Б.Гарамгайбаатар: Монроудыг байгуулсныхаа төлөө буруутан болсноо ойлгохгүй байгаа

2015 оны 5 сарын 06

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Таван толгойн гэрээ яригдаж эхэлснээс хойш хүн бүр олон өөр тайлбар хийж байна. Таны хувьд гэрээтэй танилцав уу?
-УИХ-ын гишүүдэд тараагдсан Таван толгойн гэрээтэй тодорхой хэмжээнд танилцлаа. Зарим заалтууд нь ойлгомжгүй байна. АН-ын бүлэг дээр бүх оролцогч талуудаас мэдээлэл авсан. Эрдэнэс Таван толгойн байр суурь ямар байсан юм, Энержи ресурс яагаад орж ирж байгаа, гэрээний ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханы мэдээлэл энэ бүгдийг судалж үзсэн. Ингээд гэрээний тодорхой заалтууд дээр эргэж харах шаардлага байна гэдэг нь харагдсан. Тийм ч учраас УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа.

-Ямар заалтуудыг нягталж шалгах ёстой гэж АН-ын бүлэг үзсэн юм?
-Ажлын хэсгийн дүгнэлт эцсийн байдлаар гарч ирээгүй учраас тодорхой тоо, баримт ярихад хэцүү байна. Яригдаж байгаа гол зүйл гэвэл 1072 ширхэг хувьцааны асуудал. Гэхдээ Эрдэнэс Таван толгой Хөрөнгийн биржид бүртгүүлж байж хувьцаа хөдөлгөөнд орох нь мэдээж. Хоёрдугаарт Шинхуа групп Энержи ресурсыг сонгосон гэдэг асуудал нэлээд ноцтойгоор яригдаж байна. Яагаад гэвэл Монгол Улс өөрийнхөө төлөөлөл болгож оруулж байгаа төрийн болоод хувийн хэвшлийг сонгох эрх байхгүй нь мэдээлэл өгсөн хүмүүсийн амнаас унасан үг. Гуравдугаарт хөрөнгө оруулалтын асуудал нь нэлээд маргаантай байгаа. Жишээлбэл, Энержи ресурсын Таван толгойн Ухаа худагт байгаа хөрөнгө оруулалт нь хэдий хэмжээний хөрөнгөөр боссон юм. Тэр хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөж энэ жагсаалтад орж ирж байгаа юм гэдэг нь маргаантай. Мөн гуч, гучин жилээр сунгах асуудал шүүмжлэл дагуулж байгаа.

-Энержи ресурс орж ирсэн нь тийм маргаантай, хууль зөрчсөн процедуртай байгаа юм уу. Бас их хэмжээний өртэй гэх мэтээр яригдаад эхэллээ. АН-ын бүлгийн хэмжээнд асуудал хөндөгдөв үү?
-Энержи ресурсын нэр яригдах болсон шалтгаан гэвэл ММС-гээс улбаатай. ММС-гийн доод талд Энержи ресурс 51 хувийг нь, Шинхуа 49 хувийг нь авна гэсэн гэрээний ерөнхий зураглал орж ирсэн учраас онцолж яриад байгаа. Хэвлэл мэдээлэл, олон улсын санхүүгийн байгууллагуудын тайлан мэдээг ажлын хэсэг судалж үзэж байгаа гэж бидэнд тайлбар өгсөн. Ингэж Энержи ресурстай холбоотой санхүүгийн учир ойлгогдохгүй зарим мэдээлэл байна гэж үзэж байгаа юм.

-Эрдэнэс Таван толгойг ашигтай ажиллаж байхад захирлыг нь барьж хориод, гадны, өртэй компанид өгөх нь гэж шүүмжлэх боллоо. Одоо байгаагаас хэд дахин ашигтай ажиллахаар гэрээнд тусгаж вэ?
-Өмнө нь Эдийн засгийн байнгын хороогоор оруулахдаа ашиггүй гэдэг дүгнэлт гаргаж ирээд ихээхэн баалсан тохиолдол бий. Гэхдээ тухайн үед Аудитын дүгнэлтийг үзээгүй байж магадгүй юм шиг байна. Сая Аудитын дүгнэлтийг гаргаж ирэхэд Эрдэнэс таван толгой компани ашигтай ажиллаж байсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ дагуу цаашдын ажил өөрчлөгдөж байна гэж ойлгож байна.

