50 тэрбумын өмчөө хамгаалахын тулд яагаад 100 сая төгрөг гаргаж болохгүй гэж....
“Өнөөдөр” сонины энэ удаагийн редакцын уулзалтаар хулгайн мод бэлтгэл, түүний эргэн тойрондох шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад маань БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, тус газрын мэргэжилтэн И.Дорж, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх салбар дундын Зохицуулах зөвлөлийн дарга, доктор Н.Дашзэвэг, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, хошууч Э.Энхбат, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа нар оролцож байна.
-Хулгайн мод бэлтгэгчидтэй сүүлийн 10 гаруй жил тэмцэж байгаа ч бүрэн таслан зогсоож чадахгүй байгаа. Бугшсан, улиг болсон, бүрэн шийдэгддэггүй асуудал хэвээрээ байсаар ирлээ. Яамнаас энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
Ц.Б:-Хууль бус мод бэлтгэл мөнхөд байсаар ирсэн, дэлхий нийтэд ч байдаг сэдэв. Хууль бус мод бэлтгэл дорвитой буурахгүй байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд 48 дугаар зарлиг гаргаж, орон нутгийн Засаг дарга нарын үүрэг, хариуцлагыг илүү болгохыг шаардсан, иргэдээ урамшуулахыг зөвлөсөн шийдвэр гаргасан. Энэ нь ч үр дүнгээ өгч, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг идэвхжүүлсэн. Мэдээж үе үеийн яам энэ чиглэлээр ажил хийсэн. Сүүлийн 10-аад жилийн дүнгээс үзэхэд хууль бус мод бэлтгэл 30 орчим хувиар буурсан. Гэхдээ цаана нь 70 хувийн зөрчил байгаан нь том тоо. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол 01 тоот албан даалгавраа ойн асуудлаар гаргасан. Үүндээ хэд хэдэн зүйл иш болгосон. Тухайлбал, бид өмнө нь зөвхөн хяналт, шалгалт, машин ачсан модны хойноос хөөцөлддөг байсан бол үр дагавар, уг үндэс нь юу байна гэдгийг судлах үүрэг өгч, 2-3 үндсэн дүгнэлтэд хүрсэн. Нэгдүгээрт, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд яах аргагүй хуулийн арга хэмжээ авах ёстой. Хоёрдугаарт, хуулийг сайн хэрэгжүүлэхийн тулд иргэдээс мэдээлэл авах ёстой. Д.Оюунхорол сайд Ойн тухай хуульд нэмэлт оруулах, үүнийг дагаад Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл Засгийн газарт өргөн барьсан. Хаврын чуулганаар УИХ батална гэж найдаж байгаа. Монгол орны шилмүүст сэрүүн бүсийн ой 12.5 сая га шүү дээ. Бид гурван сая дахь иргэнээ хүлээн авсан, цөөхүүлээ. Тийм учраас иргэдийнхээ хэрэгцээг бас боомооргүй байна. Дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй орон, зайлшгүй гал түлж таарна. Түлээнийхээ модыг авсны төлөө тэр хүн хэрэгтэн болох ёсгүй. Тийм болохоор эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бодлого барьж байна. Үүний тулд унасан мод, ойгоо цэвэрлэх замаар түлээний модоо нийлүүлье гэж байгаа юм.
-Засгийн газрын “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр санхүүжилт нь зогсоод үр дүнгүй болсон гэж дуулсан?
-Ойд өнөөдөр 65 сая шоо метр мод уначихсан буюу хатсан, босоогоороо байна. Унасан нь 42 сая шоо метр мод. Үүнийг авахад яагаад мөнгө шаардав гэхээр төв суурин газрын ойролцоо байдаггүй. Хөвсгөл аймгийн Бадарын нуруу юм уу, Ханхын нуруунд байгаа мод руу хүрэхийн тулд ойн зам гаргах хэрэгтэй болдог. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор энэ хөтөлбөр түр зогсчихсон байгаа. Гэхдээ бид бусад эх үүсвэрийг эрэлхийлж байна. Аж үйлдвэрийн сайд үүнийг дэмжсэн санал манай яаманд ирүүлсэн. Тиймээс бид аль болох хувийн хэвшлийг дэмжиж, заавал модыг тээж авчрах биш, тэнд нь шахмал түлш болгоод авчрах талаас нь зохицуулахаар төлөвлөж байна.
