Халаасаа гөвж дууслаа
Шинэчлэлийн Засгийн газраа огцруулж, Шийдлийн засаг байгуулахдаа Ардын намтай л хамтарчихвал асуудалгүй болчихно хэмээн тайлбарлаж суусан Ардчилсан намынхан тэднийг засгаас хөөчихвөл эдийн засаг нь сэргээд ирэх юм шиг ярьцгааж байна. Гэвч, тэдний хэлсэн шиг эдийн засаг сэргэсэн бол эхний тавигдах асуулт нь доллар 2000 төгрөгтэй тэнцэх байсан болов уу гэж. Саяхандаа, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар зурагтаар гадаадын хөрөнгө оруулалт хэвийн гэж мэдэгдэв. Харамсалтай нь, даргын хэлснээс өөрийг эдийн засгийн тоо баримт өгүүлж байна.
Дөрвөн жилийн өмнө, Монголын эдийн засаг оргилдоо хүрч, улсны төсвийн дөрөвний нэгийг нүүрсний салбар бүрдүүлж, “Монгол Улс дэлхийн шинэ тоглогч” хэмээн бусдыг алмайруулж явсан сайхан цагт манай улсад орж ирсэн хөрөнгийн хэмжээ 4.620 тэрбум доллараар хэмжигдэж байв. Тэгвэл арван хоёр оны сонгуулийн жил 4.408 тэрбум доллар болж буурсан бол 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар буюу 55 хувиар унажээ. Өнгөрсөн 2014 онд гадаадын хөрөнгө оруулалт дөнгөж 405 тэрбум долларт хүрэв. Нэг их наяд орчим төгрөг гэсэн үг.
Харин өнөөдөр мөнгө Монголыг бүр мөсөн хаяжээ гэж хэлж болохоор. Оны эхний зургаан сард Монголд ердөө 44 тэрбум доллар орж ирсэн байх юм. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 88 хувиар унасан үзүүлэлт юм. Цаашид гэнэтийн “аз” тохиочихгүй бол сайд нарынхаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа улстөрчид Ч.Сайханбилэгт мөнгө олох эрх мэдлийг нь өгөхгүй янзтай. Иймээс энэ жилийн хөрөнгө оруулалт 100 тэрбум хүрэхтэй үгүйтэй л гарах урьдчилсан тооцоо бий.
Төсөв сардаа 100 тэрбумын алдагдал хүлээж, орлого нь төсөөлж байснаас доогуур байгааг Сангийн дэд сайд С.Пүрэв хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж. Энэ бүхэн эрдэс баялгийн экспортын орлогоороо амьдардаг Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ унасантай холбоотой. Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, нөгөө талаар дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ тогтворгүй байгаа ч нөлөөлж буй нь гол нь засаг төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн хувийн амбиц, намуудын толхилцоо, өнөөдрийн засаглалын хямрал эдийн засагт орж ирэхээр хүлээгдэж байсан мөнгийг хэлээрээ түлхэн гаргах шалтгаан болж байна.
Шулуухан хэлэхэд гадаадынхан Монголд хөрөнгө оруулах хүсэлгүй болсон нь илт. Адаглаад л 2016 оны сонгуулийг хүлээх болж. Ардчилсан нам эрх барьж буйн хувьд эдийн засгийг хямраасан, хөрөнгө оруулалтыг 4.408 тэрбум доллараар 44 болгож бууруулсны хариуцлагыг үүрэх нь гарцаагүй. Гэвч, өнөөдрийн хувьд АН-д хэнийг хэдүгээр ээлжийн хоолонд оруулах нь чухал байгаа бололтой. Уг нь өдийд улстөрчид Улсын төсвийн тодотголыг оруулж ирэхийг Сангийн сайддаа шахаад сууж байх үе. Гэтэл ид сааль сүүний цагаар “эхнэр”-ээ хөөгөөд явуулсан хүмүүс одоо яая гэх вэ. Мөнгө, эрх мэдэлд дургүй хүн байхгүй хойно доо, АН-ынхан 35-уулаа сайд болчихмоор байгаа ч биз. Тиймээс одоог хүртэл гурван сайдаа тодруулж чадахгүй толхилцож байгаа биз. Гэвч хүний тоо 35, сайдын суудал гурав. Сугалаагаар ч болтугай гурван сайдаа тодруулаад эдийн засагтаа анхаарлаа хандуулъя, улстөрчид өө. Бүхэл бүтэн улсад 44 сая долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг инээд биш шүү дээ?