“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2015.03.12/ Төрийн ордны “Б” танхимд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн гүйцэтгэлийг сайжруулах талаар Засгийн газар, яамд, агентлагууд тодорхой арга хэмжээг авч ажиллахгүй байгаад дүгнэлт хийж, ажлын уялдаа холбоог сайжруулан, хэрэгжилтийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хариуцлага сахилгыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд Улсын Их Хурлын шийдвэрт тавих хяналт маш чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэлцүүлэгт оролцогчдод хандан үг хэлээд, Монгол Улсад 434 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ иргэд, олон нийтийн байгууллага хуулийн хэрэгжилтэд сайтар хяналт тавих хэрэгтэйг онцолж байсан юм.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, Үндэсний Аудитын газрын дарга А.Зангад “Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт ба нийцлийн аудит”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх хяналт шинжилгээ, үнэлгээний үр нөлөөг сайжруулах талаар авч буй арга хэмжээ”, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх нь”, Судлаач Х.Номингэрэл “Парламентаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах тогтолцоо” сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй хэлэлцүүлгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, Засгийн газар болон төрийн бусад байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо, хяналт, шинжилгээ, үнэлгээний аргачлалын талаар харилцан мэдээлэл солилцох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх зэрэг асуудлын талаар ярилцсан юм. Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын хууль тогтоомжийн өнөөгийн байдал, түүний үр нөлөөг сайжруулах, үнэлгээ хийх аргачлал, хяналтын тогтолцооны талаарх мэдээллийг Засгийн газар болон бусад төрийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад хүргэснээр цаашид хамтран ажиллах ажлын уялдаа холбоо сайжрах юм гэж үзэж байгаа аж.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон УИХ-ын харьяа байгууллагын удирдлагууд, УИХ, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, яам, агентлагийн төлөөллүүд оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.