-Эрдэнэс Таван толгойн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайнбилэг ажлаа өглөө. Тэгэхээр одоо Я.Батсуурь захирал албан тушаалдаа томилогдох уу?
-Ч.Сайнбилэг хүсэлтээрээ чөлөөлөгдлөө гэдэг мэдээллийг сониноос харсан. Дараагийн шийдвэрийг Засгийн газар гаргах ёстой.

-Гэрээг УИХ-аар хэлэлцэх хуулийн хугацааг зааж өгсөн байдаг юм уу. УИХ-аас асуудал хэзээ эргэж гарах вэ гэсэн хүлээлт бас бий?
-Ерөнхий сайд асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор шийдэж өгөөч гэсэн. Гэхдээ заавал 14 хоногт шийдвэр гаргана гэсэн заалт байхгүй. УИХ дээр зайлшгүй үзэх, судлах ёстой нөхцөл байдал үүссэн учраас ажлын хэсгийг ажиллах боломжийг гаргах ёстой. УИХ-ын дарга захирамжийг гаргахдаа ажлын хэсэгт 7-14 хоногийн дотор шалгах боломж байна уу гэсэн чиглэл өгсөн. Тиймээс ажлын хэсэг 14 хоног ажиллахад ерөнхий чиглэл нь гараад ирэх байх. Тэгээд ажлын хэсгийн гаргасан шийдвэрт үндэслэж хэлэлцэх, эсэх асуудлыг нь шийдээд явчих болов уу.

-Таван толгойг хөдөлгөхгүй бол эдийн засаг улам хүндэрнэ, ирэх намраас цалин тэтгэврээ тавьж чадахгүй гээд яриад эхэлсэн байна?
-Зарим гишүүд улс төрийн тоглолт хийж байна. Зарим нь ч үнэхээр тэгж бодож байх шиг. Гэхдээ Монгол Улс бол тусгаар тогтносон орон. Өөрийн гэсэн эдийн засгийн бүтэцтэй. Эдийн засгаа нөхөж болох гаргалгаатай байж таарна. Ганцхан Таван толгойн ажил удааширсантай холбоотойгоор эдийн засаг хүндэрнэ гэвэл өрөөсгөл. Эдийн засаг хүнд байгаа юу гэвэл үнэн. Гадна, дотны нөхцөл байдал илт харуулж байна. Хоёрдугаарт үүнийг нөхөж болох боломжууд байгаа. Хэрхэн яаж, нөхөж зохицуулалт хийх вэ. Таван толгойтой холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн гэдэг орон зайг нөхөх ажлыг Засгийн газар олох л хэрэгтэй. Түүний нэг хэлбэр нь Оюу толгойн талаарх шийдвэрээ хурдан хугацаанд гаргах тухай ч байж болно. Бусад үйлдвэрүүд ч байна. Түүнээс биш Таван толгойгоос болоод Монгол Улс унаж гацна гэсэн ойлголт байхгүй.

