Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцав
Хүнсний ногооны гидропоник тариалангийн үйл ажиллагаатай танилцав
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай Монгол Улсын Их Хурлын даргыг тавтай морилохыг хүсээд тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулгав.
Тэрээр танилцуулгынхаа эхэнд Чиба мужийг шинжлэх ухааны загвар хот болгон хөгжүүлж байгаа талаар хэллээ. Мөн Чиба мужид зөвхөн хүнсний ногоо, ургамлын үйлдвэрээс гадна зөгийн аж ахуйн үйл ажиллагаа ихээхэн хөгжөөд байгааг онцлов. Энэхүү Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан нь гэрэлтүүлэг, усалгаа, бордоо, чийгшил зэрэг орчныг нь автоматаар бүрэн хянаж, тасалгааны нөхцөлд хүнсний ногоо тариалах аж ахуй юм. Тасалгааны битүүмжлэлтэй нөхцөлд хөрсөнд тариалалт хийхэд орчныг нь хянах боломж сул, элдэв төрлийн нян бактери үржих нь хялбар байдаг тул Японд ихэвчлэн гидропоник арга буюу усанд ургамалд хэрэгтэй бордоо, шим тэжээлийг уусгасан уусмалыг хөрсний оронд ашиглах технологийг илүүтэй хэрэглэдэг байна.
Гэрэлтүүлгийн хувьд нарны гэрэлд хамгийн ойр энгийн өдрийн гэрэл ашиглах, аль эсвэл эрчим хүчний хувьд хэмнэлттэй улаан болон цагаан, хөх LED гэрлүүдээс бүтсэн холимог гэрэлтүүлгийг ашигладаг аж. Ургамлын хувьд ус ашигладаг, шинэлэг байдлаа удаан хадгалах чадвар багатай /шинээр нь хэрэглэх нь тохиромжтой/, цэцэгт байцаа, буурцаг, улаан лооль зэргийг сонгон авдаг. Сонгон авсан ургамлыг лабораторид үрслүүлж, үндэслүүлсэн нахиаг усан хөрсөн дээр хөвүүлсэн полиестер зөөлөвч дээр жигд зайтай гаргасан нүхэнд нь тааруулан суулгах бөгөөд ургамлын навч нь дээр байрлуулсан гэрэлтүүлгээс гэрлээ авч, полиестер зөөлөвчөөс доош цухуйсан үндэс нь уусмал дотроо сагсайн ургаж шим тэжээлээ авах аргаар ердийнхөөс хамаагүй түргэн өсдөг байна.
Ийм төрлийн 10 гаруй үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулж байна. Энэхүү үйл ажиллагаа хэдийнэ бизнесийн түвшинд хүрч ОХУ-д "Мираи" нэртэй компани байгуулагдан хамтран ажиллаж байна. Энэ технологи нь цаг агаараас үл хамаарах тул хаана ч нэвтрүүлэх боломжтой. Мөн технологиор усыг дахин ашиглах боломжтой учир ус багатай газарт ч нэвтрүүлэх боломж их байна. Энэ талаархи сургалтыг Чиба их сургууль сар бүр явуулдаг. Гидропоник тариалан нь гадны температур, хуурайшил, орчны бусад нөлөөнөөс үл хамааралтай, агуулах, контейнер, ресторан, хүнсний дэлгүүрийн хэрэглэгчид илүү ойр өрөө тасалгааг ашиглах боломжтой, хот дотор ногоон орчин үүсгэх боломжтой, уусмалд зөвхөн органик бордоо уусгах зэргээр ургамалд өгөх шим тэжээлийг удирдах боломжтой, жилдээ олон удаагийн ургац авах боломжтой /жишээлбэл, цэцэгт байцаа буюу летас нь 6-7 долоо хоногт хураахад бэлэн болдог тул жилдээ 7-8 удаагийн ургац хураах боломжтой болно/, өдөрт болон сард авах ургацаа төлөвлөж болдог, ажлын орчинг цэвэр цэмцгэр байлгах, ажиллах хүчинг бүрдүүлэхэд хялбар гэх зэрэг олон давуу талтай юм. Японоос гадна АНУ-д ийм технологийг идэвхтэй ашиглаж эхлээд байгаа талаар тэрээр танилцууллаа.
Танилцуулга хийсний дараа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан эрхлэх хүлэмжийг танилцууллаа.
УИХ-ын дарга энэ төрлийн технологийг ашиглан ургуулсан нарийн ногоо амт, чанарын хувьд хөрсөнд ургасан ногооноос онцлогтой эсэхийг асуухад Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай хариулахдаа, хэдэн жилийн өмнө Японы иргэдэд яг ийм ойлголт байсан. Гэхдээ чанар болон амтны хувьд ямар ч өөрчлөлт байхгүй болохыг хэллээ. Мөн энэхүү технологитой танилцах үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд танилцуулга хийж, илтгэл тавьсан Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч Тококи Козайд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүслээ.
УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвтэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.