Монгол, Болгар хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна

2015 оны 5 сарын 12

Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Болгарын анд нөхөд, энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн өдрийн мэндийг айлтгая.

Энэ жил манай  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ айлчлал уг ойн жил болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдөр би эрхэмсэг хүндэт Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн байдлаар уулзалт хийж, хоёр орны, хоёр талын сонирхсон асуудлуудаар маш амжилттай хэлэлцээ хийж чадлаа.

Манай орны хоорондын харилцаа түүхэн суурьтай харилцаа юм. Бидний өмнөх үеийнхэн энэ суурийг тавьсан. Бидний үеийнхэн энэ харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Манай урлагийн олон авьяастнууд, алдартнуудын ихэнх нь Болгар улсад төгссөн байдаг. Спортын олон алдартнууд мөн тус улсад төгссөн байдаг. Олон геологичид, эмч нар, эрдэмтэд Болгар улсад мэргэжил эзэмшсэн байдаг. Монголоос нийтдээ 5000 гаруй хүн тус улсад мэргэжил эзэмшсэн.

Өнөөдөр Болгар Улсын Ерөнхийлөгч улс төр, эдийн засаг, бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн явдалд бид туйлын талархаж байгаа. Айлчлалын хүрээнд хоёр талын бизнес уулзалт болно. Болгарын тал Монгол орныг Европын холбооны хүрээнд болон  олон улсын хүрээнд маш идэвхтэй дэмжиж байдагт үргэлж талархаж байдгаа илэрхийлье.

Европт бид Болгарыг өөрийн хамгийн дотнын, Монгол Улсын хамгийн сайн анд нөхөр гэж үздэг. Мөн Монгол Улсыг тус бүс нутагт Болгар Улс мөн тэгж үзэж цаашид харилцана гэдэгт итгэж байна. Өнөөдөр бид богино хугацаанд тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж чадлаа. Энэ бүхэн манай хоёр орны баримт бичиг зурсан салбаруудын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байх болно. Эрхэм Ерөнхийлөгч болон хамт дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсч байна. Баярлалаа” гэлээ.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч таньд биднийг халуун дотноор, найз нөхдийн хувиар хүлээн авсанд ихэд баярлаж буйгаа илэрхийлье. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жилд миний энэхүү айлчлал тохиож байгаад их баяртай байна.

Болгар, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд их амжилттай хөгжиж ирлээ.  Улаанбаатар хотод болсон уулзалт бас маш их амжилттай боллоо гэж үзэж байна. Монгол Улс бол манай улсын Ази дахь хамгийн найдвартай түнш, бидний дотнын анд нөхөд юм. Болгарын талаас өнгөрсөн жилүүдэд үзүүлсэн техникийн тусламжаар Монголын 500 илүү иргэн Болгарт дээд боловсрол эзэмшсэн бөгөөд мөн 3000 гаруй хүн БНБУ-д мэргэжил дээшлүүлсэн байдаг.

Энэхүү айлчлалын үеэр хоёр орны харилцааг эмийн үйлдвэрлэл, эрчим хүч, газар тариалан, хүнсний болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт, мөн өндөр технологи болон сүүлийн үеийн дэд бүтэц байгуулах зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлээр бидний яриа хэлэлцээ үргэлжиллээ. Болгар Улсын Их Хурал Монгол Улс болон Европын холбоотой харилцах гэрээг баталсан. Ингэснээр Болгар, Монголын харилцаа, Болгар, Европын холбооны харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэж итгэж байна.

Манай хоёр орны харилцаа мөн гадаад харилцааны салбарт үргэлжлэн хөгжинө гэдэгт найдаж байна. НҮБ, мэргэжлийн байгууллагуудын шугамаар энэ харилцаа хөгжинө гэж найдаж байна. Ирэх 2016 онд Улаанбаатар хотод болох Европ, Азийн уулзалт /АСЕМ/-ыг Монгол Улс амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол орны нэр хүнд дэлхий дахинд улам бүр өснө гэж бодож байна. Баярлалаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21740
0 эможи
keyboard_arrow_up