УИХ-ын дарга З.Энхболдын БНПУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар энэ сарын 18-21-ний өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө.
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын БНПУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна.
2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр. Пүрэв гараг
Сенатын Маршал Б.Борусевич:Улаанбаатар хот дахь Польшийн Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээнэ
Монгол Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич Монгол Улсын Их Хурлын даргыг айлчлал хийж буйд талархал илэрхийллээ.
Мөн тэрээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн нь бусад орнуудад сайн үлгэр жишээ гэж үздэг. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршалын хувиар хэлэхэд, Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. УИХ-ын дарга З.Энхболд, Манай хоёр орны хоорондын улс төрийн харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцаанд манай улсын зүгээс сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Польшийн Сейм, Сенат, УИХ дахь Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн өргөжүүлж буйд талархаж байна гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой уулзалт хийв
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорски УИХ-ын дарга урилгыг хүлээн авч, БНПУ-д албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр хэлэхдээ, Монгол Улс Ардчиллын замаар замнаад 25 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хүрсэн хөгжлийн түвшнийг Польшийн Сеймийн зүгээс өндрөөр үнэлж байна. Хоёр орны харилцаа олон салбарт хөгжиж байна. Тэр дундаа парламент хоорондын харилцааны өнөөдөр хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдаг гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор энэхүү айлчлал тохиож байна. БНПУ-ын Сеймийн зүгээс хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаанд чухал үндсийг тавьж байдаг. Польшийн Сеймийн Тамгын газартай Монгол Улсын Их Хурлын Тамгын газар уламжлалт харилцаатай явж ирснийг тэмдэглэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга З.Энхболдод Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхав.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына уулзалтын эхэнд, манай хоёр орны харилцаа найрсаг харилцан итгэлцэл дээр тогтдог. Цаашдаа ч энэхүү харилцаагаа хөгжүүлэх боломж их байгаа гэдэгт итгэж байна. Хоёр орны эдийн засгийн болон соёлын харилцаанд илүү анхаарах хэрэгтэй байна. Шинэ түвшинд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таны айлчлал чухал ач холбогдолтой юм гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байна. Хоёр орны харилцаанд парламентын бүлэг хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Манай улсын гуравдахь хөрш Европын холбооны гишүүн Польш улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай санал нэг байна гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд Януш Пехочиньскитэй уулзалт хийв
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд ноён Януш Пехочиньскийг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд ноён Януш Пехочиньски уулзалтын эхэнд, энэхүү айлчлал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөдөр хүрсэн түвшнээс илүү хөгжих бүрэн боломж харагдаж байна. Бид боломжоо 100 хувь ашиглаж чадаагүй байна. Польшийн эдийн засгийн өсөлт хамгийн сүүлийн гүйцэтгэлээр 3,5 хувьтай байна. Бид ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн тасралтгүй хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж байгаа гэв.
УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орны өнөөдөр хүрсэн улс төрийн харилцаанд сэтгэл хангалуун байна. Бид манай улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн Польш улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Таны хэлсэнчлэн, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт бид хамтран ажиллах тал дээр хоёр улсын Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёр улсын хооронд дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулах нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна гэлээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
УИХ-ын дарга БНПУ-д амьдарч буй Монгол иргэдтэй уулзалт хийв
УИХ-ын дарга Варшавын их сургуулийн оюутнуудтай хийсэн уулзалтын дараа Польш Улсад ажиллаж, амьдарч буй Монголын иргэдтэй уулзалт хийв.
Өнөөдрийн байдлаар БНПУ-д 920 монгол иргэн хууль ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байна. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр өнөөдөр монгол эх орноосоо гарч Польш улсад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа элэг нэгт монголчуудынхаа төлөөлөлтөй уулзаж байгаадаа баяртай байна гээд 2012 оны сонгуулийн дараах Монгол орны нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2015 оны 3 дугаар сарын 20. Баасан гараг
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсад айлчлал хийж буй бөгөөд тэрээр өнөөдөр /2015.03.20/ Гданьск хотод хүрэлцэн ирлээ.
Гданьск хот нь мянга гаруй жилийн түүхтэй, Балтийн тэнгис дээрх Польшийн томоохон боомт хотуудын нэг бөгөөд тус улсын умард нутгийн соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн төв, Поморске мужийн нийслэл юм.
Монгол Улсын Их Хурлын даргын хамт Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич болон албаны бусад хүмүүс Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилтнуудын “1970 оны 12 дугаар сарын бослого” нь түүхэнд тодоор тэмдэглэгдсэн үйл явдлуудыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус үйлдвэрийн ажилтнууд эрх баригчидтай алдарт “8 дугаар сарын зөвшилцөл”-ийг байгуулж байсан түүхтэй. Энэхүү зөвшилцлийн дүнд чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийг байгуулах боломж бүрджээ. Энэхүү үйл явдал нь Европт коммунист дэглэм нуран унаж, ардчилсан хувьсгалыг эхлүүлэх онцгой үйл явдал гэж үздэг байна.
Түүнчлэн өнөөдөр Гданьск хотын “Европын эв санааны нэгдлийн төв”-д “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич нарыг БНПУ-ын Поморске мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Мечислав Струк, Гданьск хотын дэд ерөнхийлөгч Веслав Белавски, Европын эв санааны нэгдлийн төвийн захирал Басил Керски нар угтан мэндчиллээ.