Г.Тэмүүлэн: Ард түмэн бол залуучууддаа л итгэж байгаа
Уул уурхайн дэд сайд, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед НАМЗХ-ны дотоод асуудалтай холбоотой мэдээлэл нийгэмд их тарж байна. Энэ талаар тодруулахаар таныг ярилцлагад урьсан юм?
-Холбооны бага хурал дөрөвдүгээр сарын 11-нд болж өнгөрсөн. Энэ удаагийн хурлаар дүрмийн хүрээнд хийх шаардлагатай зарим асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, НАМЗХ-ны дүрмийн хүрээнд холбооны их хурлыг дөрвөн жилд нэг удаа хийх ёстой. Үүнтэй холбогдуулан НАМЗХ-ны ээлжит их хурлыг зарлан хуралдуулах товыг гаргасан. Энэ сарын 19-20-нд зохион байгуулахаар болсон. Холбооны Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсны үндсэн дээр бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
-Их хурлаараа ямар асуудлуудыг хэлэлцэх юм бэ. Нийтэд хүрч буй мэдээллээс харахад их л ач холбогдол өндөртэй хурал болох шинжтэй?
-Энэ жил холбоог үүсгэн байгуулсны 18 жилийн ой тохиож байна. Улс орныхоо хөгжил дэвшил, эв нэгдлийн залгамж халаа болсон Монгол Ардын Намын дэргэдэх залуучуудын байгууллага нийгмийн хөгжил дэвшлийн төлөөх өөрийн үйл хэргээ энэ 18 жилийн хугацаанд бүрэн зориулж ирсэн. НАМЗХ залуучуудад үеийн үед тулгамдаж ирсэн асуудал болгоныг шийдэх, залуучуудын дуу хоолойг нийгэмд хүргэх, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллаж, энэ бүгдийн төлөө өөрсдийн бодлогоо чиглүүлдэг. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, залуучуудад тулгамдаж байгаа асуудал болгоныг шингээсэн, шийдвэрлэх арга замыг нь тодорхойлсон бодлогын баримт бичигтэй болохын тулд залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулан манай холбооноос гаралтай УИХ-ын гишүүд маань бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү бодлогын баримт бичигтэй уялдуулан холбооны зүгээс ирэх 10, 20 жилийн хугацаанд баримтлах бодлогын асуудал, шийдлийг бид энэ их хурлаар залуучууддаа танилцуулна. Цаашид баримтлах бодлогын шийдлээ тодорхойлж гаргана. Мөн Их хурлаараа холбооныхоо дүрэм журам, цаашид хийх арга хэмжээ, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гэх зэрэг олон асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр төлөвлөж байна.
-Та бодлогын асуудлууд хөндөж байна. Гэхдээ сэтгүүлчийн хувьд танай дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлууд нийгэмд хамгийн их анхаарал татаж байна. Ялангуяа таныг холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон юм уу, эсвэл холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм уу?
-Холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бага хурал дээр гаргасан. Хүсэлтийн дагуу хурлаар энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, миний бие Ерөнхий нарийн бичгийн даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар сонгож томилогдсон юм. Мөн НАМЗХ-ны Ерөнхийлөгч гадаадад суралцаж байгаатай холбогдуулан дүрмийн дагуу ерөнхийлөгчийн үүргийг НАМЗХ-ны V бага хурал хүртэл түр гүйцэтгэх үүрэг хүлээлгэсэн.
-Таны албан тушаалыг сонирхож асуусан асуулт маань хэвлэл мэдээлэл, сониноор нэг хэсэг гарсан. Холбооны логотой таны гэх нэг нэрийн хуудсан дээр 4, 5 албан тушаал жагссантай холбогдуулж асууж байгаа юм?
-Тэрнийг үзсэн. Холбооны нэрийн хуудсыг өмнөх удирдлага маань намайг Дэд ерөнхийлөгч байхад дэд ерөнхийлөгч л гэсэн нэрийн хуудас хийж өгч байсан. Өөрөөр би холбооны нэрийн хуудастай байгаагүй, хийлгэж ч үзээгүй.
