Монгол Улсын Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс хуралдав

2015 оны 3 сарын 18

Монгол Улсын Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комисс өнөөдөр /2015.03.18/ хуралдлаа. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын дарга Л.Цог шинээр комиссын гишүүн болсон хүмүүсийг танилцуулаад өнөөдөр тохиож буй Монгол цэргийн баярын мэндийг хүргэсэн юм.

Дараа нь Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын Нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн өнгөрсөн оны тайлангаа танилцуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэтгээн цагаатгахад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 36.0 мянга орчим хүн байдаг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд 1939-2014 оны хооронд 31193 хүн цагаатгагдсан. 2014 онд Монгол Улсын дээд шүүхээс 21 хүн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 9 хүнийг тус тус цагаатгасан байна. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан тухай танилцууллаа.

Мөн тэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд тусламж, дэмжлэг үзүүлэх талаарх танилцуулгадаа, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөх олговрын 500 мянга, 1 сая төгрөгийг 1998 оноос хойш өнөөг хүртэл тус хуулийн 10 дугаар зүйлд заасан нэхэмжлэх эрхтэй хүмүүс буюу хэлмэгдэгч, тэдний эхнэр /нөхөр/, үр хүүхэд, ах, дүү, ач, зээ зэрэг 18081 хүнд 16 тэрбум 290 сая төгрөгийн нөхөх олговор олгосон.2014 оны 45 нэхэмжлэгчид 42.5 сая төгрөгийн нөхөх олговор олгосон. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 12 нэхэмжлэгчид 11 сая төгрөгийг нөхөх олговор олгосон тухай дурдав.

   Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах Ажлыг удирдан зохион байгуулах Улсын Комиссын дарга Л.Цог, цагаатгах ажлын хугацаа их шахуу байгаа учраас холбогдох хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө дахин нягтлан харах, ажлыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах төсвийн асуудалд анхаарах, орон нутгийн салбар комиссын ажлыг эрчимжүүлэх хүрээнд орон нутгийн архивт шалгагдаагүй хэрэг материал байгаа эсэх, хэлмэгдэгсэдтэй холбоотой судалгаа гаргуулж тэдгээрийг төвлөрүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа тухай онцлог тэмдэглэв.

Хуралдааны үеэр Комиссын гишүүд өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу мөн холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19332
0 эможи
keyboard_arrow_up