Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн өрөөнд өнжжээ
МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, орны сайдыг томилох марафон Төрийн ордонд эхлээд удаж буй. Ерөнхий сайдын зөвлөх намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээллийг өгсөн ч УИХ-ын дарга өчигдөр Ерөнхий сайдад албан тоот хүргүүлсэн байна лээ. Тус албан тоотод сайд нарын нэрсийг есдүгээр сарын 6-ны дотор өргөн барихыг үүрэгдсэн байна. Хэрвээ сайд нарын нэгийг өргөн барьвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах магадлалтай юм. Түүнчлэн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ч яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа.
Харин Засаг төр тогтворгүйтэхтэй зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадаас ирж, Төрийн ордноор үзэгдэх нь ихэссэн. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайдын өрөөнд өнжсөн сурагтай. Н.Энхбаяр болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөгөөр орж гарч өнжжээ. Тэд Ерөнхий сайдын өрөөгөөр яагаад эргэлдэх болсон нь улс төрийн хүрээнийхэний сонирхолыг татаж буй юм.
Ээлжит бус чуулган хаасан энэ үед Төрийн ордонд Шударга ёс эвслийнхэн л бужигнаантай байна. МАХН, МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хэнийг сайдаар нэр дэвшүүлэх дээрээ тогтоогүй байгаа бололтой.
“Шударга ёс” эвсэл оногдсон гурван суудлын хоёрыг нь МАХН, нэгийг нь МҮАН авахаар болсон гэх мэдээлэл бий. МҮАН-аас Шадар сайдын суудлыг авч Н.Батцэрэгийг дэвшүүлэхээр зүтгүүлж буй гэх. Гэхдээ МАХН Шадар сайдын суудлаа МҮАН-д өгөх дургүй байгаа аж. МАН-ын сайд нарыг огцруулсны дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Салсан нөхрөө эргээд ирэхэд нь Шударга ёс эвсэл хэрхэн хүлээж авахыг би мэдэхгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл бий. Тодруулбал, Дубайн гэрээ. Монголын баялагаар барьцаалж Рио Тинтод зээл авч өгсөн. Хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгож улс эх орноо хохироосон. Энэ бол таныг огцруулах хангалттай үндэслэл. Тиймээс би одоо таныг огцруулах гарын үсгийг цуглуулна” хэмээн мэдэгдэж байсан. Тэрээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаагаа сошиалаар зарлаж байсан билээ. Гэвч Н.Батцэрэг Шадар сайд болно гэх чимээнээр таг болчихсон. Магадгүй Ерөнхий сайд өөрийгөө огцруулах гарын үсгийг Шадар сайдын суудлын тохироогоор зогсоосон ч байж мэдэх.
Мэдээж МАХН-ынхан МҮАН-д Шадар сайдын суудлаа “май” гээд өгчихөөгүй байгаа бололтой. Хэрэв МАХН Шадар сайдын суудлаа авна гэвэл Д.Тэрбишдагва,Ч.Улаан нарын нэр дуулдаж байна. Гэвч Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан “Шийдлийн засагт орохгүй” гэсэн мэдээлэл бий. Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд үзэглэсэн луйврын гэрээгээ сайжруулна гэсэн амлалт өгөхгүй бол танхимд нь багтаж ажиллах боломжгүй гэдгээ ч илэрхийлжээ. Ямартай ч сайд нарын нэрс АН-ынхнаас болоод гацаад байгаа бус эвслийнхэн дотроо тохиролцоонд хүрч чадахгүй байгаа бололтой.