-Салбар дундын зөвлөлийн даргаар Дашзэвэг гуай томилогдсон. Энэ зөвлөл ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?
Н.Д: -Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхээр бараг анх удаагаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг зангидсан үйл ажиллагаа явуулж эхэллээ л дээ. Үүнээс өмнө Санкт-Петербургийн хулгайн модтой тэмцэх тунхаглалын дагуу Шадар сайдаар удирдуулсан комисс байгуулсан ч олигтой юм хийхгүй байсаар сонгуультай золгоод, байхгүй болсон юм билээ. Ерөнхийлөгчийн зарлиг, сайдын даалгавар хоёрт бидний хийх гол ажлууд тусгагдсан. Энэ даалгаврыг хэрэгжүүлж чадвал хулгай зогсоно. Зөвхөн мод хулгайлахтай тэмцэхээс гадна Оросоос хямд мод оруулж ирж, зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудал байна. Мөн мод, модон материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлээд, орон нутгийн иргэдийг ажлын байртай болгоход анхаарна. Гол асуудал бол хууль бусаар мод бэлтгээд байгаа арга механизмын эсрэг тактиктай ажиллах шаардлагатай болчихоод байгаа юм. Өмнөх жилүүдийн гол дутагдал нь шөнө ажилладаг бүтэц байхгүй байсан. Байгаа бүтэц нь учир дутагдалтай. Жишээ нь, БОНХАЖЯ, МХЕГ, ЦЕГ, нийслэлийн Байгаль хамгаалах газар жилдээ 1-2 удаа кампаничилж хяналт хийдэг. Гэтэл модны хулгайч нар 24 цагийн турш ажилладаг. Ийм учраас бид шөнө хулгайн замуудад хяналтын пост тавих талаар ярьж байна. Сайдын даалгаварт мөн аймаг, нийслэлийн орц гарц, чухал цэгүүд дээр 24 цагийн пост байгуулах тухай тусгасан. Бид тооцож үзсэн, хамгийн багаар бодоход жилд 50 орчим тэрбум төгрөгийн мод хулгайд алдаж байна. Тэгвэл төр яагаад 50 тэрбумын өмчийг хамгаалахын тулд 100 сая төгрөг гаргаж болдоггүй юм бэ. Пост 10-15 сая төгрөг болох юм билээ. Хулгайн замуудаас гадна модны захуудад хяналтаа өргөжүүлнэ. Жишээ нь, модны захуудыг сайн камержуулж, түүнийг нь онлайн хэлбэрээр, хэн ч харах боломжтой болгоё. Тэгэхгүй бол модны зах дээр голдуу шөнө мод буулгадаг, ямар ч хяналтгүй байна. Байгаа камерууд нь ажилладаггүй. Модны захыг тойрсон, мод бэлтгэх жижиг цех, үйлдвэр олон байдаг нь мод хулгайлахыг өөгшүүлдэг том хэсэг болоод байгаа юм. Дараагийн шатанд үүн дээр анхаарч ажиллана. Ер нь нийслэлийнхэнтэй хамтарч ажиллаад дэг журам, бүртгэлд оруулъя. Цаашлаад орон нутаг, сум аймгуудад хяналтын механизмыг хүчтэй болгоё гэж байгаа. Юуны өмнө мод бэлтгэх зөвшөөрлийг шударга, хяналттай олгодог болмоор байна. Тэгээд бүх шатанд иргэний хяналт бий болгоё. Мөн орон нутгаас бэлтгэж байгаа модыг тэмдэгжүүлье гэж ярьж байна. БОНХАЖЯ биднийг дэмжээд “Фургон” машин өгөхөөр болж байгаа. Улаанбаатарын хоёр талд хоёр машинтай, нэлээд хэдэн посттойгоор бид шөнийн цагаар хулгайн замыг хамгаалахаар төлөвлөж байна.
-Зөрчил гаргасан хүмүүсийг торгосон болоод л явуулдаг нь хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаагийн нэг шалтгаан юм биш үү. Ер нь нэг удаа саатуулаад хэчнээн төгрөгөөр торгодог юм бэ?
