Монголын сэтгүүлчид АСЕМ-ийн төлөө нэгэн зорилгын дор нэгдлээ

2015 оны 3 сарын 25

Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний 10 дахь уулзалтаас дараагийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Уг уулзалтад дэлхийн 53 орны төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, сайд дарга нар хүрэлцэн ирэх бөгөөд Монгол Улс олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжин дэлхий нийтийн анхаарлын төвд орох гэж байна.

Энэ чухал үйл явдлыг угтан Улаанбаатарт 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэж, эх орноо сурталчлах ажилд Монголын сэтгүүлчид  өнөөдрөөс хүчээ нэгтгэн нэгэн зүгт харж, хамтран ажиллахаар боллоо. Үүнд зориулсан хэвлэлийн бага хурлыг АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгээс эрхлэн өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав.

Хэвлэлийн бага хуралд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МҮОНТ, МОНЦАМЭ агентлаг, Өдөр тутмын сонины холбоо, Монголын сайтын холбоо, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциац, Монголын телевизүүдийн холбоо, “Монгол масс медиа” ХХК, АСЕМ-ийн өмнөх уулзалтуудыг сурвалжилж байсан сэтгүүлчдийн баг, бүрэлдэхүүн болон хэвлэл, мэдээллийн нийт хэрэгслүүдийн төлөөлөл оролцов.  

Хэвлэл, мэдээллийн олон байгууллага, холбоод, сэтгүүлчид нэгэн санаа зорилготойгоор, нэг үйл хэргийн төлөө, нэг чигт харж ажиллахаар цугларч, нэгдсэн уриалгад хүрснээрээ энэ арга хэмжээ сүүлийн олон жилд болж байгаагүй тохиолдол болсныг оролцогчид өндрөөр үнэлж байлаа.
Хэвлэлийн бага хурлыг нээж АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар хэлсэн үгэндээ “Сэтгүүлчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхэн өнөөдөр сэтгүүлчдийн хүрээнд түүхэн гэж хэлэх хэвлэлийн бага хурал хийж байна. Өмнө нь сэтгүүлчид нэгэн зүгт, нэгэн зорилгод иргэд, нийгмээ уриалж нэгдэж байсан тохиолдол олон байгаагүй.

Энэ удаа хэвлэл, мэдээллийн байгууллагууд, олон нийтэд нэр хүндтэй сэтгүүлчид нэгдэж 2016 оны долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн уулзалтыг олон нийтэд сурталчлахад сайн дураараа, нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе гэсэн уриалга гаргасан юм. Үүнийг миний бие, АСЕМ-2016 уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах Үндэсний зөвлөлийн дэд ажлын хэсгийн ахлагчийн хувьд таатай хүлээн авч зохион байгуулалтын ажлаа ярилцсаны үндсэн дээр хэвлэлийн бага хурал зарлаад байна.

Юуны өмнө энэ санаачлагыг гаргасан хэвлэл, мэдээллийн байгууллагууд, нэр бүхий сэтгүүлчдэд Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье.

Та бүхэн санаж байгаа. 2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт дээр дараагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрх олгосон. Энэ бол спортоор төлөөлүүлж ярих юм бол Олимпийн эрх авсантай ижил юм гэж тэгэхэд бид ярьж байсан. Энэ үнэн юм. Олимп, тив, дэлхийн аваргын тэмцээний эрхийг тухайн улс орон аваад яаж зохион байгуулалтад орж, яаж нэг зүгт харж нэгдмэл уур амьсгалаар зохион байгуулдаг билээ. Түүнтэй нэгэн адил юм. Хэдийгээр энэ нь улс төрийн уулзалт, арга хэмжээ боловч Монгол Улс гадаад нэр хүнд, дотоод зохион байгуулалтаа бодож, сэтгүүлчид маань уриалж, олон нийт, төр, засаг, ТББ, хувийн хэвшлийнхэн нэгэн зүгт харж байж энэ арга хэмжээг амжилттай зохион байгуулах юм. Хамгийн түрүүнд нэгдэж, нэгэн зүгт харах уриалгыг гаргасан сэтгүүлчид өнөөдөр хэвлэлийн бага хурлаа хийж байна.

Өнгөрсөн жил Монгол Улсын Төрийн тэргүүн хойд, өмнөд хоёр хөршийнхөө Төрийн тэргүүнийг Монгол Улсад урьж, өндөр, дээд хэмжээний айлчлалууд амжилттай болсон. Энэ хэрээр Монгол Улсын нэр хүнд дэлхийд өссөн. Одоо бид хоёр тивийн 50 гаруй Төрийн тэргүүнийг урих өндөр хариуцлагатай ажлыг зохион байгуулахаар болоод байна.

