“УБТЗ”-ын дарга “гуталгүй”

2015 оны 3 сарын 30

Монгол Улсын иргэн Л.Пүрэвбаатар нь Монголын хамгийн том компани “УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилогдсон байдаг. Харин түүнийг томилогдохоос  гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, “УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л.Пүрэвбаатарыг томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байдаг. 

Гэвч Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахгүйгээр хуралдаж “УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон билээ. Энэ нь өмнөх дарга Н.Сэрээнэндоржийг “сайжруулсан”, эсвэл “муужруулсан” хувилбар биш, тэгэх ч албагүй, гагцхүү Оросын талаас “үгэнд ордог”, “Якунины өгсөн гэрийн даалгаврыг сайн хийдэг дарга” байх ёстой гэсэн шаардлага тавьсных байв. Харин Л.Пүрэвбаатар тийм байх шаардлагыг нь хангана гэж “амлалт” өгсөн бололтой. Л.Пүрэвбаатар нь хэдийгээр Монголын боловч “Орос ноёны таалсан, Оросын талын төлөөлөл” болж байна гэж хардахад хүргэж байна. 

Хамгийн сонирхолтой нь Л.Пүрэвбаатар болон түүний баг нь нарийн цариг дэмжигч бүлэглэл юм. Баталгаа нь түүний зөвлөхөөр нарийн царигийг хамгийн их дэмжигч Л.Даваапил гэгч испани хэлний багш мэргэжилтэй хүн ажиллаж байна. Оросууд яагаад нарийн цариг дэмжигч бүлэглэлийг өргөн царигтай төмөр зам ашигладаг “УБТЗ”-ын удирдлагад томилохыг дэмжсэн бэ? Энэ бол тусдаа ярих улс төрийн том асуудал бололтой... 

Замын шинэ дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ”-ынханд бол “таньдаггүй бурхан биш, таньдаг чөтгөр” нь юм. Харин ч чухам хэн бэ гэдгийг нь дэндүү сайн мэдэх “таньдаг чөтгөр”. Гэхдээ “таньдаг чөтгөр” нь томилогдоод удаагүй байхдаа “УБТЗ”-ын мөнгөөр өөртөө гутал авч өмсөхдөө тулчихсан “ядуурсан чөтгөр” гэж арай төсөөлөөгүй болов уу. Тэрбээр албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд мэдэгдэхээрээ “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөнө” гэсэн байх юм. Монголд төрийн мөнгө завшдагаараа “цайчихсан гарууд” цөөнгүй. Гэхдээ гардуулчихаад буюу шалгагдаж илэрчихээд ингэж хэлж байсан нь тун цөөн байх. 1949 оноос хойшхи “УБТЗ”-ын түүхэнд дарга нараас нь хэн нь ч энэ удаагийнх шиг “юм үзээгүй мэт загнаж” шившгээ хутгаж байсангүй. Түүний энэ байдал цааш юунд ч хүргэж чих халууцуулахыг таашгүй. 

Хамгийн олон жил буюу 13 жил даргалж “Вант улс” нэртэй болтол нь энэ их айлыг авч явсан Р.Раш гуайг “цайны ганц бор шаргал костьюмаасаа салдаггүй, өөрт нь зохино ч гэж ванлий” гэцгээдэг байв. Бас тэрбээр “хэдэн бор” замчдаа цалин цавгаар нь зүдрээж байсан удаагүй гэдэг. Тус байгууллагын түүхэнд Т.Очирхүү л мэргэжлийн бус дарга байсан ч замчдын нарийн ажилд нь ч ордоггүй, амьжиргааны талаар “гал алдуулаагүй” аж. Харин “мэргэжлийн хүн” хэмээн алгаа ташин угтан авсан Л.Пүрэвбаатар даргын тухайд урмыг нь хугалаад байгааг замчид халаглан ярьж байна. Ер нь Л.Пүрэвбаатар төмөр замын яг ямар мэргэжилтэй юм бол...?

“Батхүүгийн хүн” овогт Л.Пүрэвбаатар даргыг ирснээс хойш “УБТЗ”-ынхан бие  биеэсээ “Цалин хэзээ буух бол” гэдэг хэзээ ч асуулцаж байгаагүй сэдвээр мэндлэх шахдаг болсон аж. Тус байгууллагын өр ч “савнаасаа хальж”, банкууд өмнөх өрөө төлөхгүй бол дахин зээл олгохгүй гэсэн болохоор “хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэх” найдлага тасарчээ.Цалинг нь өгөхгүй байгаа мөртлөө албаны 600 000 төгрөгөөр өөртөө гутал авч өмссөн “гуталгүй” даргадаа 16 000 төмөр замчид гомдож байна. Харалган томилгоонд харамсаж байна.

Тус байгууллагын ажилтнууд, ялангуяа замчид, машинистууд, үйлчилгээний ажилтнууд, хээр хөдөө хөхөрч, гадаа гандаж гол ажлыг нугалдаг “хэдэн бор замчин” нь хэчнээн бүсээ чангалаад ч хоолтой хонож чадах уу гэдэг эргэлзээтэй байна. Харин Л.Пүрэвбаатар дарга бүрэн сайхан хувцаслаж гоёж дуусталаа “УБТЗ” ХНН-ийн хөрөнгөөс хумсалсаар байх уу? 

“Гуталгүй” Л.Пүрэвбаатарыг даргаар томилж байхаар Батхүү үнэхээр "хөл нүцгэн” таваргаад санааг нь зовоогоод байсан бол түүнд албан тушаал биш тэр гутлыг нь л аваад өгчихгүй дээ гэж бодохоос л гомдоод байх юм. 

Орон бүр Монгол Улсын геополитик, стратегийн гол зангилаа төмөр замын хөгжлийг анхааралтай ажиглаж, сонирхож байна. Замчид нь бид төмөр замаа хэнд ч гологдохооргүй барьж чадна. Манай инжежерүүд, замчид мундаг чадвартай гэж ярьж байна. Гэтэл замын дарга гоёж аваад явахсан гэж бодож суух ч гэж дээ. Уг нь одоо “УБТЗ”-ын даргыг гоёх биш, Монгол Улс төмөр замчдынхаа амжилтаар гоёх цаг баймаарсан.
Гэхдээ энэ гутал юу ч биш гэнэ шүү. Л.Пүрэвбаатар дарга маань унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай ч яриа УБТЗ дээгүүр ам дамжсаар... Одоо яах вэ? В.В. Морозов дарга аа, Г.Батхүү гишүүн ээ, Л.Пүрэвбаатар ингээд албаны мөнгөөр гоёж л байг уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19821
0 эможи
keyboard_arrow_up