Энэхүү гэнэтийн шийдвэрийг сөрөг хүчин таатайгаар хүлээж аваагүй ч нэгэнт олонхийн шийдвэр учир хүссэн хүсээгүй сайд нараа үдсэн. Төд удалгүй сайд нарынхаа араас дэд сайд нар ч тухалсан суудлаасаа буусан билээ.

Тэгвэл дэд сайд нарыг томилох асуудлаар АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН тохиролцоонд хүрч, 3+3+1 гэсэн квотоор хуваахаар болсон нь мөн л олны анхаарлыг эрхгүй татаж байсан юм. Яагаад гэвэл  өөрийнхөө Засгийн газрыг өөрсдөө унагааж, рейтингээ шавар шавхайтай хутгасан АН-д айсуй 2016 оны сонгуульд хэрэг болох учраас тэр. Товчхондоо энэ жүжиг цааш хэрхэн үргэлжлэх, хэн хэн нь хатуухан тоглоомын дараагийн бай болох нь л сонирхолтой.

Гэхдээ бялууны гадна үлдэж, хусам ч олдоггүй улс төрийн "уяатай нохой" болсон зарим эрхэмүүдэд сайд нарт болон дэд сайдад нэр дэвшигчид таалагдахгүй байгаа. Тийм ч учраас "Чадварлаг шоучдыг биш чадварлаг боловсон хүчнээ сонго л доо" хэмээн үг хаяад буй. Үнэндээ дэд сайдын суудалд "сойж" байгаа эрхмүүдийн нэр олны дунд тийм ч сайн "давхихгүй" байгаа нь үнэн.

Тодруулбал, Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал  Н.Мөнхдашийн нэр цойлж байх жишээтэй. Түүнийг улс төрч гэдгээр нь бус архины бизнес эрхлэгч, Монгол Улсад нэг хүнд ноогдох 23 литр архийг үйлдвэрлэдэг эрхмүүдийн нэг гэдгээр нь ард түмэн андахгүй. Бас энд тэнд зодоон нүдээн хийж, айлган сүрдүүлэх тактикийг гаргуун эзэмшсэн гэдгээрээ алдартай. Товчхондоо улстөрч Н.Мөнхдаш биш нударга Н.Мөнхдаш гэдгээрээ алдартай нөхөр дэд сайдын суудалд зүтгэж байгаа юм.

Харин Гадаад Харилцааны дэд сайдад  АН-ын ҮЗХ-ы гишүүн  О.Магнайг зүтгүүлнэ гэсэн чимээ бий ч түүнтэй эн зэрэгцэн суудал булаацалдаж буй нөхөр ч бий. О.Магнайг мөн л улс төрч гэхээсээ нь илүүтэй гудамжны жагсаалч /гудамжны улс төрч/ гэдэг. Харин сүүлийн үед шоучин гэх хочыг зүүгээд байгаа нь ШӨХТГ-т ажиллах хугацаандаа чамгүй PR хийгээд авсантай нь холбоотой. Ер нь л чадварлаг шоучин.

Түүнчлэн  Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн  Н.Удвалын нэр цохиж яваа нь зарим хүмүүсийн аазгайг хөдөлгөөд байгаа гэх. Учир нь түүнийг Эм-ийн сайдаар ажилааж байхдаа энэ салбарыг элгээр нь хэвтүүлж, мөлхүүлж байсан учраас хариуцлага тооц гэдэг шаардлагыг тавьж байсан ч төд удалгүй эргээд ирнэ гэхээр "айдас" төрж буй гэх.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад  ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийн нэрийг дэвшүүлжээ. Тэрбээр ёстой л олны хэлдэгээр цоорч, цойлдоггүй эрхэм. Улс төрийн амьдрал олон жил буцалж яваа ч хийж бүтээсэн нь ховор.

Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл сонгогдох магадлал өндөр байгаа юм. Б.Цогтгэрэл нь "Нам бараадвал ам тосдоно" гэгчээр нам бараадан улс төрөөс бараа нь тасрахгүй өнөөг хүрсэн эрхэм.  Бас л цоорч, цойлоогүй ч бараа тасардаггүй л нэгэн.

Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд  сайдад Дорнод аймгийн ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг гэх эмэгтэйг томилох сураг гарсанд нутгийнхан нь ихээр бухимдаж байгаа сурагтай. Учир нь тэрбээр аймгийн намын хороогоо бужигнуулж, бутаргасан "хорчин" нэгэн гэх. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Р.Бурмаатай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцсан нэгэн. Өөрийнх нь ажил бүтэж байвал нэг нам байна уу, нэг байгууллага ч байна уу түүнд ер падгүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24736
0 эможи
keyboard_arrow_up