Э.Э: Цагдаагийн байгууллага торгууль тавьдаггүй. Харин мод хууль бусаар огтлоод, түүнийх нь хохирол эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байвал цагдаагийн байгууллага шалгадаг. Тухайн байгууллага, хувь хүн баталж өгсөн хуваариасаа хэтрүүлж мод бэлтгэсэн тохиолдолд мөн шалгана. Шалгалтын явцад зарим тохиолдолд бичиг баримтын зөрчилтэй, мод тээвэрлэх зөвшөөрөлгүй явж байсан хүмүүс материалаа цувруулсаар бүрдүүлчихдэг, эсвэл прокурорууд маань тодорхой хэмжээнд мэдээлэл багатайгаас болж хэрэг замхрахад хүрэх тохиолдол ч бий. Урьд өмнө ял шийтгүүлсэн тохиолдолд манайх хүндрүүлэх нөхцөл гэж үзнэ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад прокурорын шатанд очоод гэмт хэрэг биш, материал нь бүрэн, хохирлын хэмжээ нь хүрэхгүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан тохиолдолд тэр хүн дараа нь дахиад хууль бусаар мод бэлтгэсэн гээд ирвэл хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж болохгүй болчихож байгаа юм.
-Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон эд зүйлийг хураах хуулийн заалт байдаг. Тэр заалтыг хэр ашигладаг юм бол оо?
Ч.Н: Хуулийг хэрэгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн ажлын сүүлийн 10 жилийн статистикийг та бүхэнд танилцуулъя. 2004-2014 оны хооронд хууль бусаар мод тээвэрлэж бэлтгэхдээ ашигласан 100 автомашин, 142 ердийн хөсөг, хоёр трактор, нэг мотоцикль, нэг үхэр, хоёр морь, 475 техник, тоног төхөөрөмж хураан авч улсын орлого болгожээ. Мөн тухайн унагасан модны нийт өртөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү гарсан тохиолдолд бид эрүүгийн хэрэг үүсгээд, цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Цагдаагийн байгууллага шалгаад үнэхээр эрүүгийн шинж чанартай байвал ял шийтгээд, эрүүгийн шинжтэй биш бол захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Ойн тухай хуулийн 1.2 дахь заалтын дагуу иргэн 960 мянга, аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин өсгөсөнтэй тэнцүү хэмжээний торгууль төлдөг. Статистик мэдээнээс үзэхэд 95 мянган шоо мод, модон материал хураан авч улсын орлого болгожээ. 2014 оны байдлаар Ойн хуулийг зөрчсөн тохиолдол байгаль орчны зөрчлийн 17.2 хувийг эзэлж байна. 2004 онд 34.6 байсан бол 10 жилийн дараа ингэж буурсан. Энэ нь нэгдүгээрт, хууль эрх зүйн өөрчлөлтүүд нэлээд ач холбогдолтой болсон. Хоёрдугаарт, иргэн аж ахуйн нэгж байгууллага тухайн ойг хамгаалдаг системд орсон. Тухайн орон нутагт сууж байгаа иргэд нөхөрлөлийн журмаар ойгоо хамгаалдаг болсон. Гуравдугаарт, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэдэг энэ тогтолцоо нь зөв арга механизм болсон гэж МХЕГ дүгнэж байгаа. 2004-2006 онд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх асуудал зөрчлийн 100 хувийг эзэлж байсан. Эрх зүйн баримт бичгүүд гараад, нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, бүгд хууль бус мод бэлтгэлд анхаарал хандуулж, төрийн бус байгууллагууд хамтарч тэмцсэний хүчээр дээрх зөрчлийн бүтэц өөрчлөгдсөн. Зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаа мод зөрчлийн 45 хувь болж буурсан. Зөвшөөрөл авсан боловч зориулалт өөрчилж, үйл ажиллагаа явуулсан зөрчил 15 хувийг эзэлж байна. Төрийн захиргааны, бүх шатны Засаг дарга, иргэдийн хурлаас тухайн жилдээ бэлтгэх модны хэмжээг хууль зөрчиж тогтоодог явдал зөрчлийн 20 хувь байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар мод бэлтгэх нөхцөлийг төрийн захиргааны албан тушаалтнууд бий болгоод байгаа юм.
-Үүнийг тодотгохгүй юу? Зарим аймгийн удирдлага мод, модон материалыг аймгаасаа гадагш гаргахыг хориглосон, хязгаарласан шийдвэр гаргасан байсан?
