Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд албан ёсны айлчлал хийнэ
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяарто Монгол Улсад 2015 оны 5 дугаар сарын 28-30-нд албан ёсны айлчлал хийнэ.
Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү айлчлал нь манай хоёр орны хооронд Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжих анхны албан ёсны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Улаанбаатар дахь Унгар Улсын Элчин сайдын яамыг албан ёсоор сэргээн нээнэ.
Мөн Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэнд, спортын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нартай тус тус уулзана.