“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт Хэн, Юу хэлэв?

2015 оны 5 сарын 04

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр  /2015.05.03/ “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хуралд оролцож, хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд бусад хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт намуудын оролцоог хангаж, нийтэд ил тод байж, ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай

2013 оны 2-р сард УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн 2015 оны 1-р сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулж байна. Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай гэж үздэг.

Өнөөдөр “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулж Үндсэн хуулийг боловсронгуй болгох талаар эрдэмтэн судлаачдын санал бодлыг онол практикийн үүднээс сонсож, шүүн хэлэлцэж байгаа нь тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хурлын явцад гарсан санал дүгнэлт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ажилд ч үнэтэй зөвлөмж болно гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд: Энэ хэлэлцүүлэг Монголын ардчилалд тулгарч буй бэрхшээл сорилтыг даван туулахад дэмжлэг болно

“Зөвлөлдөх ардчиллын онол, арга зүйн үндсийг зөв таньж мэдэх, түүнийг нийгэм, улс төрийн амьдралын тулгамдсан асуудлаар оновчтой шийдэл олоход зохистой ашиглах боломжийг бүрдүүлэх, монгол хүний уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хөрсөнд буулган тодорхойлоход өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан үйл явц нь бүхэлдээ зөвлөлдөх ардчиллын нэгэн тод жишээ үлгэр дуурайлал байсан гэж үзэж болох юм. Энэ туршлагыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ч бид зайлшгүй харгалзан үзэх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлэг Монголын ардчилалд тулгарч буй бэрхшээл сорилтыг даван туулах арга зам, эх орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан нэг биш хүндрэлтэй асуудлыг оновчтой шийдвэрлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва: Үндсэн хууль Монголын төрийн удирдлагын арга барилд үнэлэлт дүгнэлт өгөх нэгэн арга механизм

Монгол улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа хэлэлцэн батласнаас хойш 23 жил өнгөрчээ. Хэдийгээр 23 жил богинохон хугацаа мэт боловч энэ нь та бид хамтдаа эдийн засаг нийгмийн бүхий л салбарыг хамарсан өөрчлөлтийг даван туулсан, одоо ч дуусаагүй байгаа шилжилтийн он жилүүд байлаа. Энэ утгаараа Монгол улсын Үндсэн хуулийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гүйцэтгэж буй үүрэг рольд байнга дүн шинжилгээ хийж, эрдэмтдийн үгийг сонсож байх нь зайлшгүй хийгдэх ёстой ажил төдийгүй монголын төрийн удирдлагын арга барилд үнэлэлт дүгнэлт өгөх нэгэн арга механизм мөн хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэв.

 

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь ардчиллыг илүү боловсронгуй болгох улс орны хөгжлийг урагшлуулахад чухал алхам болно

Ардын Их Хурлын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад бүгдээрээ хэлэлцэж асуудлыг шийдвэрлэдэг парламентийн засаглалыг бид олж авсан. Энэ нь ч зөв байсан. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хамгийн халуун сэдвийн нэг болоод байна. Нэмэлт өөрчлөлт оруулах зорилго нь ардчиллыг илүү боловсронгуй болгох улс орны хөгжлийг урагшлуулахад чухал алхам болох учиртай. Хууль тогтоох эрх мэдэл нь нийгмийн олон төлөөлөлтэй бие биенээ шүүмжилдэг боловч зөвлөлдөж шийдэж чаддаг гүйцэтгэх эрх мэдэл нь асуудлаа шийдсэн шиг шийдэж, хариуцсан шиг хариуцдаг байгаасай” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл18 Ерөнхий сайдтай байсан нь Монгол Төрийн тогтворгүй байдлыг илэрхийлж буй хэлбэр

Дэлхий нийтээр глобалчлагдаж байгаа энэ үед  парламентийн засаглалтай орнууд  төрөө тогтвортой байлгахад анхаарч байна. Харин манай улс сүүлийн 24 жилийн хугацаанд 18 Ерөнхий сайдтай байсан нь Монгол Төрийн тогтворгүй байдлыг илэрхийлж буй хэлбэр. Энэ нь бидэнд оюун санааны шинэчлэл хийх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Шийдэж чаддаг, хэрэгжүүлж чаддаг төртэй болох хэрэгтэй. Монголын улс төрийн намын удирдлагууд жилдээ нэг удаа уулзаж зөвлөлддөг биш, тогтмол уулзаж улс орны хөгжлийн ирээдүйг хэлэлцдэг байх нь чухал гэв. Мөн тэрээр МҮАН-аас “Төрийг урлахуй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж буй гээд  Төрийг урлах асуудлаас улс орнуудын ирээдүй хамаарч байгааг онцолсон юм. 

Энэхүү хуралдааны зорилго нь Үндсэн хууль болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн төлөөлөл, оролцоотойгоор шийдвэрлэх, зөвлөлдөх ардчиллын үндэслэлийг Монгол Улсад бий болгоход чиглэгдэж байгаа юм. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хууль дахь парламентийн эрх мэдэл, хэрэгжилт, шийдэл” сэдвээр, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол Улс дахь парламентийн засаглалыг боловсронгуй болгох шаардлага” сэдвээр илтгэл тавих юм. Түүнчлэн дотоод гадаадын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд оролцон илтгэл тавьж, асуудлыг нээлттэй хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21416
0 эможи
keyboard_arrow_up