З.Энхболд “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

2015 оны 3 сарын 21

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсад айлчлал хийж буй бөгөөд тэрээр өнөөдөр /2015.03.20/ Гданьск хотод хүрэлцэн ирлээ.

 

Гданьск хот нь мянга гаруй жилийн түүхтэй, Балтийн тэнгис дээрх Польшийн томоохон боомт хотуудын нэг бөгөөд тус улсын умард нутгийн соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн төв, Поморске мужийн нийслэл юм.

Монгол Улсын Их Хурлын даргын хамт Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич болон албаны бусад хүмүүс Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын хөшөөнд өнөөдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилтнуудын “1970 оны 12 дугаар сарын бослого” нь түүхэнд тодоор тэмдэглэгдсэн үйл явдлуудыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, 1980 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус үйлдвэрийн ажилтнууд эрх баригчидтай алдарт “8 дугаар сарын зөвшилцөл”-ийг байгуулж байсан түүхтэй. Энэхүү зөвшилцлийн дүнд чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийг байгуулах боломж бүрджээ. Энэхүү үйл явдал нь Европт коммунист дэглэм нуран унаж, ардчилсан хувьсгалыг эхлүүлэх онцгой үйл явдал гэж үздэг байна. 

Түүнчлэн өнөөдөр Гданьск хотын “Европын эв санааны нэгдлийн төв”-д “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевич нарыг БНПУ-ын Поморске мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Мечислав Струк, Гданьск хотын дэд ерөнхийлөгч Веслав Белавски, Европын эв санааны нэгдлийн төвийн захирал Басил Керски нар угтан мэндчиллээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Монголчууд бидний хувьд 2015 он онцлог жил болж байна. Одоогоос 25 жилийн өмнө буюу 1990 онд Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, түүний үр дүнд бид анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулж, шинэ Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй. Энэ түүхт ойн жил Монголын ардчилсан хувьсгалын тухай үзэсгэлэн бидний гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн орон Польш Улсад ийнхүү нээгдэж, олон түмний хүртээл болж байгаад баяртай байна. Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг эхнээс нь дэмжин, оюун санааны болон материаллаг тусламж үзүүлж, туршлагаасаа хуваалцаж ирсэн Европын орнууд, тэр дундаа Польшийн ард түмэнд, Польшийн “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний зүтгэлтнүүдэд талархлаа илэрхийлье. Монгол Улсад ардчиллын зарчимд суурилсан шинэ Үндсэн хуулиа боловсруулахад Польшийн Шилжилтийн Сеймийн гишүүд, Үндсэн хуулийн мэргэжилтнүүд, түүний дотор профессор Петр Винчорек нар идэвхийлэн оролцож байсныг дурдахад таатай байна. Монгол Улс ардчиллын замаар хөгжиж буй шинэ тулгар улс орнуудтай ардчиллын туршлагаасаа хуваалцах зорилгоор 2013 онд “Олон Улсын хамтын ажиллагааны сан”-г байгууллаа. Энэхүү үзэсгэлэн Монголчууд бидний эх орондоо ардчиллыг бий болгосон түүх, үүнд Польшийн ард түмэн, эвсэл хөдөлгөөнүүдийн зүтгэлтнүүдийн үзүүлсэн дэмжлэг, ардчиллыг бэхжүүлэхийн төлөөх манай хоёр ард түмний хамтын ажиллагаа, хамтын зүтгэлийн түүхтэй танилцах боломж олгож байна гэлээ.

“Европын эв санааны нэгдлийн төв” нь 1980 оны 8 дугаар сард Ленины нэрэмжит Гданьскийн усан онгоцны үйлдвэрийн ажилчид ажил хаян тэмцэж эхэлснээр Польшийн ард түмний эрх чөлөөний төлөөх мөрөөдөл нь биеллээ олох итгэлийг төрүүлж байсан “Солидарнощч” буюу “Эв санааны нэгдэл”-ийг олон нийтэд сурталчлах төв юм. Тус төвийн гол хэсэгт буй үзэсгэлэнгийн хэсэг нь тусгаар тогтнолын төлөөх мөрөөдлөө бодит биелэл болгохын төлөө тэмцэж ирсэн түүхэн үйл явдлуудыг орчин техник, технологи, ашиглан, бодит баримт материалаар баяжуулан харуулжээ. Мөн тус төвд үзэсгэлэнгийн танхим, номын сан, сургалтын танхим, ардчиллын боловсрол олж авахад чиглэсэн бүхий л нөхцөлөөр хангаж өгчээ.

Мөн УИХ-ын дарга болон бусад төлөөлөгчид тухайн үед зурагт ухуулгын хуудсыг хэрхэн хувилж байсан үйл ажиллагаатай танилцав.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд  “Европын эв санааны нэгдлийн төв”-д Монгол Улсад өрнөсөн ардчиллын түүхэн зургийг гардуулан өглөө. 

Үзэсгэлэнгийн нээлтийн дараа “Монголын хилэн хувьсгал” нэртэй ярилцлага “Европын эв санааны нэгдлийн төв”-д болов. Энэхүү ярилцлагын эхэнд Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Ганбаатар, Монголд очиж ажиллаж байсан Польшийн ардчиллын зүтгэлтэн, эрдэмтэн түүхч нар тухайн үеийн нөхцөл байдал, ардчилал ямар үнэ цэнээр ард түмэнд олдсон тухай түүхийг дурсан ярилаа.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үзэсгэлэнд зориулж дурсгалын үг бичин гарын үсэг зурж үлдээснээр түүний Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-д ажиллах бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн  Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн  Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд А.Ганбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19535
0 эможи
keyboard_arrow_up