Ц.Б: -Хөвсгөл аймагт гэхэд Монголын ойн гуравны нэг нь байдаг. Хөвсгөлөөс Улаанбаатар хотын модны зах руу мод орж ирэхгүй байгаа юм. Зөвхөн Төв аймаг, Булганаас авчирч байна. Нийслэлийн хэрэгцээнд жилдээ 600-800 мянган шоо метр түлээ шаардагддаг. Гэтэл Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга нь яамны бодлогоос зөрөөд модныхоо 30-аас илүү хувийг гадагш нь гаргахгүй гээд ИТХ-аараа шийдвэр гаргуулчихлаа. Тэр чинь Монголын ой болохоос зөвхөн Хөвсгөлийнх биш шүү дээ. Орон нутгийн ажилдаа хайнга ханддаг, эсвэл хувийн ашиг сонирхолтой ч байдаг юм уу, ийм хүмүүс модыг гадагш нь гаргахгүйгээс болоод хүн ам төвлөрсөн Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотын түлээний модны нийлүүлэлт багассан. Бид арга хэмжээ авъя гэхээр зохицуулах хуулийн заалт байдаггүй. Харин Өрсөлдөөний тухай хуульд “Аливаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зах зээлийг хязгаарласан шийдвэр гаргахыг хориглоно” гэсэн заалт байдаг. Тийм учраас танай сониноор дамжуулаад “ШӨХТГ-ын байцаагч нар ой хамгаалахад хувь нэмрээ оруулах шаардлагатай байна шүү” гэж хэлье. Саяхан удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сайд нэр зааж даалгавар өгсөн. Алдаагаа зассан эсэхийг нь эргээд шалгах байх. Оюунхорол сайдын өргөн барьсан хуулийн төсөлд ч энэ асуудлыг тусгасан. Хөвсгөлийн Байгаль орчны газрын даргатай адилхан, өөрөө удирдах ёсны байгууллагаас шийдвэр гаргахад нөлөөлсөн байдаг юм уу, эсвэл гарал үүслийн гэрчилгээг нь засаад бичдэг гэхчлэн сонирхлын байдлаар хандсан хүнийг төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авах хуулийн төслөө бид УИХ-д илгээчихээд байгаа. Гишүүд дэмжинэ гэж найдаж байна.
-Орон нутгийн ИТХ, Засаг дарга нар мод бэлтгэлтэй холбоотойгоор хууль бус шийдвэр гаргасан тохиолдол цөөнгүй. Саяхан гэхэд Сэлэнгийн Ерөө сум дахь Сум дундын ойн ангийн дарга Тэрбиш гэдэг хүн ял шийтгүүлчихээд байгаа. Ойн цэвэрлэгээ нэрээр хууль бус мод бэлтгэл хэр явагддаг вэ?
И.Д: -Улсын хэмжээнд тухайн жилд хэдий хэмжээний мод ойгоос бэлтгэж болох вэ гэдэг зөвшөөрлийг сайдын тушаалаар баталдаг. Сүүлийн хоёр жил дээд хязгаар нь хоёр сая гаруй шоо метр мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. Өмнө нь сая гаруй шоо метр модны зөвшөөрөл өгч байсан. Үүнийг ойн эко системд сөрөг шийдвэр гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэлийн зориулалтаар нойтон мод огтлох хэмжээг багасгаад эсрэгээрээ ойд арчилгаа хийж, ойгоо хамгаалж, ойд байгаа унанги, хатсан модыг авч, түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм. Сайдын гаргасан тушаалын дагуу аймгийн ИТХ хуралдаад, аль аль сумдад, хэдий хэмжээний мод бэлтгэх боломжтойг хуваарилна. Сумын ИТХ хуралдаад тэр хуваарийн дагуу тухайн сумаас ямар аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх вэ гэдэг хуваарь гаргадаг. Энэ шатандаа буюу аймаг, суманд хуваарилалт хийх процедур дээр хууль бус зүйл явагдаад байгаа юм. Тэрбишийн хувьд сумын ИТХ хуралдахдаа ойн ангидаа мод бэлтгүүлэхээр хуваарь хийсэн. Гэтэл ойн анги нь өөр сумын, мод бэлтгэх үйлдвэрлэл явуулах эрхгүй аж ахуйн нэгжээр хийлгэсэн нэртэй болгоод эрхийн бичиг, зөвшөөрлийг нь ч өгөөгүй. Албан тушаалтнууд иймэрхүү зөрчил гаргаад байгаа.
