УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт нээлттэй захидал илгээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүдэд:
Татвар төлөгч аж ахуй нэгжүүдийн тухай
Монгол улсын маань хүн ам саявтархан 3 сая болж “хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэсэн ардын эдийн засгийн ухаанаар бодвол цаашдын хөгжилд маань эерэг үр дүнг авчрах чухал үйл явдал боллоо. 3 сая хүн амын маань 1.2 сая нь статистикийн хэлээр бол эдийн засгийн идэвхтэй хүн ам, үүнээс ажиллагсад нь 1 сая орчим. “Эдийн засгийн идэвхгүй” гэж нэрлэдэг хүн ам маань 700 илүү мянга үүн дотроо суралцдаг нь 32%, хөгжлийн бэрхшээлтэй нь 8%, өндөр настан, тэтгэвэрт 29 %. Цэцэрлэгт 207 мянга, ЕБС сургуульд 506 мянга, МСҮТ-д 43 мянга, их дээд сургууль, коллежид 178 мянга гэх мэтээр үзвэл “миний эх орон мянга мянган суралцагсадын “эх орон” билээ. 1 сая хүүхэддээ бид “за” гэж хэлээд “хүүхдийн мөнгө” хэмээх “тэтгэвэр”-ийг бас өгдөг.
2015 онд “эдийн засгийн идэвхгүй” хүн амаа идэвхжүүлж идэвхтэй хүн амаа улам дэмжих төрийн бодлого нь системтэй, иж бүрэн болж чадаагүй нөхцөлд эдийн засгийн идэвхтэй хүн ам нь ДНБ-ээ 6-7%-д тогтоон барих хүнд хэцүү зорилтыг биелүүлэх гэж чардайх болно. Үүний голыг бизнесийн регистэрд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж буй 59843 аж ахуй нэгж, төр нь хэрэв татвар, зээл, бизнесийн орчинг нь сайжруулаад өгчихвөл “амилаад” явчих боломжтой, үйл ажиллагаа явуулаагүй байгаа 53759 (2014 онд, харин 2013 онд энэ тоо 44674 байсан) аж ахуй нэгж нугалах болно.
Татвар төлдөг талааас нь судлаад үзвэл 2014 онд 75008 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын тайлангаа ТЕГазарт ирүүлсэний 49620 нь 10 сая хүртэл борлуулалтын орлоготой, 10-100 сая хүртэлх 13975, 100 саяас тэрбум хүртэл 8681, 1-5 тэрбум хүртэл гэх мэт явсаар 5-10 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой нь ердөө 349,10 тэрбумаас дээш нь ердөө 404 болоод л явчиж байна. Эндээс маш энгийн асуулт гарч байна: Яагаад өдий болтол Монгол улс жижгийг нь дунд, дундыг нь том, томыг нь бүр том болгодог эдийн засаг, татвар, төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж чадахгүй байна ? Чадахгүй байгаагийн “ ид шид” нь юундаа байна?
Энд би нэмэгдсэн өртгийн болон бусад татвар төлөгчдийн талаар дурьдсангүй, татварын ачааллын талаар ч мөн адил. Гэхдээ хүн амын тоо, зах зээлд эргэлт хийх боломж, зах зээлийн багтаамжтайгаа харьцуулбал манайд татварын бодит ачаалал нөгөө ярьж бичээд байдаг ”Азидаа татварын ачаалал хамгийн бага орон” гэх мэт худал тооцоогоор бус жижиг зах зээлтэй том ачаалалтай л улсын тоонд орно. Саявтархан би “Misery index”, монголоор орчуулбал “Шаналалын индекс” гэж хэлж болох судалгаа үзлээ. Дэлхийн 80 гаруй орныг хамруулсан, инфиляц, банкны зээлийн хүүгийн хувь хэмжээ, ажилгүйдлийн түвшин, нэг хүнд ноогдох ДНБ-ээр тооцоолсон энгийн мөртлөө их бодитой индекс байдаг юм байна. Монголын жишээн дээр тооцож үзлээ, тэгсэн чинь Монгол улс маань бараг Сахарын дэд хэсгийн орнуудтай харьцуулж болохоор, хамгийн муу 20 улсын тоонд орохоор байна. Ийм шаналгаатай бизнесийн орчинд төр, төтвар төлөгчтэйгээ яаж харьцаж, ямаршуухан татварын эрхзүйн орчин бүрдүүлсэн бэ ? Татварын болон эдийн засаг, бизнесийн орчины холбоотой гол