-Эдийн засгийн бас засаглалын хямрал нүүрэлчихлээ гээд байна. Сүүлийн үед УИХ тар гэж МАН-ынхан, МАН-ыг засгаас гар гэж танайхан хэлж байна. МАН ч засгаас гарч магадгүй гэж дуулдах боллоо?
-Эдийн засаг бол хямраагүй. Яагаад ингэж хэлээд байна вэ гэвэл олон судлаач, эдийн засагч хүн “Өнөөдөр эдийн засаг хямарсан гэж хэлж болохгүй. Хямраагүй байна” гэж байгаа. Хүндрэл тохиолдож байна. Энэ нь гадаад дотоодын олон хүчин зүйлээс хамааралтай. Хүндрэл удаашрах юм бол нэлээд хүндрэлтэй байдал руу шилжих магадлалтай. Асуудлыг намууд олон талаас нь ярьдаг. Энэ нь хүмүүст ихээр нөлөөлдөг. Үүнд нь би шүүмжлэлтэй ханддаг юм. Яагаад гэвэл мөрөөрөө ажил хийж, амьдрахын төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хямрал гэдгээр айлгаж сэтгэлзүйд нь хүндрэл учруулаад байна. Улаанбаатар, төвлөрсөн газруудад хүндрэл ажиглагдаж байгаа. Харин хөдөө орон нутагт гайгүй гэж болно. Яагаад гэвэл орон нутгийн иргэд арай өөр нөхцөлд амьдарч, ажиллаж байгаа учраас тэр. Тэгэхээр энэ бүхэн улс төрийн хүрээнд нэгнээ үгүйсгэж байгаа, сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төр хийж байгаа үзэгдэл. Тийм ч учраас чуулганы хуралдаанд МАН-д хандаж ийм агуулгатайгаар үг хэлсэн. Бид хамтарч ажиллахаар шийдлийн засгийн газрыг байгуулах гэрээ байгуулсан. Гэрээнд тодорхой хэдхэн заалт бий. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя, мега төслүүдийг зохистой хэлбэрээр явуулъя. Үүнийг хамтарсныхаа хүчинд шийдэж болох юм. Дээр нь нам өөрийнхөө боловсон хүчний бодлогы хүрээнд улс төрийн томилгоог хийж болно. Улс төрйин томилгооноос бусад томилгоог хийхгүй гэсэн гэрээний заалт байна. Гэтэл өнөөдөр арай өөр байдлаар яваад байна. Шийдлийн Засгийн газар бол УИХ-д суудалтай бүх намуудын Засгийн газар. Тиймдээ ч Засгийн газрыг шүүмжлээд байх нь утгагүй асуудал. Хөндлөнгийн байр сууринаас юм уу, сөрөг хүчний байр сууриас ажиллах гэж байгаа бол засагт хамтраад байх шаардлагагүй гэдгийг л ярьж байна. Хоёрдугаарт мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар маргаан үүсчихээд байгаа. Засгийн газар солигдох бүрдээ мөрийн хөтөлбөрөө өөрчилдөггүй юм.  2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр уламжлал болж бодлого нь явах болохоос дараагийн засаг гарч ирэхээрээ шинэ бодлого хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байдаггүй.

-Таван толгойн асуудал төрийн гурван өндөрлөгийн зөрчлийг илчиллээ гэх мэтээр ярьж бичиж байна. Бас хэдэн гэр бүл Таван толгойг хувааж идэхийн тулд тэмцэлдэж байна гэх нь ч бий?
-Нам дамжсан бүлэглэл тодорхой түвшинд байна. Тийм учраас ийм ярианууд гарч байгаа гэж ойлгодог. Төрийн гурван өндөрлөг хэл амаа ололцохгүй байна гэдэг яриаг явуулж байгаа. Хөндлөнгөөс тийм ч юм уу гэж харагдахаар байгаа нь үнэн. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ гурван хүн дээр л тогтдог. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг энэ гурван хүн л гаргадаг. Тиймээс зарчмын зөрүүтэй байна гэдэг нь сонин ойлголт байгаа биз. Яагаад гэвэл Таван толгойн асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороод шийдвэр нь гарсан. Тэр шийдвэрийн дагуу гэрээ хэлцэл байгуулагдах ёстой байсан ч тэгээгүй нь тодорхой түвшинд нотлогдсон. Энэ утгаараа зөрчилтэй байдал харагдаж байгаа байх.

