Японы Ерөнхий Сайд Шинзо Абэгийн урилгыг УИХ-ын гишүүн М.Батчимэгт гардууллаа
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга Кондо Казүмасаг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ноён Кондо Казүмаса 2015 оны 8 дугаар сард Токио хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын талаар танилцуулсан юм. Уг чуулга уулзалтад дэлхийн 100 орчим улсын төлөөлөл болсон лидер эмэгтэйчүүд оролцох юм байна. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Японы нийгэм, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ихээхэн чухалчилж байгаа бөгөөд энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээ нь ч энэ зорилгод чиглэж байгаа аж. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсаас УИХ-ын гишүүн М.Батчимэгийг урьсан Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгыг албан ёсоор гардуулан өгсөн юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөнхий сайд Абэгийн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, уг чуулга уулзалтад оролцох асуудлыг судалж ойрын үед хариу өгөхөө илэрхийллээ. Түүнчлэн Монгол, Японы парламентын эмэгтэй гишүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өргөн хувь нэмэр оруулах боломжтойг тэмдэглэн хэлэв. Мөн хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ач холбогдол, үр дүнд хүргэхийн чухлыг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.