Л.Цог Улсын Их Хуралд суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог Улсын Их Хуралд суудалгүй намуудын төлөөллийг өнөөдөр /2015.03.25/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодгийг болих, Улсын Их Хурал хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар санал өгсөн тухайгаа дуулгасан. Мөн намын бүтэц ямар байх, намууд хатуу гишүүнчлэлтэй байх эсэх, Улсын Их Хуралд суудалтай намуудыг төрөөс санхүүжүүлдэг болох зэрэг өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд тусгуулахаар санал өгсөн гэдгээ хэллээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог нь Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
Уулзалтад оролцсон намуудын төлөөлөл дээрх хуулиудад орох өөрчлөлтийн талаар болон бусад асуудлаар саналаа хэлж, харилцан мэдээлэл солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.