-УИХ ажлаа хийхгүй байна. Нэг асуудлыг улстөржүүлж араас нь олон сар хөөцөлддөг, УИХ-д орж ирсэн хуулиуд гарахгүй байна гэдэг тухайд?
-Засгийн газар эдийн засгийг сэргээх Зөвшөөрлийн хуулиуд зэргийг оруулж ирсэн. Гэхдээ энэ хуулиуд явахгүй байна. Шалтгаан нь намын бүлгүүд хоорондоо барьцсан байдлаар олон зүйлийг оруулж, тээг тавьж байгаа. Хяналтын хууль маш их удлаа. Уг нь энэ хууль Мэргэжлийн хяналтын тогтолцооны асуудлыг цэгцлэх ёстой. Хууль гарахгүй байгаагаас салбар нь дутуу алсан могой шиг болчихоод байна. Тэгээд хэлэлцье гэхээр МАН-ын бүлэг хуралд ордоггүй. Яагаад гэвэл намын харъяаллын асуудал нөлөөлөөд байгаа учраас үүнийг хэлэлцэх сонирхолгүй байгаа юм шиг. Нөгөө талдаа хууль гарвал бизнес эрхлэгчдэд ихээхэн дэм болох ч саатчихаад байна. Хоёрдугаарт Зөвшөөрлийн тухай буюу лиценз, тусгай зөвшөөрлийг хялбаршуулах хууль гацчихаад байна. Мөн ялгаагүй намуудын байр суурь өөр байгаатай холбоотойгоор саатсан. Тэрчлэн Хамтын тэтгэврийн тухай хууль байна. Гэтэл МАН-ынхан тэтгэврийн насыг наашлуулах хууль оруулж ирээд биднийхийг хэлэлцэхгүй бол энэ хуулийг чинь хэлэлцэхгүй гээд барьцаад байгаа. Ийм саатлуудаас болоод тодорхой хуулиуд явахгүй байна.   

-Эцэст нь асуухад таны байгуулсан Монроуд компани Хөгжлийн банкнаас 30 гаруй тэрбум төгрөг авсан гэж яригдаж байна. Та ямар тайлбар хийх вэ?
-Монроуд бол миний үүсгэн байгуулсан компани. Би ямар нэг төрийн өмчийг хувьчилж, худалдаж аваагүй. Бүр тэгээс нь эхлээд үйл ажиллагаа явуулж өнөөдрийн хэмжээнд энэ компанийг авчирсан нь нууц биш. Удирдлагаас нь хөндийрөөд арваад жил болчихлоо. Энэ компани дэд бүтцийн тэр дундаа авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Сайн, муугаар олон жил яригдаж байгаа аж ахуйн нэгж. Гэхдээ энэ компани шиг ажил хийсэн аж ахуйн нэгж ховор. Солонгостын даваа Халзанбүргэдэй чиглэлийн 100 километр замыг өмнөх Засгийн газрын үед хятадууд концессийн гэрээгээр авч дутуу орхиод явсан байдаг. Дараагийн концесс зарлахад буюу намайг УИХ-ын гишүүн болоогүй байхад Монроуд компани тендерт нь оролцож байсан. Тухайн үедээ шалгарч байсан юм. Үнийн маргаан байсан уу гэвэл байсан. Учир нь тэр үед бүтээгдэхүүний үнэ өссөн байсан. Мэргэжлийн байгууллагууд үүнийг шалгаж тогтоогоод, баталгаажуулаад явдаг шат дамжлагаараа явсан. Үүнд би ямар ч хамааралгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Тэгээд юу болоод байгаа юм?
-Асуудал юунаас үүссэн бэ гэвэл АТГ-ын мэдээлэл дээр Хөгжлийн банкыг шалгаж байх үеэр 30 гаруй тэрбум төгрөгийг Монроуд компаниуд шууд өгсөн байна гэж ярьсан юм. Ийм зүйл байхгүй гэдгийг ярьсан хүмүүс сүүлд нь ойлгосон байх. Яагаад гэвэл тендер байгуулсан нийт үнийн дүн нь тэр. Үнийн дүнгээ гүйцэтгэлээрээ санхүүжүүлдэг зарчимтай. Үүнийг улстөржүүлж байгаа. Сүүлийн үед улстөржүүлэх болсон нь мөн МАН-аас улбаатай. Цогоо гэдэг хүн дамжуулж байна. Шалтгаан нь их хялбархан. Эдийн засгийн байнгын хороо Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсэгт би орсон. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсгийн даргыг томилдог. Дэд ажлын хэсгийг мөн байнгын хорооны дарга томилдог. Тэр дэд ажлын хэсэгт МАН-ын бүлгийн ажилтнууд ороогүй юм, уг нь. Гэтэл МАН-аас ажлын хэсгийг ахалсан Л.Энх-Амгалан гишүүн намын бүлгийнхээ ажилтнуудыг дагалдуулан Хөгжлийн банкин дээр очиж мэргэжилтнүүдийг нь айлган сүрдүүлсэн ажиллагаа хийсэн байдаг юм. Асуудлыг байнгын хороон дээр хөндсөн. Байнгын хорооны даргын гаргасан тогтоолд орсон хүмүүс ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг бүрдүүлдэг болохоос бус хэн дуртай хүн нь очиж болохгүй, дүрэм журмаараа явах ёстой гэдгийг ярьсан. Цогоо гэдэг хүн тэгэхэд орсон учраас энэ дагуу л над руу дайрч байгаа юм. Айгаад, эмзэглээд байх асуудалгүй. Би очиж уучлалт гуйх юм гэнэ. Би тэр хүнтэй очиж уулзах юм гэнэ. Тийм юм байхгүй. Би хийх ёстойгоо хэнээр ч заалгалгүй хийнэ. Хэрвээ буруутай байвал асуудлаа шийдээд явна. Энэ бол цэвэр улс төрийн тоглоом. АН Таван толгойн асуудлаар нэлээд нарийн шалгалт хийж алдаа, оноог нь шалгая гэсэн шийдвэрийг гаргасантай холбоотойгоор энэ тоглолт явж байна гэж үзэж байгаа. Би энэ байр сууриа намын бүлгийнх нь даргад, байнгын хорооны даргад илэрхийлсэн. Тэгэхээр энэ бол бас л улстөржилтийн эхлэл. Хөгжлийн банкыг муу ажиллаж байсан, Н.Алтанхуягийн Засгийн газарт муу хүмүүс байсан гэдгийг нотлох шүүх, цагдаагийн ажлыг УИХ хийдэг болоод байна. Үүнийг л би шүүмжилсэн юм. Үүний төлөө над руу дайрч байгаа юм.

