Ж.Батзандан: Эдийн засаг ямар байхаас үл хамаарч баялаг бүтээгчдээ дэмжиж байх ёстой
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг авлаа.
-УИХ-ын дарга Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гээд Ерөнхий сайдад албан тоот хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Тавантолгой, Оюутолгойн төсөл Монголын ард түмэнд ашигтайгаар явах ёстой. Түүнээс гаднынханы эрх ашигт нийцэж, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй гэж харж байна.
-Тавантолгойн төслийг баталсан сайд нарийг огцруулах тухай УИХ-ын дарга хэллээ. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын бүрэн эрх, үндсэн эрхэд хамаарах асуудлуудыг УИХ-аас асуудалгүйгээр шийднэ гэж “муйгадлан” зүтгэж буй сайд нар тэрхүү гэрээнд гарын үсэг зурж, үндэсний эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцно гэж УИХ-ын дарга хэллээ. Үүнийг би зөв гэж бодож байна.
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Үндэсний баялаг бүтээгчдээ дэмжихэд та ямар санал оруулах вэ?
-Эдийн засаг хүнд байна уу, өсөлттэй байна уу гэдгээс үл хамаарч баялаг бүтээгчдээ бид ямагт дэмждэг байх ёстой. Монголын зах зээл өөрөө нээлттэй чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан байх ёстой. Баялаг бүтээгчдээ дэмжих олон арга байгаа. Өөрөөр хэлбэл, монголын зах зээл илүү чөлөөтэй, илүү шударга өрсөлдөөнийг хангасан зах зээлийн тогтлолцоог бүрдүүлж чадах юм бол манай баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид аяндаа босоод ирэх боломж байгаа. Үүнд төрийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид баялаг бүтээгчдэд ажиллах бүрэн бололцоог олгосон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа. Тухайлбал, татварын таатай орчин, бүтээгдэхүүнээ дэлхийн зах дээлд гаргах экспортыг дэмжсэн бодлогыг төрөөс явуулж өгөх ёстой. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль удахгүй батлагдана гэдгийг хэлье. Гэхдээ өмнөх Засгийн газраас энэ төрлийн олон бодлого явуулж байсан ч нүдээ олоогүй зүйл олон байсан. Тиймээс эдгээрийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай.
-Масс агентлагийн хамт олон “Баялаг бүтээгч” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Би та бүхэнд баяр хүргэмээр байна. Баялаг бүтээгчдээ байнга дэмжиж байгаарай гэж захья.