Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтад оролцож байна
Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо 8 дугаар сарын 4-6 өдрүүдэд зохион байгуулагдаж буй АСЕАН-ы бүсийн чуулга (АРФ)-ны Сайд нарын 22 дугаар уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Уулзалтын үеэр Л.Пүрэвсүрэн сайд бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг сурталчлах АРФ-ын семинарыг Бүгд Найрамдах Филиппин Улстай хамтран ирэх 9 дүгээр сарын 3-4-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байгаа зэрэг талаар танилцуулж, үг хэлэв.
АРФ-ын үйл ажиллагаа нь гамшгаас хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, эх далайн аюулгүй байдлыг хангах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах болон энхийг сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудалд төвлөрдөг. АРФ-ын энэхүү уулзалтад 27 орон, тухайлбал АСЕАН-ы гишүүн 10 улс (Бруней, Вьетнам, Индонез, Лаос, Камбож, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин), АСЕАН-ы яриа хэлэлцээний 10 түнш (Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон болон Европын Холбоо) болон Бангладеш, БНАСАУ, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Тимор Лесте, Шри Ланка-ын Гадаад хэргийн сайд нар болон АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга оролцдог.