хууль, тогтоомж үүнд хариулт өгнө: Муу, бас дээр нь эрүүжүүлсэн. Тэгэхлээр одоо Монгол улс татварын шинэчилэлээ иж бүрэн яаралтай хийж, эдийн засгийн ил тод байдал, татварын өршөөлийг хослуулах, татварын өршөөлийн хууль болон бусад эрүүгийн гэх мэт хуулиуддаа “эрүүжүүлсэн” байдлаас нь өөрчилж “эрүүлжүүлсэн” орчинг эрс шийдэмгий бүрдүүлэх цаг болжээ. Татварын албадаас 2006-2014 онд хууль хяналтын байгууллагад 15.5 тэрбум төгрөгийн зөрчил бүхий 545 тохиолдлыг гарган шилжүүлсэн байна. Энэ нь одоогийн татварын ерөнхий хуулийн заалтын дагуу хийсэн ажил нь. Шийдэгдсэн эсэх нь тодорхой бус. Гэтэл үүнээс өөр, маш “сонин” байж болох бас нэг өөр статистик байх юм. 2012-2014 онд авилгалтай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газраас татварын ерөнхий газарт хяналт шалгалт хийлгэхээр, (уул нь хуулиараа бол татварын ерөнхиий газар нь хэнд, хэзээ, яаж хийхээ өөрөө мэддэг дэлхийн жишиг байдаг) нийт 182 бичиг ирүүлж тэр нь 6066 татвар төлөгчийг хамарсан байх юм. Дээр нь дээр дурьдсан хоёр байгууллага голлон 2012-2014 онд татвар төлөгчийн тухай мэдээлэл авахаар 496 албан тоотоор 5194 татвар төлөгчийг хамарсан “хүсэлт” ирүүлсэн байх юм. Нийт дүнгээрээ 2012-2014 онд 678 төрлийн албан тоогоор 11260 татвар төлөгчийн асуудлыг хөнджээ. Өөрөөр хэлбэл 2012 онд 197, 2013 онд 276, 2014 онд 205 албан тоот явуулж, энэ нь тооцоолоод үзвэл 2012 онд 1,8 хоногт 1 албан тоот, 2013 онд 1,3 хоногт 1 албан тоот, 2014 онд 1,7 хоноод 1албан тоот явуулсан байна.
Маш шуурхай ажиллаж байгаа биз ?! Бас нэг баримт. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хийсэн бодлогын судалгааны тайлангаас үзэхэд 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 2093 хүнийг цагдан хорьж үүнээс “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэлээр 939 буюу нийт цагдан хоригдсон хүмүүсийн 44%-ийг эзэлж байна.”Оргон зайлж болзошгүй” гэдэг үндэслэлүүд дотор “гадаадад гарах магадлалтай” гэсэн үндэслэл байдаг бөгөөд энэ л үндэслэлээр хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, Жастин Капла төдийгүй монголын олон арван аж ахуй нэгжийн захирал, албан тушаалтнууд “чөлөөтэй зорчин явах эрхээ” хасуулдаг практик түгээмэл болсон.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч “оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл нь хэт субьектив бөгөөд хэнийг баривчлах, хэнийг цагдан хорих нь бараг үзэмжийн болсон энэ гаж үзэгдлийг бид хуулийн засаглал зөв хэрэгжиж байна гэж үзсээр л байх уу? Цагдан хорих арга хэмжээ нь таслан сэргийлэх хамгийн сүүлийн арга хэмжээ байх ёстой гэдэг НҮБ-ийн зарчим байсаар байтал, НҮБ-ийн эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд манай улсад энэ талаар сануулж, зөвлөсөөр байтал бараг л хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ болчоод хүний эрх, эрх чөлөөг зөрчсөөр л байх уу?
Хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүний эрхтэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй гэж хуулиндаа заачихаад өөрчилөе гэхээр үндсэн хууль зөрчинө гэсэн тайлбар хийгээд үүнд нь УИХ-ын зарим байнгын хороо нь “үнэмшээд” яваад л байх уу? Та бид дээр дурьдсан бодлогын судалгаа тайланг нэг олж уншаад нухацтайхан дүгнэлт хийж, цаашид холбогдох хууль тогтоомжоо өөрчлөх цаг болсон бус уу?