-Тэгвэл таныг холбооны ажлаас болоод төрийн сайдын ажлаа өг, хурдан огцор гэсэн утгатай жагсаал цуглааныг холбооны гэх хэсэг залуучууд танай яамны гадаа хийсэн. Энэ талаарх таны байр суурь юу байна?
-Азийн хорин гурван улсын залуучууд Монголд чуулж байсан тэр өдөр манай холбооны гэх залуучууд нэг тийм арга хэмжээ гэх юм уу, юу гэх юм хийсэн байна лээ. Холбооны түүхэнд өмнө нь бие биеийнхээ эсрэг жагсч тэмцэж байсныг би хувьдаа санахгүй юм. 18 жилийн сүүлийн 10 жил нь би энэ холбоотойгоо байсан. Дүүргийн хороо, үүр дээрээс гишүүнчлэлээ анх аваад элсч байсан. Энэ холбоо гэдэг нэг талаасаа намын үйл ажиллагааг дэмжих зангидсан гар шиг эв нэгдэлтэй, эрч хүчтэй залуусын нэгдэл, итгэл сэтгэл гэж би хувьдаа хардаг. Гэтэл учир начрыг нь сайтар бодож тунгаагаагүй, манай холбооны дэргэдэх клубын гэх гишүүнчлэлтэй хэдэн залуучууд жагссан сурагтай байсан. Миний хувьд Азийн залуучуудын чуулга уулзалтын салбар хуралдааныг даргалаад бүтэн өдөр завгүй байсан. Тэр үед манай яамны үүдэнд ирж яамныхныг маань сандаргасан сурагтай. Улс төрийн акц хийвэл ядаж хийх газраа зөв сонгож, асуудлаа бодитоор тодорхойлж гаргахгүй дээ гэж харамсч байлаа. Сүүлд бичлэгийг үзэхэд НАМЗХ-ны дүрмийн дагуу гишүүнчлэлийн насны дээд босгыг 35 хэвээр үлдээх, шаардлагын хариу авах гэсэн асуудлууд хөндсөн байсан.
-Шаардлага тавьж байгаа залуучуудын бухимдаад байгаа гол асуудал нь та бүхэн насны дээд хязгаарыг 40 болгож өөрчлөх гэж байгаатай холбоотой юм биш үү?
-Яагаад гэнэт нас гэх асуудлыг гаргаж ирснийг тэр жагсаал цуглаан хийж, нийтэд яриад байгаа хүмүүсээс асуух нь зүйтэй. Холбооны гишүүнчлэлийн насыг 35-аас дээшлүүлэх асуудлыг миний хувьд болон ажлын хэсэг, Удирдах зөвлөлийн хүрээнд өмнө огт хөндөж яриагүй зүйл. Үнэхээр тийм асуудал албан ёсоор яригдвал Их хурал дээр асуудлаа тавьж, олонхиороо шийдэх ёстой. Энэ холбоог одоогоор тэргүүлж байгаагийн хувьд би 35 наснаас дээшлүүлэх асуудалд харин ч эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ нас бол зөвхөн тоо. Энэ байгууллага зөвхөн насны хязгаар дээр биш, зөвхөн итгэл сэтгэл, эрч хүч дээр яваа гэдгийг ч бодолцох ёстой. 35 нас хүрчихлээ, чи одоо яв гэвэл хэн ч гэсэн гомдоно биз дээ. Ер нь манай намд 35 нас хүрлээ гэхэд цаашид шилжээд өөр нэг дундаж насныхны нэгдэл, холбоо руу ордог, тийм нэг нэгдэл хэрэгтэй байна. Холбооны амин сүнс гэж нэг юм байна даа.
-Энэ залуус холбооны удирдлагуудад өөр ямар шаардлага тавиад байгаа юм бэ. Маргааны асуудал нь юундаа байна?
