Зам тээврийн сайд Н.Төмөрхүү БНХАУ-д айлчилж байна
-Транзит тээврийн талаар хоёр тал ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ-
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү БНХАУ-ын Зам, тээврийн сайдын урилгаар тус улсад айлчилж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Зам тээврийн сайд Н.Төмөрхүү БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтантай албан ёсны хэлэлцээр хийж, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев, БНХАУ-ын Төмөр замын агентлагийн дарга Лу Дунфу, БНХАУ-ын Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Ли Зясян, Хятадын Төмөр замын ерөнхий компанийн удирдлагатай тус тус уулзалт хийх юм. Айлчлалын бүрэлдэхүүнд ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто тээврийн хэлтсийн дарга Я.Мөнхжаргал, Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга Т.Лхагвасүрэн, “МТЗ” ТӨХК- ийн захирал Д.Ганбат болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Энэ сарын 17-ны өдөр Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтантай уулзаж төмөр зам, хуурай зам, боомт, агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Монгол Улсын зам тээврийн салбарын хөгжил, цаашдын чиглэлийг танилцуулан Хятад, Монгол болон Хятад, Монгол, Оросын төмөр зам, хуурай зам зэрэг шинэ гарц байгуулахад дэмжлэг тусламж үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Хятад, Монгол, Орос улсын гурван тал жил болгон уулзалт, хамтын ажиллагааны механизм бий болгох, бүс нутгийн эдийн засгийн хэлэлцээрийг урагшлуулах, холбогдох асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж байх, гурван талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, транзит тээврийн талуудын хувь нийлүүлсэн компани байгуулах санаачилга гаргаж байгаагаа танилцууллаа.
БНХАУ-ын Зам,тээврийн сайд Ян Чуаньтан, Хятад, Монгол ойрын хөрш орон, иргэд хоорондын харилцаа нягт, хамтын ажиллагаа өргөн, зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжтой. Хятадын тал Монголын талтай транзит тээврийн салбар дах хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагаанд Хятадын аж ахуйн нэгж оролцоход дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Транзит тээврийн салбар дахь Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, зах зээлийн зарчмын үндсэн дээр, гурван талын харилцан итгэлцсэн, ашигтай, аль алт талдаа ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна гэв. Тэрбээр мөн Хятад, Монгол, Оросын Засгийн газар хоорондын зам тээврийн хэлэлцээрийг урагшлуулах, боловсон хүчний давтан сургалт, солилцоо, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Манай улс транзит тээврийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар тус улстай нэгдсэн ойлголтод хүрснээрТавантолгой, Сайншанд, Хөөт, Бичигтийн боомтын чиглэлд төмөр зам барих төсөл дээр хамтран ажиллахаар болсон. Тэр тусмаа Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам Ази, Европыг холбосон хэвтээ тэнхлэгийн зам болно гэсэн зорилтыг манай тал тавьж буй. Энэ зам урагшаа Бичигтийн боомт хүрч, улмаар Эрээнцаваар дамжин Орос, Япон, Солонгосын зах зээлд хүрэх юм. Энд нийт 1300-1800 км төмөр зам барихаас Хөөт, Бичигт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавихаар болсон.
Айлчлалын үеэр БНХАУ-ын “Башин” төмөр замын компанийн Ерөнхий захирал Хөөтийн уурхай Бичигтийн боомттой төмөр замаар холбогдвол бид Манжуураар 900 км тойрч тээвэрлэлт хийхгүйгээр Монгол, улмаар ОХУ руу дөтөлж Европын зах зээлд хүрэх учраас манай хоёр оронд ашигтай.
Хөөтийн уурхайгаас Эрээнцав-Сайншанд-Бичигт гэсэн гурван чиглэлд төмөр зам тавихаар төлөвлөснийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийнхан хэлж байна. Учир нь Тавантолгойгоос жилд 30 сая тонн, Хөөтийн уурхайгаас жилд 20 сая тонн нүүрс олборлох боломжтой. Ийм хэмжээний нүүрсийг борлуулахад хоёр хөршөөс гадна Япон, Солонгосын зах зээлд гарцтай болох шаардлагатай.
Манай улс хамгийн дээд тал нь жилд 18 сая тонн нүүрс олборлож байжээ. Харин одоо бидэнд үүнээс хэд дахин илүүг олборлох, борлуулах шаардлага гарч байна. Тиймээс төмөр замын төслөө ажил хэрэг болгохын зэрэгцээ зах зээлээ судлах шаардлагатай юм. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат “Тавантолгой, Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад ороход жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэвэл секунд тутамд нэг вагон нүүрс нэвтрүүлэх болно. Тийм боломжгүйгээс хэвтээ тэнхлэгийн төмөр зам ашиглалтад оруулж Бичигтийн боомтоор Хятад руу нэг хэсгийг, Эрээнцавын боомтоор дамжиж ОХУ, Япон, Солонгосын зах зээлд гарц нээх коридорыг нээх хэрэгтэй болж байна” гэсэн юм.
Монгол орны зүүн аймгуудаар дамжин Орос, Хятадын зах зээлд холбогдох энэхүү төмөр замын төсөл Ази, Европын олон орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй. Айлчлалын үеэр Хятадын олон компани уг төсөлд оролцох, хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлснээс гадна Европын Сэргээн босголт, хөгжлийн банк ч хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа илэрхийлсэн. Одоо манай төр боломжит хувилбаруудаас хамгийн оновчтой, зөв сонголтыг хийх нь чухал болоод байна. Түүнчлэн одоогоор “УБТЗ” жилд 20 сая тонн ачаа тээвэрлэлт хийх хүчин чадалтай. Үүнийг цаашид 40 сая тоннд хүргэх зорилттой байгаагаа манай улсын Зам тээврийн сайд Н.Төмөрхүү Хятадын талд илэрхийлсэн аж. Ингэснээр хоёр улсын хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ хэмжээ нэмэгдэх юм.