Ерөнхийлөгчийн гарын бэлэг 118 мянган төгрөгт багтжээ
Сар шинийн баярын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өндөр настнуудад хүргүүлсэн гарын бэлэгний талаар цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн. Жил жилийн цагаан сараар ахмад буурлууддаа цай, ёотон зэрэг аахар, шаахар зүйл өгч сэтгэлийг нь хуурдаг хэмээн иргэд ихээхэн дургүйцэж, цахим ертөнцөд сэтгэгдлээ бичиж байсан.
Тэгвэл энэ жилийн Ерөнхийлөгчийн гарын бэлэг нь нийтдээ 118 мянган төгрөгт багтсан аж. Тодруулбал 9-ийн тоог бэлгэдэж 9 төрлийн зүйл багтаадгаас үүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хонин жилийн шинийн 1-нд зориулсан мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, “Алтан говь” шоколад, цагаан идээний дээж ааруул, ёотон, савлагаатай ногоон цай, цэвэр хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2015” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг багтсан ажээ.
Дашрамд дуулгахад нийт хэдэн бэлэг, хэдэн төгрөгөөр хаанаас худалдан авсан зэрэг мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын шилэн данснаас харж болох ажээ.