Улстөрчид нийгмийн сүлжээнд хэр идэвхтэй вэ
Иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон улстөрчид өөрийн байр сууриа илэрхийлэх, үйл ажиллагаагаа тайлагнах хамгийн дөхөм аргаар сошиал сүлжээг сонгох нь түгээмэл болоод буй. Аль нэг дарга, гишүүнтэй уулзахын тулд олон шат дамжиж, дугаарлан суудаг байсан цаг ард хоцорч энгийн иргэн төр засгийн түшээдтэй шууд харилцах, дуу хоолойгоо хүргэх боломж бүрдүүлж өгдөг нь цахим ертөнцийн бас нэг давуу тал.
Өндөр хөгжилтэй орнуудын улстөрчид олон нийтийн сүлжээ болох твиттер, фэйсбүүкээ хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг байна. Нөгөөтэйгүүр тухайн улстөрчийн сонгуулийн пи-арын гол цөм нь эдгээр олон нийтийн сүлжээгээр дамжиж байдаг онцлогтой. Барууны орнуудыг жишгийг харахад ч сошиал сүлжээг оновчтой, идэвхтэй ашиглаж байсан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулсан нь цөөнгүй.
Тухайлбал, 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намын Барак Обама, Хилари Клинтон хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн явагдсан ч эцсийн дүндээ Обама намын сунгаанд түрүүлж, нэгдсэн сонгуульд ялалт байгуулан анхны хар арьст Ерөнхийлөгч болж байв. Тэрээр олон нийтийн сүлжээнд өрсөлдөгчөөсөө илүү идэвхтэй байж чадсан нь ийн ялалт байгуулахад үүрэг гүйцэтгэжээ.
Түүнчлэн 2011 оны арваннэгдүгээр сард болсон Сөүл хотын даргын сонгуульд улс төрийн ямар ч туршлагагүй Пак Вон Сун гэгч ялалт байгуулж, хэсэгтээ шуугиан тарьсан. Нууц нь гэвэл, тэрээр твиттерийг сонгуулийн кампанидаа овжноор ашиглаж чадсанд байжээ.
Тэгвэл Монголын улстөрчид нийгмийн сүлжээнд хэр идэвхитэй байдаг талаар бид жижиг хэмжээний тандалт судалгаа хийлээ. Ажиглалтын явцад твиттер, фэйсбүүкээ тэнцвэртэй хөгжүүлсэн УИХ-ын гишүүд харьцангуй цөөн байв. Түүнчлэн олон гишүүн 2012 оны сонгуульд зориулж маш богино сошиалын “үнэнч” хэрэглэгч болж чадсан бөгөөд сонгуулийн дараа эдгээр сошиал хаяг ямар ч идэвхгүй болж хувирчээ. Ингээд улс төрийн нам болон УИХ-ын 76 гишүүний фэйсбүүк пэйж хуудас, твиттертэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.