Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордны Их танхимд болж байна.
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн мэндчилгээг Тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцууав. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар оролцож үг хэллээ.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд "Өндөр гэгээн Занабазарын улс төр, нийгмийн үйл ажиллагааг шинээр авч үзэх нь", "Өндөр гэгээн Занабазар ба Оросын харилцаа: элчин, баримт, судалгаа", "ОХУ-ын Эрмитажийн цуглуулгад буй Монголын буддын шашинтай холбоотой уран баримал ба уран зураг", "Өндөр гэгээний хувилгаан урлал", "Соёмбо дөрвөлжин үсгийн судлалын зарим асуудал" зэрэг үндсэн илтгэлүүдийг сонсож, салбар хуралдаануудаар үргэлжлэх юм.
УИХ-ын гишүүн, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны гишүүн Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын төрөөс эх хүмүүний ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Ойн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг томоохон ажил бол өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал юм. ”Занабазарын амьдрал, өв” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хуралд 6 орны 14 эрдэмтэн, Монгол Улсын 20 гаруй эрдэмтэд оролцож судалгааны шинэ ололт, үр дүнг олон нийтэд танилцуулах, шинэ эргэлтэд оруулах чиглэлээр илтгэлүүдийг тавьж байна. Занабазар судлал олон улсын давцанд эрдэмтэн мэргэд, судлаачдын анхаарлыг ихэд татах болсон. Энэ утгаараа Занабазар судлал нилээд өргөжин тэлж байна гэдгийг онцоллоо.
Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, түүхчид, лам хуваргууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болон ОХУ-ын эрдэмтэн судлаачдын төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.