Хатуу анхааруулав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Буянт-Ухаа дахь гаалийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзав. Ингэхдээ өмнө нь өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилттэй танилцлаа. Онгоцны хүзүүвчинд төрийн байгууллагын олон ажилтан угтдаг байсныг болиулж, нисэх буудлын оператор болон гаалийн ажилтан гэсэн хоёр хүн зорчигчдыг тосч байгаа. АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй комисс томилогдон, дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна.
Онгоцны есөн зогсоол нэмж барих ажлын гүйцэтгэл 42 хувьтай үргэлжилж байгаа. Мөн дотоод нөөц бололцоогоороо жижиг онгоцны таван зогсоол барихаар төлөвлөсөн. Ингэснээр онгоцны 40 гаруй зогсоолтой болж, уулзалтын бэлтгэл ажил хангагдана гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажав хэллээ. Харин ногоон гарцын хувьд гар тээш шалгах зориулалтын төхөөрөмж байхгүй учраас овор ихтэй ачаа тээшинд зориулсан төхөөрөмжөөр шалгаж байгаа гэв. Үүнд Ерөнхий сайд өгсөн үүрэг даалгавар одоо болтол биелэгдээгүй байгаад хатуу анхааруулга өглөө.