Мод тарьж, төгөл байгуулах талаар санал солилцлоо

2015 оны 6 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг өнөөдөр “Ногоон Ази” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга И Шин Чолыг хүлээн авч уулзав.

Ирэх долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатарт зочлох БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн айлчлалын үеэр “Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах Санамж бичигт гарын үсэг зурах боломжийн талаар уулзалтын үеэр санал солилцсон юм. Таван жилийн хугацаанд 100 га-д 100 мянган ширхэг мод бүхий “Сөүл хотын иргэдийн төгөл”-ийг Улаанбаатарт байгуулах, үүгээрээ Япон Улс, Солонгосын хойгт хүрдэг шар шороон шуурганы голомт болоод буй Монгол Улсад цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулан мод тарьж, ойжуулах жишиг загвар бий болгохыг “Ногоон Ази” ТББ-аас зорьж байгаа юм байна. Тус ТББ нь 2007 оноос Монголд Төлөөлөгчийн газраа нээж, мод тарихаас гадна ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж иржээ. Нийт 5 аймгийн 6 газарт ойжуулах ажил эрхлэн орон нутгийн 200 гаруй иргэнийг цалинжуулан даатгал, шимтгэлийг нь төлж уг ажилдаа татан оролцуулж байгаа ажээ. Өвлийн улиралд иргэдэд мод тарьж арчлах талаар сургалт явуулж, орон нутагт нь тусламж үзүүлдэг юм байна.

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уг саналыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байх үеэсээ “Ногоон хэрэм” байгуулах зэрэг том төслүүдэд оролцож байсан. Улаанбаатарт өвөлдөө утаа, зундаа тоос шороотой, хүн амын тал хувь нь харшилтай болж байна. Иймээс үүнтэй хамтдаа тэмцэх ёстой. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, БОАЖЯ хамтран “Туул голын шийдэл” гэсэн хэлэлцүүлэг хийсэн. Үүгээр байгаль орчныг хамгаалах ажилд Төрийн болон ТББ, иргэд хамтран оролцож байж үр дүнд хүрнэ гэж ярилцсан. Мөн Туул голыг хамгаалах чиглэлээр бүгдээрээ хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд манлайлал үзүүлж, санал, санаачлагууд гаргадаг. Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчин хамгаалах, ногоон байгууламж бүтээх чиглэлд ажиллаж буй хүмүүсийг том баялаг бүтээгчид гэж нэрлэе гэсэн санал дэвшүүлсэн. Энэ бол сайн дурын ажил төдий биш, хүмүүсийг тогтмол орлоготой, ажилтай байлгах нэг хэлбэр юм. Цаг уурын өөрчлөлтэй тэмцэх нь бүх нийтийн оролцоогүйгээр бололцоогүй юм. Үүнд иргэд, нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллагуудын оролцох оролцоог сайтар дэмжие гэж байгаа. Мөн зөвхөн шинээр мод тарих бус, тарьсан модоо ургуулж арчлах чиглэлээр ажиллая гэсэн. Энэ чиглэлд мод тарьж ургуулдаг мэргэжлийн компаниудтай хамтран ажиллахаар болж байна” гэлээ.

“Сөүл хотын иргэдийн төгөл” байгуулах газрыг сонгох, Санамж бичигт гарын үсэг зурах ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран оролцож болохыг Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уулзалтын үеэр хэлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22558
0 эможи
keyboard_arrow_up