Армийн төлөөлөл эмэгтэйчүүдэд баяр хүргэв

2015 оны 3 сарын 18

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, эмэгтэй гишүүд армид алба хааж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг өнөөдөр /3-р сарын 18/ Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.

Уулзалтанд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар болон Хойд Судан, Өмнөд Судан, Сьерра-Леон, Афганистан дахь энхийг дэмжих ажиллагаанд удирдах албан тушаал хашиж байсан 5 эмэгтэй /БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны Европын орнуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа О.Ариунаа, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Нямжаргал, БХХСАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн эрхлэгч, дэд хурандаа П.Самбуужанцан нарын/ оролцов.

 Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат улс орныхоо батлан хамгаалах үйлсэд зохих хувь нэмрээ оруулж, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааанд оролцон дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан тэдгээр эмэгтэйд Зэвсэгт хүчний уламжлалт баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж хүлээн авч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Цэргийн албаны эмэгтэйчүүд хүнд нөхцөлд эрчүүдийн нэгэн адил үүргээ чадварлаг гүйцэтгэж байгаа нь бахархах сэтгэл төрүүлэх төдийгүй залуу хойч үеийнхэнд үлгэр жишээ болох учиртай”-г тэмдэглэн хэллээ. Тэрбээр бас өөрийгөө “хугацаат цэргийн алба хааж явсан бэлтгэл ахмад” харин Д.Арвин гишүүнийг “тухайн үедээ цэргийн албанд ажиллаж байсан бэлтгэл дэд хурандаа” хэмээн танилцуулсан юм.

Эмэгтэй гишүүдийг төлөөлж уулзалтанд оролцсон Д.Арвин гишүүн батлан хамгаалах салбарт удирдах албан тушаалд ажиллаж буй цөөхөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон бүсгүйчүүдэд баяр хүргээд “Төрөөс удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримталж байгаа. Эх орноо батлан хамгаалах, нийт иргэдэд цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх талаар өндөр амжилт гарган ажиллана гэж итгэж байгаа”-гаа илэрхийллээ.

 Энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар хэлсэн үгэндээ улс орноо батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт үүрэг гүйцэтгэж байгаа, олон улсын энхийг сахиулах үйлсэд удирдах албан тушаал хашиж байсан эмэгтэйчүүдийг Улсын Их Хурал, түүний байнгын хороо, эмэгтэй гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд “Монгол Улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд нийт 11 мянган хүн оролцсоны 2,9 хувь буюу 341 нь эмэгтэйчүүд байдаг. Манай эмэгтэй офицеруудын оролцоо тооны хувьд бага ч чанарын хувьд өндөр, НҮБ-ын төв штабын Ажиллагаануудын дарга нараар ажилладаг, 2-3 гадаад хэлтэй хүмүүс байдаг. Энэ жилийн хувьд энхийг дэмжих үйлсэд манай улсаас 1100-гаад цэргийн албан хаагч оролцож байгаагийн 72 нь эмэгтэйчүүд байгаа” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд армийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдэд баглаа цэцэг, бэлэг дурсгалын зүйл гардуулж, хамтдаа дурсгалын зураг авахууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19333
0 эможи
keyboard_arrow_up