АСЕМ-ийн зочид байрлах буудлуудад 30 тэрбумын зээл олгоно гэв
Монгол Улсад 2016 онд АСЕМ-ийн уулзалт болох гэж байгаатай холбогдуулан өчигдөр Монголын зочид буудлын холбоо, Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ. АСЕМ-ийн зочид төлөөлөгчдийг хүлээн авахад нийт 43 зочид буудал ажиллах юм байна.
Эдгээр буудалд 3586 өрөө, 5379 ор байхаас Ерөнхийлөгчийн 37 өрөө улс орны төрийн тэргүүнүүдэд үйлчлэх гэнэ. Түүнчлэн 2016 онд багтан ашиглалтад орох хэд хэдэн зочид буудал байгаа аж. Эдгээр 43 буудлаас нэг одтой нэг, хоёр одтой гурав, гурван одтой 11, дөрвөн одтой дөрөв, таван одтой гурван зочид буудал байх аж.
Эдгээр зочид буудлаас хөрөнгө оруулалт шаардлагатай 34 зочид буудал байгаа бөгөөд нийтдээ 197 тэрбум 384 сая төгрөг шаардлагатэй гэх тооцоо гарчээ. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
-Зочид буудлуудад санхүүгийн дэмжлэгийг ямар журмаар үзүүлэх вэ?
-Хөнгөлөлттэй зээлийг 3-5 жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй зээл олгоно. Нэг зочид буудалд дээд тал нь 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм. Энэ мөнгийг ор дэр, цагаан хэрэглэл, аяга таваг, гадна харуул хамгаалалт, тохижилт зэрэгт зарцуулна. Энэ мөнгийг зочид буудлууд зүгээр авахгүй. Эргээд арилжааны банкандаа төлнө. Ирэх долоо хоногт асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад зээл өгөх журмаа батална, холбогдох газруудтай ажиллана. Үүний дараа Сангийн яам, Төрийн банкаар дамжуулан зээлийг олгоно. Үүнээс гадна зочид буудлын ажилтнуудад зориулсан сургалтыг вакумжуулсан хэлбэрээр зохион байгуулахад төр дэмжлэг үзүүлнэ. Энэ сургалтыг олон улсаас мэргэжлийн тогооч, менежерүүд ирж явуулна.
-Зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоно гэж байна. Энэ нууц биш бол?
-Нуух зүйл алга. Хөнгөлөлттэй зээлийн туршлага байгаа гэж үзэж байна. Журмаа Засгийн газрын хуралдаанаар батлуулна. 3-5 жилийн хугацаатай жилийн 9 хүртэлх хувийн хүүтэй зээл олгохоор төслийн баримт бичигг тусгагдсан. Тодруулбал, нэг аж ахуйн нэгжид 30 тэрбум хүртэлх зээл өгнө. Зочид буудлуудын эрэлт хэрэгцээг бид судалж байгаа. Урьдчилсан судалгаагаар энгийн зүйлээс эхлээд том хөрөнгө оруулалт шаардаж байна. Тухайлбал, цагаан хэрэгсэл, ор хөнжлийн даавуунаас эхлээд харуул хамгаалалт, гаднах тохижуулалт, аяга таваг, өнгө үзэмж гээд их олон ажлууд байгаа. 40 гаруй буудлууд 40-н хэдэн янзын эрэлт, хүсэлт байна. Засгийн газрын хуралдаанаар зээл санхүүжилт хийх журмаа батална. Дараа нь холбогдох банкуудтайгаа ажиллаж, шаардлага хангаасан тохиолдолд Сангийн яамнаас санхүүжилтийг нь хийнэ. Энэ зээл эргээд төлөгдөнө. Төрийн хувьд сургалтын зардлыг л даана. Бусдыг нь бол зочид буудлууд зээл хэлбэрээр аваад өөрсдийнхөө үйлчилгээг сайжруулна. Энэ зээлд хяналт тавьж, шаардлага тавьж, шалгалт ч авна.
-Харуул хамгаалалт аюулгүй байдлыг хэрхэн шийдэх вэ?
-АСЕМ-ийг зохион байгуулах хүрээнд зургаан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хотын дарга Э.Бат-Үүлтэй энэ талаар ярилцсан. Зочид буудлуудад орох гарах гарц зэргийг шалгаж байна. Энэ ажилд төрийн тусгай албан хаагчид бас оролцоно. Аюулгүй байдлыг хангахад төрийн бүх байгууллагууд оролцож байгаа.
“АСЕМ”-ийн өндөр түвшний уулзалтад оролцох гадаадын зочид төлөөлөгчид хаана, ямар одтой зочид буудлуудад байрлах хийгээд зочид буудлуудтай холбоотой асуудлаар Зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбатаас тодрууллаа.
-Энэ уулзалтыг хүлээж авахад зочид буудлууд бэлэн болсон уу?
-Аюулгүй байдал ажлын төлөвлөгөөний дагуу нийт 43 зочид буудлыг сонгож авсан. Эдгээр 43 зочид буудлуудад 3586 өрөө, нийт 5379 ор, үүнээс Ерөнхийлөгчийн өрөө 37 зэргээр байгаа. Зочид буудлууд таван дүүрэгт байгаа. Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 5 зочид буудлууд байгаа. Эдгээр зочид буудлуудад 2015 онд багтаан нээлтээ хийх дэлхийн сүлжээний томоохон зочид буудлууд бий.
Дашрамд хэлэхэд, буудлуудыг урьдчилсан байдлаар сонгож авсан бөгөөд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ. Зочид буудлуудад харьцангуй урт хугацаа, бага хүүтэй зээлээр хөрөнгө оруулалт хийх аж. Харин төрийн зүгээс зочид буудлуудад сургалт явуулж туслах гэнэ. Аливаа зочид буудалд 12 төрлийн гол ажил үүрэгтэй хүмүүс байдаг. Эдгээр үнэгүй сургалтыг вакумжуулсан байдлаар өндөр түвшинд хийх юм байна.
БОНХЯ зэрэг холбогдох байгууллагууд нь зочид буудлуудад “од” байлгадаг арга барил стандартаа олон улсад нийцүүлэх хэрэгтэй байгааг дээрх ажлын алба онцоллоо. Заавал том газар одтой байхгүй. Жижиг газар мөртөө олон “од”-той зочид буудлууд байдгийг ч дурдлаа.