2016 оны долдугаар сар хүртэл албаны маш олон уулзалт болно. Үүнийг үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу манай сэтгүүлчид сурвалжлах юм. Үүнээс гадна олон нийтийг эв нэгдэлд уриалах, нэгэн зорилгод хүргэх, монгол хүн Монголоороо бахархах, дэлхийд эх орныхоо нэр хүндийг өсгөх сэтгэлийг Монгол Улсын иргэн бүрийн зүрх сэтгэлд хүргэх, очийг бадраах ажлыг бид бас хамтдаа хийх зорилготой. Энэ хүрээнд “Найрсаг Улаанбаатар” гэсэн арга хэмжээ зохион байгуулна. Монгол хүн ийм арга хэмжээг зохион байгуулж чаддаг, хариуцлагатай орчин үеийн монгол болсон гэдгээ энэ үеэр харуулах ёстой. Энэ зорилгод сэтгүүлч та бүхэн нэгдэж, зохион байгуулалтад орж байгааг энэхүү хэвлэлийн бага хурлаар албан ёсоор зарлаж байна. Баярлалаа” гэлээ.

Үүний дараа хэвлэлийн бага хуралд оролцсон байгууллагуудын удирдлага байр сууриа илэрхийлэв.
МСНЭ-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай: -Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. МСНЭ нь хэвлэл, мэдээллийн байгууллага, Монголын сэтгүүлчдийг нэгтгэсэн хамгийн ууган, нэр хүндтэй байгууллага юм. Энэ утгаараа МСНЭ АСЕМ-2016 уулзалтыг зохион байгуулах ажлыг 100 хувь дэмжиж оролцож байгаагаа мэдэгдэж байна. Мөн АСЕМ-2016 уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлд талархал илэрхийлье. Жилийн дараа болох үйл ажиллагаанд одооноос бэлтгэж байгаа нь яарсан мэт харагдаж байгаа ч нөгөө талаас яарахаас аргагүй юм. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг урьж, хэд хэдэн удаа зөвлөлдөх уулзалт хийж энэ ажлыг хамтын нэгдсэн хүчээр давж гарах ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд үүнийг халуун дотноор хүлээн авсан.

АСЕМ-2016 бол монголчуудад олдох ховор боломж юм. Энэ том ажлыг нэр хүндтэй, амжилттай хийж чадах юм бол дараа дараагийн дээд хэмжээний уулзалтууд шилээ даран гарч ирэх нь дамжиггүй. Монгол Улсынхаа нэрийг сайнаар гаргах боломж ирлээ гэж бодож байна.

Миланд 53 орны төр, засгийн тэргүүнүүдийг дагаж 5000 гаруй хүн цугларсан тухай тоо баримт гарсан. Түүн дотор хэвлэл, мэдээллийн хэдэн мянган ажилтан байсан. Тэдэнд үнэн бодитой сайн мэдээлэл өгөх нь бидний үүрэг хариуцлага юм. Бид өнөөдрөөс АСЕМ-ийн сурталчилгаа эхэлж байна гэж ойлгож байгаа. Та бүхэнд энэ сурталчилгааг сайн явуулаарай гэж уриалж байна. Мөн хурлын үеэр болон хурал дууссаны дараа ямар үр дүн гарав гэсэн орхиж болшгүй чухал хэсэг бий. Бид гадаад сурталчилгаанд ямар их мөнгө зардгийг мэднэ. Тэгвэл  стратегийн хувьд маш чухал Ази, Европын 50 гаруй орны сэтгүүлчдэд мэдээллээ зэрэг цацах боломжийг бид өргөнөөр, эрүүлээр харах ёстой. Энэ бол маш чухал. Одооноос бид нэгдсэн бодол, мессежүүдээ боловсруулах ёстой. Энэ ажил хэр амжилттай болох нь сэтгүүлчдээс бас шалтгаална. Сэтгүүлчдийн байгууллага, хэвлэл, мэдээллийн байгууллагууд үүн дээр хамтарч оролцъё гэж уриалж байна. Баярлалаа.

Монголын телевизүүдийн холбооны ТУЗ-ийн дарга Э.Дагиймаа: -Монголын телевизүүдийн холбоо эгнээндээ 15-16 телевиз багтаадгийг үзэгчид сайн мэдэж байгаа. АСЕМ-ийн сурталчилгаанд  хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтарч оролцохыг бид яаж харж байгаа вэ гэвэл Монгол Улсын нэр хүндийг гадаадад өргөхөд сэтгүүлч бидний үүрэг маш чухал. Нэгдүгээрт, үүнд  телевизүүд нэг байр суурьтай хандана. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжил өндөр түвшинд хүрч байгаа гэдгийг дэлхийн дуранд буулгахын төлөө ажиллана. Гуравт, АСЕМ-ийн уулзалтыг зөвхөн нэг төрийн байгууллага, зөвлөл хариуцах биш Монголын ард түмэн, иргэн бүр, хэвлэл, мэдээллийн салбарынхны оролцоо их байгаа гэж харж байна. Монголын телевизүүдийн холбоо “АСЕМ-ийн зүг хамтдаа” гэсэн уриаг дэмжиж байна. Мөн иргэд, хувь хүмүүс, компаниуд ч хамтдаа ажиллаасай гэж хүсч байна.

