БНБУ-ын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлал өндөрлөв

2015 оны 5 сарын 14

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн тавдугаар сарын 10-13-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөв.

Түүнийг Олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү, албаны бусад хүмүүс үдэж мордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, бизнес форум зохион байгуулсан юм. Мөн Монголоос БНБУ-д их, дээд сургууль төгсөгчидтэй уулзаж, малчин айлын амьдрал ахуйтай танилцлаа.

УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар БНБУ-ын Ерөнхийлөгчид бараалхав.

Айлчлалын үеэр Монгол Улс, БНБУ-ын хооронд Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг, Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээр, БНБУ-ын Дээд боловсролын сургалтын байгууллагуудад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Хэлэлцээр, Монгол Улсын ШУА, БНБУ-ын ШУА хоорондын Хамтын ажиллагааны протоколд  тус тус гарын үсэг зурлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21874
0 эможи
keyboard_arrow_up