З.Энхболд “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.03.25/ Америкийн “Weinstein” компанийн бүтээж буй “Марко Поло” киноны төслийн багийнхныг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд төслийн багийнхан Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Марко Поло” кино төслийн талаар танилцууллаа. ХIII-ХIV зууны үеийн Монголын түүхэн цаг үеийг баримтад тулгуурлан илэрхийлсэн уг бүтээлийг Америкийн “Weinstein” компани бүтээн, Германы “Netflix" компанийн сүлжээгээр дамжуулан түгээж байгаа гэлээ. Түүнчлэн Италийн жуулчин Марко Пологийн Монгол дахь аяллын талаар өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн Монголын түүх, ахуй, соёлыг бодитоор илэрхийлэхийг зорьсон гэдгийг онцлон танилцуулав. Мөн тэрээр дээрх төслийн II хэсгийг хийхээр бэлтгэл хангагдаад байгааг дуулгаад “Энэ бүлэгт Монголын гал голомтоо сахиж үлдсэн хаад ноёдын түүх, төрийн эрхийн төлөөх тэмцэл, зөрчлийн талаар өгүүлэх юм. Тиймээс төслийн II хэсэгт Монгол Улсад зураг авалт хийх, жүжигчид, уран бүтээлчид, судлаач, холбогдолтой салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, түүх, соёлын сурвалжуудыг ашиглах шаардлага үүсээд байна” гэлээ. Төгсгөлд нь тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан дэлхий нийтэд Монгол ёс заншил, соёл, түүхийг таниулах ач холбогдлыг нь харгалзан уг төсөлд Монгол Улсын төр засгийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дарга төслийн багийнхны тавьж буй хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай санал солилцоно гэлээ.
Уг уулзалтад Америкийн “Weinstein” компанийн “Марко Поло” киноны найруулагч Жон Фуско, продюсер Даниэль Минахан, Ричард Шарки, тус төслийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюсер М.Оргил, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.