Д.Тэрбишдагва Токиог зорьж анд О.Чулуунбатыгаа эргээд иржээ

2015 оны 6 сарын 04

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Токио хотыг зорьж хүндээр өвдсөн анд О.Чулуунбатыгаа эргээд иржээ. Тэд эртний андын барилдлагатай. Ойр харилцаатай.  2012 онд парламентын 3 гишүүн МАН-аас гарч МАХН-ын батлахаа сэргээж, буланд шахагдсан, хорьж цагдуулсан  Н.Энхбаярыг түшиж байлаа. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат гурав төрд олон жил зүтгэсэн туршлагатай “ланзгарууд”. Ч.Улаан л гэхэд 3 удаа Сангийн сайдаар ажиллаж, эдийн засгийг бүхлээр харж шинжилж чадах нэгэн. Д.Тэрбишдагва Хүнс хөдөө аж ахуйн сайдаар удаа дараа ажиллаж, Германд элчин сайд байсан, Шадар сайдыг албыг хашсэн гээд нэр цэвэр, зарчимч төрийн түшээ. О.Чулуунбат Монголбанкийг толгойлохдоо  алдагдлаас гаргаж, түүхэндээ хамгийн ашигтай ажиллуулж чадсан чадалтай банкир. Эдийн засгийн асуудлыг углуургатай, тооцоотой ярьдаг манай улсын урдаа барьдаг мэргэжилтэн юм. Энэ гурван хүний үзэл баримтлал, байр суурь ойролцоо учраас 2012 онд нийлж гэнэтийн шийдвэрээ гаргаж байсан биз ээ. Тийм ч   болохоор МАХН-ынхан дундаа хамгийн амь нэгтэй гэх юм билээ. О.Чулуунбат хэдэн сарын өмнөөс гэнэт өвдөж, эмнэлэгт хандахад хавдар болсон, эмчлэх найдваргүй гэж байсан ч  Япончууд хагалгаа хийж амь насыг аврах боломжтойг дуулгасан аж. Тиймээс эрчимтэй эмчилгээнд орж  яаралтай  хагалгаа хийлгэжээ.  
Ер нь ядарсан үед хүний чанар танигддаг гэдэг. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн ардын сайхан үг байдаг. Үнэхээр ийм л үед нөхрөө, андаа гэсэн халуун сэтгэл гаргаж, тохойноос нь өргөж байгаа хүмүүнийг л хүн чанартай, жудагтай хүн гэж үнэлмээр санагддаг юм. Д.Тэрбишдагва багаасаа өнчин өрөөсөн өсч, аав, ээж хоёрыгоо хэдхэн сарыг зайтай алдсан болохоор ч тэрүү зөөлөн сэтгэлтэй нэгэн бололтой юм. Сая улстөрчдөөс түрүүлж О.Чулуунбатыг эргэж, сэтгэлийн дэм хайрлажээ. Өмнө нь ч гэсэн Н.Энхбаяраас намынхан нь зайгаа авч, АТГ шалгаж, бор оймсийг гозолзуулаад аваад явахад хамгийн түрүүнд Ч.Улаан, О.Чулуунбат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн гээд намынхаа гишүүд рүү утас цохиж, аавынх гэрт очьё хэмээн уриалсан гэдэг. Гэвч түүнийг дагаж явсан нь цөөхөн болохоос биш.  Н.Энхбаярыг шоронд хоригдож, өлсгөлөн зарлаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад хамгийн их гүйж, дарга цэргүүдтэй уулзаж, шинээр байгуулагдсан намаа эмхлэх ажлыг зангидаж байлаа. 

Энэ бүх үйл явдлаас харахад Д.Тэрбишдагва хүн чанарын хэлхээгээ цагийн зэвүүн, улстөрийн бохир тогоонд гээчихээгүй ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22586
0 эможи
keyboard_arrow_up