Д.Батцогт: Сонгогчдодоо таалагдах гэж тооцоололгүй хууль батлаад байвал хойч үедээ л их ачаа үүрүүлэх болно

2015 оны 6 сарын 08

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогттой тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-аар Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж эхэллээ. Эдийн засаг хүндэрсэн энэ үед тэтгэврийн насыг нэмэгдүүлэх талаар хөндөж байгаа нь оновчгүй шийдэл биш гэж үү?
-Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Өнөөдөр шимтгэлээ төлж байгаа иргэдийн мөнгөөр ахмадуудын тэтгэврийг олгодог. Нэрийн дансны тухай хуулийг батлаад удаж байгаа ч уг дансанд төвлөрсөн мөнгө байхгүй. Засгийн газар өнөөдрийн байдлаар тэтгэврийн даатгалын санд 8,8 их наяд төгрөгийн өртэй байгаа. Гэтэл ойрын жилүүдэд тэтгэврийн даатгалын сангийн ачаалал нэлээд нэмэгдэх гэж байна. Учир нь 1960, 1970-аад оны үед манай улсад төрөлт эрс ихэссэн. Тэр үед төрсөн хүүхдүүд өнөөдөр тэтгэвэрт гарах насанд хүрч байна.

Нөгөөтэйгүүр, Монголчууд бидний дундаж наслалт нэмэгдэж байна. Энэ нь тэтгэврийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэх бас нэг гол хүчин зүйл болж байна. Ер нь дэлхий даяар хүн амын дундаж наслалт нэмэгдэж, түүнийгээ дагаад тэтгэврийн насыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Манайд ч гэсэн тэтгэврийн насыг наашлуулах бус цаашлуулах тухай асуудлыг судалж, шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн санал Засгийн газраас өргөн барьсан. Гэхдээ энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд  тэтгэврийн насыг хэд байх талаар хатуу тоо тавих нь буруу, эдийн засгийн боломж зэрэг бүх нөхцөлийг судлах хэрэгтэй гэж гишүүд үзсэн.

-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээр өндөр настнуудад ямар боломжууд бий болох вэ?
-Суурь тэтгэмж бий болно. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгож, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, залуучууд хувийн даатгалын компанид давхар шимтгэл төлж тэтгэвэрт гарахдаа нэмэлт тэтгэвэр авах боломжтой.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг зарим гишүүд тавьж байна. Энэ талаар таны байр суурийг сонсвол ...?
-Тэтгэврийн зээлийг хүүг бууруулах тухай МАН-ын гишүүд ярьж байгаа. Үүнтэй уялдуулаад Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонсоод энэ зөвлөлд 14 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Тус зөвлөл арилжааны банкуудтай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж бололцоо байгаа талаар судалгаа хийлгэсэн. Эцэст нь УИХ-аас шийдвэр гаргаад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй, харин тэтгэврийн зээлийн асуудлаар хууль эрх зүйн орныг боловсронгүй болгох хуулийн төсөл санаачлаад батлуулах шаардлага байна гэдгийг танилцуулсан юм. Үүний дагуу Байнгын хороо, УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулаад мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дээр ажлын дэд хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулах үүрэг өгчихсөн байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчин бий болно. Өнөөдөр чуулган дээр нэг хэсэг нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гээд зүтгээд байгаа юм шиг, нөгөө хэсэг нь үгүй гээд зүтгээд байгаа юм шиг уур амьсгал харагдаад байна. Сонгууль дөхсөн учир улстөржицгөөж байна.

-Орон нутагт ажиллаж байхад малчид тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг УИХ хэлэлцээсэй гэсэн санал тавьж байсан. Энэ тухай УИХ судалгаа хийж байга юу?
-Тийм ээ, малчдын тэтгэврийн насны асуудал дээр гишүүд хоёр өөр байр суурийг илэрхийлж байгаа. Тэтгэврийн насыг наашлуулах асуудал УИХ дээр төдийлөн дэмжлэг авахгүй байгаа. Малчдын хувьд өвөлдөө даарч, зундаа халж, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг. Иймээс малчдын тэтгэврийн насыг наашлуулъя гэж нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Гэхдээ энэ нь нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчинө. Ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан гээд. Хоёрдугаарт, бусад салбарынхан барьцаж, тэтгэврийн насаа наашлуулах санал оруулж ирж болзошгүй. Миний хувьд, малчдыг дэмжсэн өөр хууль санаачилъя гэж бодож байгаа. Жишээ нь ажилласан жилийг нэмэгдүүлж тооцох тухай. Малчдын ажилласан жил тутмыг 1,5 жилээр тооцож болно. Тэгвэл тэтгэврийн насыг наашлуулсантай ижил хэмжээний хөнгөлөлт эдлээд явах боломжтой. Одоо байгаа хууль эрхзүйн орчиндоо Үндсэн хууль зөрчихгүйгээр, бусад ажил мэргэжлийнхэнд ялгавартай хандахгүйгээр, малчдын байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилласных нь төлөө хөнгөлөлт эдлүүлж болно.

Ер нь зөвхөн сонгууль угтаж хууль баталдаг байдлаасаа бид салах хэрэгтэй. Манай улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө очиж ард иргэдийг бужигнуулаад байна. Бид нар та нарын тэтгэврийн насыг чинь наашлуулаад өгье, эсвэл тэтгэврийн зээлийн хүүг чинь бууруулна гэж хэлж үймүүлээд араас нь бид нар ингээд зүтгээд байхад АН эсэргүүцээд байна шүү гэдэг. Ийм байдлаар улстөр хийж, ард түмэнд таалагдах гэдэг ядмаг аргаасаа улстөрчид салах л хэрэгтэй байгаа юм. Өнөөгийн бодит нөхцөл байдал ямар байна, түүндээ түшиглэж,  тооцоо судалгаа хийж асуудалд хандаасай л гэж хүсч байна. Монгол төр урт хугацааны, алс хэтийг харсан, нэлээд их судалгаа шинжилгээний үндсэн дээр хуулиа батлах ёстой. Өнөө маргаашаа бодож, сонгогчдодоо таалагдах гэж тооцоололгүй хууль батлаад байвал бид хойч үедээ л их ачаа үүрүүлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22696
0 эможи
keyboard_arrow_up