ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өчигдөр /2015.02.15/ Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкиныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён С.Е.Нарышкинд бараалхана.
Тэрбээр айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцаж, Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Г.К.Жуковын музейд зочлохын зэрэгцээ “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол”-ын сэдвээр ГХЯ-нд зохиогдох дугуй ширээний уулзалтад оролцох юм. Мөн Халх голын дайнд оролцсон дайчдын үнэмлэхийг БХЯ-нд хүлээлгэн өгнө.
Сергей Евгеньевич Нарышкин 1954 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ленинград /Санкт-Петербург/ хотод төрсөн. 1978 онд Ленинградын Механикийн их сургуулийг инженер-радиомеханикч мэргэжлээр, Санкт-Петербургийн Удирдлагын олон улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.
Тэрбээр 1982 оноос Ленинградын Политехникийн их сургуулийн орлогч ректор, Бельги дэх ЗХУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн зөвлөхийн аппаратад Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны шинжээчээр ажиллаж байсан. 1992 оноос Санкт-Петербург хотын Захиргааны Эдийн засаг, санхүүгийн хорооны хэлтсийн дарга, 1995 оноос Санкт-Петербург хотын “Промстройбанк”-ны гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, 1997 онд Ленинградын мужийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газрын дарга, 1998 онд Ленинградын мужийн Засгийн газрын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар тус тус ажиллаж байв.
2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн удирдах газрын орлогч дарга, 2004 оны 3 дугаар сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын орлогч дарга, 2004 оны 9 дүгээр сараас ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын сайд, 2007 оноос ОХУ-ын Засгийн газрын аппаратын дарга бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, 2008 оны 5 дугаар сараас 2011 оны 12 дугаар сар хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2011 оны 12 дугаар сараас ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын даргаар сонгогдон ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.