Ц.Б: -Үүнийг ний нуугүй л ярих хэрэгтэй. Одоогийн Засгийн газар, шинэ удирдлагууд ашиг сонирхлоор хандсан юм уу, албан тушаалаа ашигласан хүмүүстэй маш хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнд ямар ч өршөөл байх ёсгүй. Заримдаа хөдөө явахаар “Тунгалаг тамир” кинон дээр гардаг шиг “Энэ чинь гарал үүслээр /модны гарал үүслийн зөвшөөрлийн бичиг/ баяжсан дамшиг юм гэнэ лээ” гэсэн хэлц үг хүртэл гарсан байна ш дээ. Энэ бол харамсалтай. Гэхдээ ийм хүн олон биш. Орон нутгийн Ойн ангиудын даргыг Засаг дарга томилдог. Ойн ангийн дарга ойн мэргэжлийн хүн байх ёстой. Мэргэжлийн бус байж мэргэжлийн хүний хийдэг ажлыг хийх гээд тэмүүлээд байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх эмзэг цэг болоод байгаа юм. Гэтэл байгаль хамгаалах түр курст сурчихаад “Би ойн ангийн дарга болно” гээд өргөдөл өгөөд, дарга нараа зовоож буй хүн ч олон байна.
Модны хулгайн хэрэгт сумын Засаг дарга нар, Иргэдийн хурлынхан, тэр байтугай байгаль орчны байцаагчид, цагдаагийнхан хүртэл сүлжээ болж ажилладаг тухай яригддаг. Ийм хэрэгт холбогдоод ял шийтгүүлсэн тохиолдол олон байна уу?
Ч.Н: -Байгаль орчны улсын байцаагч энэ асуудалд орооцолдоод, тэр нь нотлогдсон юм алга. Иргэдийн дунд ийм яриа бий. Үнэхээр сонирхол байна. Сумын байгаль орчны байцаагч нь ингээд өгчихсөн байна гэдэг. Үүнийг нотолж байж л баттай зүйл ярихгүй бол хүн гүтгэсэн хэрэгт орно.
Э.Э: -Шүүхээр таслагдсаных нь дараа тэр хүн хэрэгт оролцож уу, үгүй юү гэдэг нь тодорхой болно л доо. Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан, шалгаж байгаа тохиолдол олон бий. Ингэж шалгагдаад, ял шийтгүүлсэн, хариуцлага тооцсон тохиолдол харьцангуй цөөн л дөө. Шалгагдсантай нь харьцуулахад маш бага тоо гарна.
Ч.Н: -Тухайн орон нутгийн ИТХ-д ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс олон байна гэж би түрүүн хэлсэн. Иргэдийн хурлын төлөөлөгч маань өөрөө орон нутагтаа ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх авсан байх жишээтэй. Голдуу орон нутагт, нэн ялангуяа ой бүхий сумдад ийм асуудал гарч байна. Тэгээд мод бэлтгэлийн хуваариа батлуулах болохоор хурал нь 7-8 хоног хойшилдог. Зөрчилдөөд таардаггүй. Хувийн ашиг сонирхлын асуудлууд хөндөгдөөд байгаа хэрэг л дээ. Тиймээс хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй.
