УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-д айлчиллаа

2015 оны 3 сарын 20

Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетрын урилгаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын дарга П.Кынштетр болон Сенатын танхимын Тамгын газрын дарга И.Уклейн нартай тус тус уулзалт хийж,  хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид энэхүү уламжлалт найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Тамгын газруудын ажилтнуудыг харилцан солилцож мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах болон хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хийгдэж буй судалгаа, мэдээллээр хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг БНЧУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Я.Хамачек болон дэд дарга В.Филип нар тус тус хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн танхимын даргатай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг уламжилж, айлчлалын хүрээнд Чехийн парламентын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах таатай боломж олгосонд талархал илэрхийлж парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Ноён Я.Хамачек 2015 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНЧУ-д хийсэн төрийн айлчлал нь Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн эхэнд томоохон ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэж айлчлалын хүрээнд хоёр талын ярилцаж тохиролцсон зарим арга хэмжээг хэрэгжүүлэхэд хоёр орны парламент болон Тамгын газруудын үүрэг, оролцоо чухал болохыг хэлээд цаашид Монгол-Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19505
0 эможи
keyboard_arrow_up