-НАМЗХ-ны аймаг, дүүрэг, хороо, клубын нэрсийг дурдсан энэхүү шаардлага бичгийг надад өгөхдөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй, буцах эзэн, хаяггүй байсан. Улмаар шаардлага ирүүлсэн гэх аймаг, дүүрэг, хороод, клубээс лавлахад ганцхан холбооны нэг клубын тэргүүн гэх манай НАМОХ-ны Гантулга харин тав хоногийн дараа ганцаараа гарын үсэг зурж ирүүлсэн. Үүнд нь тайлбар, хариуг хүргүүлж, дүрмийн хүрээнд ажиллах ёстойг нь анхааруулсан. Тэрбээр ирүүлсэн бичигтээ хөндсөн асуудлууд нь ихэнхдээ дүрмээс давсан байгаа. Гэхдээ дийлэнх нь Бага хурлаасаа удирдамж зааврыг нь баталсан V их хурлын мандат, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэхтэй холбоотой асуудлууд байсан. Нийслэлийн НАМЗХ-г Их хурлаас өмнө шинэчлэн байгуулах, клубүүдэд Их хуралд саналын эрхтэй орох квот олгох, Бриллиант клуб, эмэгтэйчүүдэд доод тал нь 25 хувийн квотоор орох гээд ихэнхдээ л тоотой холбоотой бөгөөд дүрмийн хүрээнд зохицуулсан, заримыг нь дотроо шийдээд явчих боломжтой, жагсч сүр бадруулаад байхааргүй асуудлууд байгаа. Ер нь бол шинэ биш.
-Клуб, эмэгтэйчүүдийн квот, их хурлын төлөөлөл гэсэн асуудал тийм чухал уу. Эсвэл эдгээрийг нь зөвшөөрөөд явж болдоггүй юм уу?
-Бүгд дүрэмд тов тодорхой тусгасан зүйлүүд л дээ. НАМЗХ-ны одоогийн дүрэмд Их хурлын төлөөлөгчдийн 25% нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэсэн заалт байхгүй. Зөвхөн “Бага хурлын гишүүдийн 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байна” гэснээс Удирдах зөвлөл, Их хурал болон бүх шатны сонгуульт албан тушаалуудад мөрдөнө гэсэн заалт байхгүй. Гэхдээ энэ хөндсөн эмэгтэйчүүдийн оролцоог бүх шатанд хангах асуудлыг бид өмнө нь ярьсан байсан. Холбооны дэргэдэх клуб, хороодын төлөөллийг Их хуралд оруулах асуудал холбооны дүрэм болон VII Бага хурлаас баталсан Их хурлын төлөөлөгч сонгох журмын дагуу зохицуулна. Шаардлагатай бол бид клубүүдэд тавих шаардлага босгыг нь өндөрсгөөд, заавал холбооны гишүүнчлэлтэй байх шаардлага тавиад оролцоог нь нэмэгдүүлэх зохицуулалтыг дүрмийн өөрчлөлтийн хүрээнд үүсгэж болно. Энэ клуб, оролцооных гэхээр эргээд л нөгөө дүрмийн хэрэгжилтийн асуудлаа хөндөөд байгаа юм л даа. Уг нь манай холбоо ордог ч хаалгатай, гардаг ч хаалгатай. Түүнийг нь дүрмээрээ зохицуулсан байгаа. Дүрмийн дагуу Их хурлын төлөөлөгчид НАМЗХ-ны гишүүн байдаг. Гэтэл хэсэг нөхөд холбооны гишүүнчлэлгүй мөртлөө клубын гишүүн гэдэг нэрийн дор хаалгаар биш тооноор орж ирэх гээд оролдоод байна. Тийм зүйл байхгүй, дүрмийнхээ хүрээнд ажиллана. Бид нэг л дүрэмтэй, нэг л зарчимтай байгууллага. Манай намын нэг давуу тал, магадгүй үнэт зүйл бол бид асуудлаа дотроо дэг журамтай, ноён нуруутай шийддэг. Энэ залгамж чанарыг манай үеийнхэн эвдэж таарахгүй. Ард түмэн бол залуучууддаа л итгэж байгаа.