-Таван толгойн гэрээг АН-ынхан нарийн шалгаж эхэлсэнтэй холбоотой МАН-ын хийж байгаа улстөр гэдэг нь юу гэсэн үг вэ. Л.Энх-Амгалан гишүүн энэ бүхний ард байгаа гэсэн үг үү?
-УИХ-ын даргын байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэнд нам намын төлөөлөл бий. Би яагаад холбож яриад байгаа вэ гэвэл Л.Энх-Амгалан гишүүн Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагч. Л.Энх-Амгалан гишүүн Энержи ресурстэй холбоотой хүн. Энэ утгаараа явцуу хүрээнд энэ ажиллагааг зохион байгуулж байна уу гэж би хардах эрхтэй. Хардаж ч байна. Яагаад гэвэл АН-ын бүлгийн дарга гэдгээр асуудалд хандаад байна.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа юм уу. Нөгөө талдаа яригдаад байгаа 30 гаруй тэрбум төгрөг ажил хийсний хөлс гэсэн үг үү?
-30 гаруй тэрбум төгрөгийг авсан гэж та ч ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байдаггүй юм. Гүйцэтгэл бүрээрээ санхүүждэг. Тэр гүйцэтгэлийг Зам тээврийн яам хянаж баталгаажуулаад, Хөгжлийн банк руу шилжүүлэнгүүт хянаж үзээд мөнгийг нь гүйцэтгэл тус бүрээр нь шилжүүлдэг. Түүнээс биш яригдаад байгаа 30 гаруй тэрбум төгрөгийг авчихсан зүйл байхгүй. Хоёрдугаарт АТГ-аас “Таныг шалгаж эхэллээ, ирж мэдүүлэг өг” гэсэн зүйл алга. Монроуд компанийг үүсгэн байгуулсныхаа төлөө буруутан болж байгаагаа би ойлгохгүй байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21540
0 эможи
keyboard_arrow_up