Бид эх орныхоо нүүр царайг дэлхийн 53 орон, таван мянган сэтгүүлчдэд харуулна. Үүнийг 5 тэрбум хүн үзэх учраас эх орноо хамгийн зөв зүйтэй харуулахын төлөө улсаасаа мөнгө гуйх биш, харин мөнгө цуглуулж улсаа зөв харуулах ёстой. Үүний эхлэлийг сэтгүүлчид хамт тавьж байгаа гэж харж байна. Сэтгүүлч нөхөддөө амжилт хүсье.
Өдөр тутмын сонины холбооны тэргүүн Г.Отгонбаяр: -Өнөөдөр бид 2016 онд болох том хурлын бэлтгэлийг ярьж байна. Энэ хуралд оролцох улс орнууд өнөөдрөөс Монгол гэж ямар улс вэ. Улс төрийн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, хүн ам нь ямар вэ гэдгийг судалж байгаа. Тийм учраас бид өнөөдрөөс энэ бэлтгэл ажилдаа орох нь зөв. АСЕМ нэг талаасаа улс төрийн арга хэмжээ боловч нөгөө талаасаа эдийн засаг явж байдаг. Бид ганцхан хурал зохион байгуулах биш АСЕМ-ийг ашиглаж улс орноо яаж сурталчлах вэ, АСЕМ-аас юу авч үлдэх вэ гэдгийг бодох ёстой. АСЕМ-ийн хурал 2016 оны долдугаар сард, УИХ-ын сонгуулийн дүн гарсан хойно болно. Сонгуулийн нэг цикл дөнгөж эхэлж байхад Монголоо гадаадад сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалт татах маш том боломж юм. Үүнийг зөв ашиглахад бидний дуу хоолой, өнцөг маш чухал. Энэ ажилд Өдөр тутмын сонины холбоо хамтарч, бүх талаар дэмжиж ажиллана.

“Монгол масс медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра: -Манай компанийн хувьд АСЕМ-ийн хурлыг Монгол Улсын унаж байгаа гадаад нэр хүндийг өсгөх боломж гэж харж байгаа. Манайх хэвлэлийн компанийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно. АСЕМ-ийг дагаад дэлхийн томоохон хэвлэлийн компаниуд урьдчилсан сурвалжлага хийдэг. Үр дүнг нь дэлхийн олон нийтэд системтэй хүргэдэг жишиг байдаг. Энэ мэдээллийн урсгал руу зөв мэдээлэл өгөх нь маш чухал. Зөв мэдээлэл авахдаа тухайн улсын дотоодын сэтгүүлчдийн мэдээллийг гаднынхан маш их анхаардаг.

Мөн “Найрсаг Уланбаатар” гэсэн концепцийг бид дараагийн 3 жилд барьж явахаар болсон. Олон улсад үнэхээр өөрсдийгөө найрсаг, хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс гэдгээ нотлох нэг бололцоо гэж бас харж байгаа. Үүний төлөө идэвхтэй ажиллахад бэлэн байна.
Монголын сайтуудын холбооны тэргүүн Х.Мандахбаяр: -Манай холбоонд 170 гаруй сайт багтдаг. Дээд хэмжээний уулзалтын үеэр онлайн орчинд мэдээллийг илүү анзаарч харах байх гэж дүгнэж байна. Монголын сайтын холбооны УЗ-ийн хүрээнд энэ асуудлыг ярилцсан. Бид улс орныхоо төлөө, энэ үйл ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа том боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, дэмжих зорилгоор ажиллана. Онлайн орчинд гарч байгаа мэдээ, мэдээлэлд ажлын хэсгээс гарч байгаа бодлогыг дагаж, ямар нэг алдаа гаргахгүй байхын төлөө хичээж ажиллана. Олон сайтууд үйл ажиллагааг сурвалжлахдаа Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлээр асуудалд хандах ёстой гэдгийг ухамсарлаж өнөөдрийн энэ үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож байна. Энд хүрэлцэн ирж, үйл ажиллагааг дэмжиж байгаа нийт сэтгүүлч нөхөддөө, ажлын хэсгийн ахлагч, хамт олонд амжилт хүсье. Монголын сайтуудын холбоо маш идэвхтэй ажиллана гэдгээ мэдэгдье.

АСЕМ-ийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах Үндэсний зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар: -Өнөөдрийн хэвлэлийн хурлаас та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монголын сэтгүүлчид 2016 оны АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад гар бие оролцож, иргэд, олон нийт, төр засаг, хувийн хэвшлийн дэмжлэгийг хэвлэл, мэдээллээр дамжуулж хүргэх болно.

Эхний удаад сэтгүүлчид нэгдлээ. Дараа нь Монголын олон нийт, олон субъектууд 2016 оны АСЕМ-ийн уулзалтад нэгдэж оролцоно гэдэгт найдаж байна. Сэтгүүлч та бүхэнд баярлалаа гэв.

“Сэтгүүлчид АСЕМ-ийн зүг хамдаа”уриалга гаргасан хэвлэл, мэдээллийн байгууллагууд ойрын үед Санамж бичигт гарын үсэг зурахаар болов.

Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19733
0 эможи
keyboard_arrow_up