-Бас нэг тодорхойгүй асуудал үүссэн нь нийслэлийн НАМЗХ-г Их хурлаас өмнө шинэчлэн байгуулах хороог байгуулаад байгаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Салбар холбоодын хурлыг хугацаанд нь хийгээгүй гэдэг шаардлага тавьж байгаатай би санал нэг байгаа. Ер нь өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга, ажлын алба, Хяналтын хороо дүрмийг мөрдүүлэхгүй удаан явснаас ийм нөхцөл байдал үүсээд байна. Дүрмээ мөрдөөд явсан бол энэ байдал үүсэхгүй байсан. Энэ дүрмийн хэрэгжилтгүй байдлыг засч залруулахын тулд ажиллаж байна. Тухайлбал, дүрмээрээ яривал аль 2009 оноос хойш ээлжит чуулганаа хийгээгүй Төв аймгийн холбооны Зохицуулах зөвлөл нь олонхиороо хуралдъя гээд, чуулганы товоо тогтоосон байсныг өмнөх удирдлага нь өөрийн үзэмжээр хойшлуулсан байсан. Намайг ажил авснаас хойш тус аймаг чуулганаа хуралдуулсан. Энэ бол тухайн аймаг өөрийнхөө дүрмэнд заасан эрхийнхээ хүрээнд дүрмийн хэрэгжилтийг хангаж байгаа байдал. Мөн Төв аймгийн салбар холбооны хувьд гаргасан Хяналтын хорооны шийдвэр нь үйл баримтаар хууль бус, дүрмийн бус гэдэг нь нэгэнт нотлогдсон, хуучин тэргүүн нь үүнийгээ албан ёсоор бичгээр тайлбарлаж, уучлал гуйсан болно. Нийслэлийн хувьд дүрмийн дагуу хурлаа хийх нь мөн л тэргүүлэгчдээрээ хэлэлцэн шийдвэрлэх асуудал.
Найзууд, дүү нар маань энэ тэнд бичиг шидэхээ урьтал болгохоосоо өмнө гаргах мэдээллийнхээ үнэн зөвийг нягтлаад, дүрмээ нэг сайн эргэж харчихвал бүх зүйл ойлгомжтой байгаа юм даа. Ер нь бичиг шидээд, шаардлага тавиад байгаа нөхөд холбооны сонгуульт албан тушаалд ажиллаж байсан, холбооны дүрмээ маш сайн мэддэг, тэр дүрмийн дагуу ажиллаж байсан хүмүүс мөртлөө ямар ч хэнэггүй гуйвуулаад байгаа нь харамсалтай. Эхнээс нь зарчмын хувьд хатуу шаардлага тавиад л явж байна.
-Тан руу, бүр нэрийг чинь цохоод маш хүчтэй дайрч, ажлын чинь гадаа хүртэл жагслаа. Гэтэл та юу ч болоогүй мэт байх юм. Тухай бүрт нь тайлбар өгөөд, нийтэд мэдээлээд явж болдоггүй юм уу?
-Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Холбооны Бага хурал дээр ерөнхийдөө эв нэгдэлгүй байна, дэндүү нэг талыг барьж байна гэсэн хурц, зөв шүүмжүүд гарсан. Нэг талаас шүүмжилсэн, нөгөө талаас хуучин удирдлагууд шүүмжлэлийн эсрэг байр сууриа илэрхийлсэн. Эцсийн бүлэгт хэд хэд хуваагдаж байхаар бид эв нэгдэлтэй байя. Эв нэгдэлтэй байлгаж, голыг нь олоорой гээд намайг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч гэсэн гурван албан тушаалд хамт олон маань томилсон. Би тэгэхээр энэ байгууллагыг төлөөлж байгаагийн хувьд холбооныхоо нэр хүндийг олон нийтэд муугаар харуулмааргүй байна. Нам дотроо, холбоон дотроо л асуудлаа шийдэх ёстой, ганц нэг хүний хөнгөмсөг бодлыг дэвэргээд тэрнийг нь дагаж шуураад байх ёсгүй л гэсэн зарчмыг барьсан. Миний эсрэг янз бүрийн сонирхол, холбооны зарчимд нийцээгүй үйл ажиллагаа явж байгаа ч эдгээрт харин хувь хүний зүгээс биш, холбооны тэргүүний хувиар албан ёсоор байгууллага дотроо, тухай бүрт хариу өгч байна. Манай намд дэг журам, соёл гэж бий. Бид ажил хийх ёстой. Үнэнийг хэлэхэд манай холбоог эв нэгдэлгүй, дотроо муудалцаж байна гэсэн төсөөлөл бий болгох нь хэнд хэрэгтэй юм. Нүүр тулаад ярихаар шал өөр болчихоод ардуур хатгаад байгаа хэсэг бүлэг нөхөд байна. Гэхдээ цаашид бид нэг хамт олон, нэг л итгэл сэтгэлтэй байх ёстой. Энэ байдал нэг их удаан үргэлжлэхгүй.
