З.Энхболдод БНПУ-ын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.03.19/ Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхав.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына уулзалтын эхэнд, манай хоёр орны харилцаа найрсаг харилцан итгэлцэл дээр тогтдог. Цаашдаа ч энэхүү харилцаагаа хөгжүүлэх боломж их байгаа гэдэгт итгэж байна. Хоёр орны эдийн засгийн болон соёлын харилцаанд илүү анхаарах хэрэгтэй байна. Шинэ түвшинд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таны айлчлал чухал ач холбогдолтой юм гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явцыг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байна. Хоёр орны харилцаанд парламентын бүлэг хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Манай улсын гуравдахь хөрш Европын холбооны гишүүн Польш улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэсэн таны байр суурьтай санал нэг байна. Эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Засгийн газарт үүрэг өгч ажиллах болно. 2014 онд Улаанбаатарт зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хурлын үеэр тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх нь чухал. Польш Улсын Засгийн газрын зүгээс хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчид хоорондын шууд хэлхээ холбоог дэмжихэд анхаарч байгаад талархаж байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына, Монгол Улстай цаашид өндөр түвшинд хамтын ажиллагаагаа баяжуулан өргөн агуулгаар хөгжүүлэх боломж байна гэлээ. Тэд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Ази болон Европын бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Улсын Их Хурлын даргад Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Монгол Улсаас Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд А.Ганбаатар болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.