Д.Оюунхорол Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифайтай уулзлаа
“ITB Berlin 2015”олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролөчигдөр НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай-тай “Месси Берлин”-ий танхимд уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб РифайМонгол Улс “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, уг үйл ажиллагааны араас хийх олон ажилд урьдынхаас илүү дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. “Аливаа амжилт дээд төвшинд очоод, тэндээ барих хамгийн хэцүү. Хэрвээ хүрсэн төвшиндөө барьж чадвал амжилтын үндэс тэр” гэж ноён Талиб Рифай хэлээд ITB-д түнш орноор оролцсоны дараахь Монгол Улсын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монгол Улсыг “ITB Berlin”-д түнш орноор оролцоход үзүүлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиф Рифайн дэмжлэгт гүнээ талархал илэрхийлэв. Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад элсэн орсноос хойш уг байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд олон удаагийн сургалт, судалгаа, зөвлөмж, мэргэжил арга зүйн туслалцаа, маркетингийн дэмжлэг, Стэп сангийн төслийн санхүүжилт, Монгол Улсын аялал жуулчлалын уриа үг, лого бүтээх, зэрэг маш олон төрлийн тусламж дэмжлэгийг хүртсэндээ талархаж байгаагаа мөн илэрхийлж, “ITBBerlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн дараа өмнөхөөс илүү үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа хэллээ. Цаашид Монголын төр, засаг Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлахаар ажиллаж байгаа бөгөөд Казиногийн тухай, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийг боловсруулан тусгай сонирхлын аялал, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар идэвхийлэн ажиллаж байгаагаа хэллээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг салбарын хэмжээнд боловсруулахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөгөө, техникийн туслалцаа үнэтэй хувь нэмэр оруулсныг сайд Д.Оюунхорол мөн тэмдэглэж, цаашид ч бодлогын баримт бичгийн боловсруулалт, төлөвлөгөө, хэрэгжилтийг хангахад Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөгөө онцгой чухлыг тэмдэглэлээ. Монгол Улс ITB-гийн дараа хүрээлэн буй орчныг хамгаалах,аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох, стандартыг боловсронгуй болгох, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлүүдээр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас дэмжлэг авч, дэлхийн бусад улсуудаас туршлага судлах хүсэлтэйгээ мөн хэлсэн. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ITB үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн адал явдалт аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Крис Дойлтой уулзаж, уг холбооны чиглэлээр ITB-ийн дараахь томоохон арга хэмжээг Монголд зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд үүнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагыг хамтран оролцохыг хүссэн юм. Энэ мэтчилэн олон хамтын арга хэмжээний үр дүнд Монголын аялал жуулчлалын салбарын хөгжил шинэ шатанд гарч, улс орны эдийн засгийн гол салбар болж чадна гэж үзэж байгаагаа сайд Д.Оюунхорол хэллээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиф Рифай, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр олон чухал ажил хийхээр төлөвлөж байгаад талархал илэрхийлж, ITB-ийг өндөр төвшинд зохион байгуулсан Монгол Улс руу тэмүүлэх жуулчдын тэмүүлэл огцом өсч байна. Тиймээс хамгийн чухал нь энэ хэрэгцээ шаардлагыг бид хамтдаа хангаж ажиллах нь чухал юм гээд хэд хэдэн асуудлаар онцгой анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Юуны өмнөМонгол Улсыг гадаадад сурталчлах эерэг имижийг гаргах, түүнийгээ бататгахын төлөө хүчин чармайлт гаргахыг зөвлөв. Уг асуудлаар техникийн болон улстөрийн дэмжлэгийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага бүх талаар үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Адал явдалт аялал жуулчлалын холбоотой хамтран Монголд хийх олон улсын арга хэмжээг энэ оны сүүлээр, эсвэл ирэх оны эхээр зохион байгуулах хэрэгтэй гэв. Үүнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага дэмжиж, хамтран оролцохоо илэрхийллээ. Түүнчлэн хүний нөөцийн хөгжлийн асуудалд анхаарч байгаа Д.Оюунхорол сайдад баяр хүргээд, Монголын дотоодын их, дээд сургуулиудын хөтөлбөрт анхаарах, гадаадын сургуулиудтай хамтран ажиллах, семинар сургалтад оролцуулах, дадлагажуулах зэргээр ялангуяа залуучуудаа сургах боломжтойг тэмдэглэсэн. Аялал жуулчлалын хөгжилд хууль, эрх зүйн орчин үнэхээр чухал. Тиймээс энэ ажлыг үргэлжүүлэн хийхэд зайлшгүй тусалж дэмжинэ гэдгээ хэллээ.
Ноён Талиф Рифай мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ITB Berlin” –ий нээлтэд жуулчдыг эх орондоо урьсан онцгой сайхан үг хэлснийг тэмдэглэж, урьд өмнө Ерөнхийлөгч нь гараад ийм сайхан үг хэлж байсан тохиолдлыг сонсоогүй. Монгол Улс ийм өндөр ач холбогдол өгч байхад Монголын аялал жуулчлалын салбар цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна гэсэн юм.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, Монголын Ерөнхийлөгч болон төр, засгийн хүчин чармайлтыг онцгой сайхнаар үнэлж, дэмжиж байгаа ноён Талиф Рибайд дахин талархаж, зөвлөгөө дэмжлэгийг хүлээн авч ажиллахаа хэллээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай Монгол Улс 1990 оноос хойш нягт хамтран ажиллаж иржээ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.