-Дүрмийг заримдаа сайн, муу гэж олон янзаар тайлбарлаад байх шиг?
-Дүрэм бол бидний гол амьд баримт бичиг. Тиймээс энэхүү амьд баримт бичгийг цаг үе, хөгжлийн чиг хандлагатай нийцүүлж өмнөх Их хурлуудаар хэлэлцэн байнга сайжруулж ирсэн юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бидэнд тулгарсан асуудлаас харахад манай дүрэмд тодорхойгүй, хариуцлагын зохицуулалтгүй, хэт ерөнхий, удирдлага зохион байгуулалтын хэм хэмжээний зарчим алдагдсан заалтууд байна. Үүнийг бид илүү тодорхой, зарчимтай, илүү боловсронгуй болгох зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Жишээ нь, манай холбооны Хяналтын хороо гэж Их хурлаас сонгогдсон хараат бус байдлаар ажиллах ёстой сонгуульт байгууллага байгаа. Хяналтын хорооноос гарсан дүгнэлт, дүрмийн хэрэгжилтийг хангаж байх ёстой. Дүрэм хэрэгжиж байх, хэрэгжихгүй байх гэдэг асуудлыг Хяналтын хорооны үйл ажиллагаа л харуулдаг. Улсаар бол Хяналтын хороо нь хилийн цэрэг юм. Гэтэл Хяналтын хорооны нөхөд өөрсдийн хүсэлд нийцүүлсэн, үзэмжээрээ дүрмийн бус тайлбар хийгээд байхаар холбооны хэвийн үйл ажиллагаа доголдоод байгаа юм. Эдгээр дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байгаа нөхдөд эргээд хариуцлага тооцох зохицуулалт байдаггүй. Энэ мэт бодит байдлаас үзэхэд дүрмийг сайжруулах, бүрэлдэхүүнээ ч шинэчлэх шаардлага гарч байгаа юм.
-Хаа хаанаа холбооны төвшинд хариуцлага суларсны илрэл гарч ирж байна гэж ойлгож болох уу?
-Өнөөдрийн энэ үл ойлголцол залуучуудын маань хариуцлага, төлөвшилттэй шууд холбоотой гэж харж байгаа. Том зургаар харах юм бол залуучууд маань мэдлэгтэй, боловсролтой, эх оронч сэтгэлтэй, ёс зүйтэй, аливаа зүйлд өөрийн бодол, суурьтай байж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ачаа үүрэх хариуцлагатай бие хүн болно гэж хардаг. Ийм залуучуудыг бид бэлдэх нь чухал. Тэрнээс биш өөрийн гэсэн үзэл бодолгүй, хэн нэгний цүнхийг барьж гүйдэг, албан тушаал хөөсөн залуу хүмүүс энэ холбоонд, цаашлаад энэ намд байх шаардлагагүй. Залуус маань хариуцлагатай байж эх орон хөгжинө гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ намын боловсон хүчний суурь байгууллага нь залуучуудын холбоо юм бол энэ холбооны залуучууд шат шатаар нь дамжиж өөрсдийгөө боловсруулсан, итгэл үнэмшил, ёс зүйтэй бөгөөд хариуцлагатай боловсон хүчнийг бий болгох механизмыг бид дүрмийнхээ хүрээнд хийх ёстой. 2010 оны Их хурлаас хойш гарч байгаа зарчмын нэг санаа зовоосон асуудал маань энэ холбоогоор хүмүүжээгүй, анхан шатнаас нь эхлээгүй, үүх түүх, үнэт зүйлийг мэддэггүй, нэг ёсны замын дундаас суусан хүмүүсээр бид байгууллагынхаа уураг, тархийг бүрдүүлсэн. Загас толгойноосоо өмхийрдөг гэдэг шиг энэ байгууллагын уураг тархи нь өмхийрч, хэврэгших нь эмгэнэл юм. Энэ Их хурлаараа бид залуу хүний хариуцлагыг нэмэгдүүлэх, анхан шатаа дэмжих, боловсон хүчиндээ тавих шаардлагыг өндөрсгөх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зарчмын өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна.