Одоо тэгвэл арай өөр нэг статистик харцгаая...Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 25362, 2014 онд 27318 болж 7.7%-иар өссөн байна. Үүний дотор гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1076 бүртгэгдэж өмнөх оныхоос 658 хэрэг буюу 2.6 дахин(!) нэмэгджээ. 2015 оны эхний 2 сард 5314 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 862 хэрэг буюу 19.4 хувиар өсчээ. 2013-2015 онд жил бүрийн эхний 2 сарын байдлаар авч үзвэл 2013 онд 4295 хэрэг, 2014 онд 4452, 2015 онд 5314 хэрэг болж өссөн байна. Бодит байдал ийм л байна, юуг нь юутай харьцуулахаа Та бүхэн дотроо тунгаана буйзаа...
Та бүхэнд татварын шинэчлэлт хийж, монголынхоо татвар төлөгч аж ахуй нэгжүүддээ, хууль эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлж өгөх хүсэл зориг, итгэл үнэмшил байгаа гэдгийг би мэднэ, үүнд огт эргэлздэггүй. Гагцхүү та бидэнд цаг хугацааны шахуу орчинд шинэчлэлээ хэрхэн яаж оновчтой хийхээ зөвшилцөх л чухал байна. 2015 оны 7 дугаар сарын 1 гэхэд Монгол улс татварын эрх зүйн болон эдийн засгийн оновчтой орчинтой улс болцгоое.
Татварын ерөнхий хуулиасаа эхэлж өөрчлөн төр ба татвар төлөгчийн хооронд шударга, ил тод, үр дүнтэй харилцааны эрх зүйн үндсийг бүрэлдүүлж “Төр оршихуй дор татвар оршихуй” төдийгүй “Татвар төлөгч оршихуй дор төр оршихуй” харилцааг бүрдүүлцгээе. Жижиг нь дунд, дунд нь том, том нь улам том болох сэдэл хөшүүргийг агуулсан, бүгдээрээ татвараа төлөх эрмэлзэл рүү түлхсэн, хөтөлсөн татвар ногдуулалт, төлөлтийн орчинг бий болгоцгоое.
Татварын маргаан шийдвэрлэх механизм нь зөв бүтэц, тогтолцоотой, төр ба татвар төлөгчийн эрх үүргийн тэнцвэрийг хангасан, татварын холбогдолтой аливаа маргаан, зөрчил шударгаар шийдэгдэж байдаг тийм институц байхаар бодож өөрчлөлт хийцгээе. Эрсдэл дээр суурилсан татварын хяналт шалгалт, татварын алба нь татвар төлөгчөө дарамталдаггүй, харин тусалдаг, зөвлөдөг, татвар төлөгч нь айдаггүй, шаналдаггүй татварын харилцааны цоо шинэ орчин бий болгоцгооё.
“Татварын гэмт хэрэг” гэдэг тодорхойлолтоо зөв болгож өнөөгийнх шиг юм л бол “эрүүжүүлээд” байдаг тогтолцоогоо “эрүүлжүүлж” цагдаа, АТГ, шүүх, прокурор, эрүүгийн хуулиндаа холбогдох өөрчлөлтүүд оруулж, татварын шүүх байгуулах, татварын харилцааг эрүүжүүлэх бус иргэнжүүлэх чиглэл рүү явцгаая. Монгол улс бизнесийн орчин, эдийн засгийн болон өмчийн эрх чөлөөгөөрөө дэлхийд эхний 50-д орох зорилт тавьж бодитойгоор хэрэгжүүлцгээе.
Үндсэн хууль маань эхэлдэг “ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн” гэсэн өгүүлбэр үндсэн хуулийн дээд эрх зүй, амин сүнс байдаг зарчмаа мөрдөж, дэлхий дахинд “Hotel Mongolia” гэсэн муухай нэр авснаасаа салцгаая. Өмнө дурьдсан “Misery index” - “Шаналалын индексээ” онцгой анхаарч, шаналал, дарамтгүй, улам их баялаг бүтээж, ажлын байр олноор бий болгох “олуулаа” бизнес эрхлэгчдийг бий болгоцгооё. Бид хүүхдүүдийнхээ төлөө “За “ гэж хэлээд мөнгө зарцуулаад явж байгаа. Одоо тэгвэл тэр мөнгийг нь бий болгодог татвар төлөгчдийнхөө төлөө “За” гэж хэлцгээе. Энэ бол хамгийн үр дүнтэй “За” болох болно.
ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН (ИЗНН) С.ДЭМБЭРЭЛ