Ц.Оюунгэрэл гишүүн тойрогтоо ажиллаж байна
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл 2015 оны 3 дугаар сарын 31-нээс эхлэн Багануур , Багахангай дүүргүүдэд ажиллаж байна. Тэрээр тойргийн иргэд сонгогчидтой өмнөх удаад УИХ-ын гишүүн Л.Болдын хамт ирж уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ удаад тойргийн иргэдтэй уулзахын хамт орон нутгийн байгууллагуудтай биечлэн танилцаж байна.
Гишүүн энэ удаад Багануур дүүргийн таван иргэнд өөрийн биеэр газар өмчлөх гэрчилгээг гардуулсан бөгөөд Багануур дүүрэг нь Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлөөр тэргүүлж байгаа буюу нийт иргэдийн 30 хувь нь газраа өмчилж авч чаджээ.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын санаачилгаар цахимаар газар өмчлөхөд хүндрэлтэй байдаг гэртээ компьютер, интернетгүй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай болон эмзэг бүлгийн иргэдэд туслан Хан- Уул, Багануур, Багахангай дүүргүүдийн хороо бүрт нэг компьютер, нэг оператор ажиллуулан цахимаар газар өмчлүүлэх бүртгэлд тойргийн иргэдээ идэвхтэй хамруулж чадсан нь өдгөө үр дүнгээ өгөөд байна.
УИХ-ын гишүүн Л. Болд, Ц.Оюунгэрэл нар цаашид газар өмчлөх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд бодит үр дүн гарч байгаад орон нутгийн иргэд сэтгэгдэл өндөр байгаагаа гишүүдэд уламжилж байлаа.
Тэрээр УИХ-ын чуулган завсарлахаас өмнө 2 сард тойргоор явах ажлаа эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлсээр байна.