Н.Д: -Дөрвөн жилийн өмнө өдөр тутмын сонины нэг сурвалжлагч хууль бус мод тээвэрлэж байгаа жолоочтой уулзаад, дагаж яваад сониндоо бүтэн нүүр материал гаргасан байсан. Цагдаа нар модны хулгайг хамгаалдаг, хувь авдаг тухай бичсэн. Жишээлбэл, аймаг, сумын болон 22-ын товчооны тэр хавиар байгаа цагдаа нар 10000 төгрөг л авдаг юм байна. Тэгээд л явуулчихдаг. Хот руу орж ирээд, хотын захад баригдах юм бол 100 мянган төгрөг өгдөг юм байна. Тэгээд хөдөлгөөнт эргүүл, цагдаа нар модны хулгайч нартай сүлжээ болчихсон, утасдаад л орж ирдэг байх жишээтэй. Гэхдээ цагдаагийн байгууллагын бүх ажилтныг хэлж байгаа юм биш. Саяхан би Сонгинохайрхан дүүргийн цагдаа нартай уулзахад “Партизан тэр хавийн байгаль хамгаалагчид чинь өөрсдөө модны хулгайч нартай нийлж хуйвалдаад байна” гэсэн. Тэгэхээр бид давхар хяналт тавихгүй бол дан ганц цагдаа, байгаль хамгаалагчид найдаад хэрэггүй юм байна гэсэн бодол төрсөн. УИХ-аар маш чухал хуулийн төсөл хэлэлцэх гээд хүлээгдэж байна. Жишээлбэл, хулгайн модны талаар мэдээлбэл шууд 50 мянган төгрөгөөр урамшуулдаг болно. Мөн тухайн модыг борлуулаад 70 хувийг нь илрүүлсэн хүнд нь өгөх, урамшууллыг шуурхай олгох зэрэг заалт хуулийн төсөлд тусгагдсан.
-Урамшууллын тогтолцооны талаар Ц.Банзрагч даргаас тодруулмаар байна. Тухайн хүн мэдээлэл өглөө гэж бодъё. Магадгүй өширхсөн хүмүүс гэрийг нь шатаачихыг үгүй гэх газаргүй. Мэдээллийн нууцыг хэр хамгаалдаг вэ?
Ц.Б: -Одоогийн мөрдөж байгаа хуулиар торгууль, нөхөн төлбөрийн 15 хувийг мэдээлсэн хүн авах заалт бий. Гэхдээ хэрэгжих нь ховор. Байгаль хамгаалах тухай хуулиас биш, Төсвийн тухай хуулиас болж хэрэгжихгүй байгаа юм. Үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хуульд шинэ заалт оруулах шаардлага бий, хоёрдугаарт, хүмүүс нэхэхгүй байгаа. Социализмын үед бид ангийн зөрчил илрүүлээд 15 хувиа авдаг байсан. Гэтэл орон нутгийнхан бие биеэ мэднэ. Мэдээлэл өгснийг нь мэдвэл малыг нь хулгайлдаг, хашааг нь шатаадаг, заналхийлдэг. Тиймээс иргэд мэдээлэх хүсэлгүй. Түүнээс гадна Засаг дарга мөнгийг нь гаргаж өгдөггүй. Бид шинэ хуульд үүнийг хэрхэн тусгаж байна гэхээр сайн дурын бүлэг байгуулна. Ерөөсөө хоёул, гурвуулаа яваад ил тод яриад, зарлаад иргэдээ хамгаалахгүй бол болохгүй. Манайд мэдээллийн нууцлал өндөр байх шаардлагатай. Иргэний нийгэм гэхээр мундаг гэж бас ойлгож болохгүй. Аль аль нь харилцан хяналттай байх механизм бодохгүй бол иргэний нийгмийн хяналт гэхээр мундаг, төрийн хүмүүс “баба” юм байна гэж бодож болохгүй. Төрийн ажилтан тангараг өргөсөн, тодорхой хэмжээнд мэргэшсэн. Тиймээс хамтарч, харилцан бие биедээ хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Өөр гарц алга.
-Байгаль орчны байцаагчид болоод байгаль хамгаалагчдын цалин хөлс, хангамж хэр байдаг вэ?
Ч.Н: -Орон нутагт ажиллаж байгаа байгаль орчны улсын байцаагч нарын хувьд тогтолцооны гажуудал байгаа юм. Босоо тогтолцоотой биш. Шууд тухайн сумын Засаг даргын томилдог албан тушаалтан. Өнөөдрийн хуулиар тухайн сумын ЗДТГ-ын түшмэл гэсэн үг. Улсын байцаагчийн эрхийг л МХЕГ-ын улсын ерөнхий байцаагч олгодог. Манай сонгууль дөрвөн жилийн зайтай явагддаг. Тийм учраас дөрвөн жил тутамд өөрчлөгдөж байдаг, тогтвор суурьшилгүй албан тушаалтан болчихоод байгаа юм.
Ц.Б: -Нэг талаасаа байгаль хамгаалагч, байцаагчийн хангамж сайнгүй байгаа. Биднээс тавьж буй шаардлага н