-Яг тодруулж хэлбэл энэ тогтолцооны болоод бодлогын өөрчлөлтийг дүрмийнхээ хүрээнд хэрхэн хийх ёстой гэж?
-Залуусын байгууллага, залуучуудтайгаа анхан шаттайгаа эргэх холбоотой ажиллаж байж бид хөрсөн дээрээ бууна. Холбооны аймаг, дүүргийн дарга нар автоматаар холбооны уураг тархи нь болдог, Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр нь эргээд амьдрал дээр шууд хэрэгждэг, ямбыг нь ч үүрээд, ялыг нь ч үүрдэг хариуцлагын тогтолцоог бид бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, холбооны Удирдах зөвлөлд хэн нэг ерөнхийлөгч өөрт таалагдсан хүнээ сонгодог биш анхан шатны нэгжүүд ротацийн системээр ордог байх зарчмыг тогтоох ёстой. Өөрчлөлтийг бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Өөртөө гэрэл асаагаагүй хүн өрөөл бусдыг юугаараа гийгүүлэх билээ гэж үг байдаг. Тэгэхээр ямар ч шалгуур шүүлтүүргүй, тавигдах шаардлага, бодлогогүйгээр бид энэ байгууллагын уураг тархийг үзэл баримтлалгүй, ёс зүйгүй, хариуцлагагүй хүмүүсээр бүрдүүлдэг байдлаас салах ёстой.
-Их хурлаараа та бүхэн залуучуудын талаар баримтлах бодлого, чиглэл, стратегиа хэлэлцэж шийднэ гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
-Энэ улс орны хөгжлийн цаашдын ирээдүй залуусаас маань шууд хамааралтай. Сүүлийн 20-оод жил үргэлжилсэн, шилжилтийн үеийн улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас залуусын талаар төрөөс явуулж байсан бодлого харилцан уялдаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хэлбэрээр явж ирлээ. Одоо эргээд харахад, монгол залуу бүр халуун дулаан гэр бүлтэйгээ эх орондоо амар тайван амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна уу гэвэл үгүй байна. Монгол залуучууд эх орондоо суралцаж, ажиллаж, амьдарч байна. Нэлээд хэсэг нь гадаадад хөдөлмөрлөж, суралцаж байна, гэхдээ суралцангаа бас л ажил хийдэг. Үүний тулд доод тал нь 5-10 жил өдрийн ихэнх цагийг үйлдвэр, үйлчилгээний газарт ажиллаж, маш хүнд нөхцөлд амьдрах байдлаар хайран залуу насаа өнгөрүүлж байна. Асуудал нь юу байна гэхээр монгол залуу хүнд ердөө л хоёр байрны хэрэгцээ байна гэж бид харж байгаа. Нэг нь тогтвортой, сайн цалинтай ажлын байр, нөгөө нь халуун ам бүлээрээ амьдрах орон байр. Жил бүрийн статистик мэдээг харьцуулан үзсэн л дээ. Тэгэхэд хөдөлмөр эрхлээгүй хүн амын 60-70 хувь нь залуучууд бөгөөд жил тутам 50-60 мянган залуучууд хөдөлмөрийн насанд шилждэг боловч тэдгээрийн 50-60 хувь нь эрхэлсэн ажил, сургуульгүй үлддэг харамсалтай мэдээ гарч байна. Энэ асуудал болгоны шийдлийг бид сайтар гаргаж, нийгэмд төр, засагт дуу хоолойг нь хүргэх ёстой. Залуучуудад тулгамдаж буй асуудал болгоны талаар төрөөс залуучуудын хөгжилд зориулан баримтлах зөв зүйтэй бодлоготой болох шаардлагатай байна. Төрөөс залуучуудад санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж амьдралынхаа гарааг зөв эхлэхэд нь туслах шаардлагатай. Холбооны маань ирэх V их хурлаар залуучуудын өмнө тулгамдсан асуудал болгоны шийдлийн төлөө бид ухаанаа уралдуулж, гарц олохын төлөө бүгдээрээ хэлэлцэж, ярилцах болно.