С.Ганбаатар “Эвлэрлийн гэрээ”-г дэлгэв
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газар “Рио Тинто”-той эвлэрлийн гэрээ байгуулах болсон талаар мэдээлэл авмагцаа Ховд аймгаас яаравчлан мэдэгдэл хийсэн. Мөн Улаанбаатарт очсоныхоо дараа дахин дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно гэснийхээ дагуу ийн өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм.
Тэрээр хэвлэлийн хурлын эхэнд “Энэ удаагийн хэвлэлийн мэдэгдэл миний 11 жилийн хугацаанд хийж байсан Оюутолгойтой холбоотой мэдэгдэл, мэдээллүүдээс хамгийн чухал нь байх” гэлээ. Мөн “Засгийн газар Эвлэрлийн гэрээ нэртэй “Үг дуугүй бууж өгөх гэрээ”-нд гарын үсэг зурвал цаашдаа 70 жил Оюутолгойгоос ямар ч ашиг, хувь хүртэхгүй гэсэн үг. Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурвал өнгөрсөн хугацаанд миний тэмцэж ирсэн тэмцэл талаар болно. Цаашид Оюутолгой гэж ярих нь утгагүй болно. Яагаад гэвэл Оюутолгойн талаар яаж ч ярьж, хэлээд, жагсаад нэмэр гарахгүй. Тийм боломжийг эвлэрлийн гэрээ бий болгож байгаа. 70 жил Оюутолгойгоос ямар ч татвар авахгүй гэдгээ энэ гэрээгээр баталгаажуулах нь байна” гэсэн юм.
Эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар Монголын тал Оюутолгойд ногдуулсан 30 сая ам.долларын татварын актаасаа татгалзана. Мөн хөрөнгө оруулалтын 2 тэрбум ам.долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөх аж. Энэ нь Монголын ашиг, хувь 2 тэрбум доллараар буурахыг хүлээн зөвшөөрч байгаагаас ялгаагүй гэсэн юм. Иймд тэрээр Засгийн газрын тэргүүнд хандан ирэх даваа гарагийн 11:00 цагт өөртэй нь нээлттэй уулзаж, мэдээлэл өгөхийг хүслээ.
Түүнчлэн энэ гэрээний талаар ард түмнээсээ зайлшгүй асуух шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. С.Ганбаатар гишүүн “Хэрэв Засгийн газар миний шаардлагыг хүлээж авалгүйгээр гэрээнд гарын үсэг зурвал гудамжинд гарч тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ тэмцэнэ, жагсана гэхээсээ өмнө ярилцаж, ойлголцъё гэж бодож байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх даваа гарагт уулзах миний хүсэлтийг хүлээн авна гэж найдаж байна. Би Их хурлын гишүүнийхээ хувьд миний хүсэлтийг хүлээж авахыг хичээнгүйлэн гуйя” гэлээ.